М.Тэмүүжин: Нурууны хавдар, нурууны ясны сүрьеэ эрс нэмэгдэж байна

Түгээх    
2018-02-10 10:03:13 - Эрүүл мэнд

“Грандмед” эмнэлгийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эрхлэгч, хүний их эмч М.Тэмүүжинтэй ярилцлаа.

-БИЕИЙН ЖИНГЭЭ НЭМЭХГҮЙ, ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛД
ОРОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Манай улсад нурууны ямар өвчлөл түгээмэл байна вэ?

-Багана нуруу гэдэг маань хүний хамгийн чухал эрхтэн. Алхаж, гишгэж, босоод явахад үндсэн гол тулгуур болдог. Хоёрдугаарт, дотор талдаа нугас мэдрэлийг хамгаалж байх ёстой. Багана нурууны тулгуурын үйл ажиллагааг алдагдуулсан хамгийн элбэг тохиолдож байгаа өвчлөл бол элэгдлийн суурин дээр үүссэн өвчлөлүүд байна. Нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийн шохойжилт, дискний үйл ажиллагааны алдагдал, суулт, мэдрэлийн ёзоор дарагдалт, үений эмгэгүүд, эдгээр нь цаашлаад мэдрэлийн ёзоорыг дарах, хөл рүүгээ орох, хажуугаас нь суулт өгөх, нугасны сувгийн нарийсал зэрэг эмгэгүүд өдрөөс өдөрт маш их нэмэгдэж байна. Үүний хажуугаар нурууны гэмтэл, нурууны хавдрууд ихэсч байна. Дээрээс нь маш их анхаарал татаж байгаа нь нурууны халдвар, нурууны ясны сүрьеэ сүүлийн үед эрс нэмэгдээд байгаа юм.

-Нурууны өвчлөл үүсгэдэг гол эх үүсвэрүүд юу вэ?

-Яг нурууны элэгдлийн суурин дээр үүссэн эмгэгүүдийн шалтгааныг нарийн хэлэх боломж байдаггүй. Тухайн хүний амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, нурууны ачаалал даах чадварыг ямар нэгэн байдлаар алдагдуулаад байгаа амьдралын хэв маягууд байдаг. Тухайлбал, 1-рт хөдөлгөөний дутагдал, 2-рт биеийн жингийн илүүдэл, 3-рт нуруунд хэт их ачаалалтай ажил төрөл хийж байгаа хүчин зүйлүүд нурууны бүтэц, түүний элэгдэх, элдэгдэл бий болох үндсэн суурь болж байна. Халдвар бол түрүүн хэлсэн сүрьеэгийн гаралтай. Сүрьеэгийн тохиолдол Монголд маш их нэмэгдэж байна. Түүнтэй холбоотойгоор уушгины бус сүрьеэгийн тохиолдол дагаад нэмэгдэж байна. 2-рт, гэмтлийн шалтгаанууд байна. Хотжилттой холбоотойгоор маш их хүн Улаанбаатар хотод цугларч байна. Барилга их баригдаж, зам тээврийн осол нэмэгдэж байна. Дээрээс нь авто осол, самар түүх, мориноос унах зэрэг их байна. Мэдээж хүн ам ихсээд ирэхээр биеэ даасан хавдрын тохиолдлууд ихэсч байна.     

-Нурууны өвчнүүдээс хэрхэн сэргийлэх вэ?

-Биеийн жингээ нэмэхгүй, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх, амьдралын зөв хэв маягтай болоод, бодисын солилцоогоо тогтвортой байлгахын тулд хоол, хүнсээ зөв зохицуулаад, суудлын ажилтай бол завсар зайгаар нь өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийгээд, 8 цаг ажилладаг бол долоо хоногт ядаж 1 удаа нөхөн сэргээх дасгал хөдөлгөөн, усан бассейн, фитнесс зэрэг спортоор хичээллэх гэх мэтчилэн анхаарах хэрэгтэй.

-Нурууны хавдар гэж өмнө нь дуулж байсангүй. Юунаас үүдэлтэй вэ?

-Хавдрын шалтгааныг яг нарийн тодорхойлох боломжгүй. Энэ өвчнөөр хичнээн хүн өвчилж байгаа нарийн статистик тоо баримт гараагүй байна. Миний ажилласан 15 жилийн хугацаанд аваад үзвэл хавдрын тохиолдол ихсээд л байна. Нэгдүгээрт, энэ нь бидний оношлох чадвар сайжирсантай холбоотой байж болно. Дээр үед тоног төхөөрөмж одоогийнхтой харьцуулахад тааруу байсантай холбоотойгоор хавдрын эцсийн шатанд нь оношлодог байлаа. Харин одоо хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөөмжүүдтэй болсон. Манайхаар үйлчлүүлж байгаа хүн бүрийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинжилгээ оношлогоо хийхээр хавдрын тоо нэмэгдсэн байж болно. Нөгөөтэйгүүр яалт ч үгүй хүн амын ихсэлттэй холбоотой. Улаанбаатар хотод хүн ам нэмэгдээд л байвал хавдраар өвдөх магадлалтай хүмүүсийн тоо дагаад л өснө.

-Өдөржин компьютер, эсвэл жолооны ард хөдөлгөөнгүй сууснаас хүний нуруунд ямар ачаалал ирэх вэ?

-Судалгаанаас аваад үзвэл хүний багана нуруун дээр ирж байгаа ачаалал тухайн хүний өөрийн байрлалаас хамаарч янз бүр байж болно. Тухайлбал, хэвтэж байхад 25 хувь, зогсож байхад дискний ачаалал 100 хувь, урагшаа тонгойж бөхийхөд 140 хувь, суухад 185 хувь ачаалал өгнө. Машины суудал гэдэг хүний биед яг таатай суудал биш л дээ. Дээрээс нь биеийн жингийн илүүдэлтэй байхад 275 хувь гэх мэтчилэнгээр нэмэгдээд явчихдаг. Суугаа байдал дискэн дээр яалт ч үгүй халгаатай болж байна. Тиймээс ядахдаа суухдаа зөв суусан байх хэрэгтэй. Урагшаа хэт бөхийсөн байдалтай суугаад байвал нуруун дээр ирж байгаа ачааллыг нэмэгдүүлэх үндсэн халгаатай хүчин зүйл. Гэхдээ мэдээж суухгүйгээр ажил хийнэ гэж байхгүй. Нөгөөтэйгүүр, хүний биед дискэн дээр ирж байгаа ачааллыг зохицуулах, бууруулах маш том тогтолцоо ажиллаж байдаг. Энэ бол булчингийн тогтолцоо. Бидний нурууг хэвлий бүсэлхийн булчин хэдэн талаас нь бүс шиг барьж өгч байх ёстой. Гэтэл удаан суусантай холбоотойгоор энэ булчингийн тогтолцоо бүр суларчихдаг. Мөн хэвлий урагшаа унжаад, гүзээтэй болчихоор хэвлийн булчин сулардаг. Тэгэхээр бүх дискний ачаалал үендээ нөлөөлөөд, 1-3 жил гээд удаан хугацаанд явчихаар сүүлдээ эргэшгүйгээр өөрчлөлтөд орж байдаг. Сууж ажлаа хийж болно, гол нь нуруу, бүслүүрийн булчингийн тогтолцоог зөв болгоход чиглэгдсэн нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Залуу хүмүүст шинж тэмдэг илрэхгүй бол таргалахгүй байх, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Гэдсийг л унжуулахгүй байх хэрэгтэй. 

-ХҮН ХҮНИЙ ЯСНЫ АЧААЛАЛ ДААХ ЧАДВАР ӨӨР ӨӨР БАЙДАГ-

-Хөдөлгөөн бага хийдэг хүн огцом хөдөлгөөн хийснээс булчин гэмтэх тохиолдол элбэг байдаг гэж сонссон. Тийм байх боломжтой юу?

-Байна аа. Гэмтээгч хүчин зүйл гэдэг маань тухайн эд дээр гаднаас үйлчилж буй ямар нэгэн физикийн хүчээр шүү дээ. Гэтэл хүний бие организмын эдүүд ямар нэгэн гэмтээгч хүчин зүйлүүд физикийн тэр хүчийг даван туулах, тэнцүүлэх боломжит хэмжээ гэж байдаг. Энэ боломжит хэмжээ нь хүн болгон дээр өөр. Тухайлбал, миний ясны ачаалал даах чадвар нэг өөр, таных өөр шүү дээ. Ачаалал даах чадвар нь дасгалжилттай холбоотой. Хөдөлгөөний дутагдалтай ч юм уу, нурууны ачааллыг даах чадварыг сайжруулаагүй, дасгал хөдөлгөөн хийгээгүй хүн ямар нэгэн байдлаар гэнэт хэт их ачаалал авах юм бол тэдгээр нь дасгал биш гэмтэл болж хувирдаг. Тэгэхээр энэ нь гаднаас нөлөөлж буй гэмтээгч хүчин зүйл болж байгаа юм. Түүнээс сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөнөө тусгай бэлтгэгдсэн багш мэргэжилтний хяналтанд зөв системтэйгээр хийж эхлэх хэрэгтэй. Сайн туршлагатай, 4-5 жил хичээллэсэн хүн 80 кг-ыг өргөж чаддаг байя гэхэд 4 жилийн өмнө 80 кг-ыг өргөж чадахгүй л байсан. Аливаа зүйл багаас л эхэлнэ. Хүмүүс зааланд явж очоод туршлагатай хичээллэгч нарыг хардаг. Тэдэнтэй адилхан хийж болох юм шиг сэтгэгдэл төрдөг. Ингэснээрээ алддаг. Тэгээд дасгалыг огцом буруу техникээр хэт хүнд жингээр хийснээр эдүүд нь  хүнд ачааллыг даах чадваргүй байхад тухайн ачааллыг өгөхөд гэмтээх хүчин зүйл болдог. Энэ яалт ч үгүй өнөөдрийн нийгэмд тохиолдож байгаа харамсалтай зүйл. Энэ нь дасгалжуулалт хэрэгтэй байна гэсэн үг.

-Нуруу татлаа гэж ярьдаг. Ямар тохиолдолд ийм байдалд ордог вэ?

-Нурууны таталт гэхээр нурууны хурц өвдөлтийг хэлж байгаа байх. Нуруу хурц өвдөөд, хажуу тийшээгээ татчихдаг. Энэний ихэнх шалтгаан нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийн урагдал байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бидний багана нуруу нугалам болон нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчүүдтэй. Нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвч гэдэг нь хоёр нурууны завсар байрласан, гадна талаараа олон давхар сонгины хальс шиг бүрхүүлтэй, дотор талдаа хагас гель маягийн шингэнтэй, зүйрлүүлж хэлбэл бамбалзаж хөдөлж байх ёстой. Гэтэл энэ диск нь усаа алдаж, хатаж, уян хатан чанараа алдсан байж байгаад өдөр тутмын амьдралын хэв маяг нь алдагдаад, урагшаа огцом хөдлөхөд гэмтэж болдог. Эсвэл гадна талын бүрхүүл хальс нь урагддаг. Ийм урагдалт бий болоход л бидний нуруу хүчтэй татдаг. Тэгэхээр хүний бие организм өөрийгөө хамгаалахын тулд нурууныхаа булчин шууд механикаар чангалдаг. Тэгэхээр нэг талын булчин хажуу тийшээ чангараад татдаг. Мөн урагдсан байгаа хэсэг дээр ачаалал өгөх гэхээр тэс хэсэгт өвдөөд байдаг учраас дотор талд нь юм хавчуулагдсан юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Тэр хавчуулагдсан зүйл нь юу байдаг юм бэ гэхээр дискний бүрхүүл хальсаа ураад, дотроо ороод ирэхээр урагдсан байгаа хэсэгт ачаалал өгөхөөр цочроод байдаг. Нуруунд юм хавчуулагдчихлаа гэдэг, хамгийн түгээмэл тохиолддог нь нурууны дискний бүрхүүл хальсны урагдал.

-Энэ тохиолдолд оношийг тодруулах ёстой юу?

-Тийм ээ. Гэхдээ нурууны өвдөлтийг нэг талаас нь аваад үзвэл 100-ны 80-85 орчим хувьд харьцангуй энгийн шалтгаантай байдаг. Үлдсэн 10-20 хувьд нь маш ноцтой шалтгаанууд байж болдог. Тухайн ноцтой шалтгаануудад нурууны хавдар, үрэвсэл, нугасны дарагдлууд байж болно. Тэр 10-20 хувьд байгаа ноцтой шалтгааныг алдчихгүйн тулд бид шаардлагатай бүх шинжилгээг хийдэг гэсэн үг. Нийт өвдөлтийн 80 хувь нь ноцтой биш шалтгаан байдаг боловч адилхан шинж тэмдэгтэй байж байгаа хавдартай хүнийг бид алдчихаж болохгүй байна шүү дээ. Тийм учраас оношлогоог нь сайжруулахын тулд MRI зургаар оношлогоо хийгээд, ноцтой шалтгаан байна уу, эсвэл зөвхөн дискний урагдал байна уу гэдгийг шалгаж үзнэ гэсэн үг.

-ДАСГАЛЫН ҮЕД НУРУУ НУГАСАНДАА ГЭМТЭЖ БЭРТСЭН ОЛОН ХҮН ИРЖ БАЙНА-

-Нуруунд гэнэтийн хүчтэй өвдөлт өгснөөр нуруу хөдлөх чадваргүй болдог. Энэ үнэн үү?

-Үнэн. Хамгийн энгийн шалтгаан бол нурууны урагдал тухайн үед маш хүчтэй зовиур өгдөг. Нуруу гэдэг тулгуурын эрхтэн. Босч, ачаалал авах гэхээр мэдрэлийн ширхэгүүд нь нугасны хальсныхаа ширхэгтэй маш ойрхон байдаг учраас хүчтэй хурц өвдөлт өгдөг. Тэгэхээр нуруу нааш цааш хөдлөхтэй зэрэг, бүр эргэх төдийд ачаалал өгөхөөр нугасны мэдрэл, ширхэг, хальсыг цочроодог учраас маш хүчтэй өвдөлт өгдөг. Босч чадахгүйд хүрнэ. Хурц өвдөлтийн ард талд ноцтой шалтгаан байх нь бага байдаг. Харин архаг, удаан явцтай, шинж тэмдэг бүдэг өвдөлтүүдийн ард талд ноцтой өөрчлөлтүүд байх нь элбэг.

-Сүүлийн үед фитнессийн дасгал сургуулилтаа буруу хийсний улмаас гэмтэж бэртэх тохиолдол элбэг гардаг болсон гэсэн.

-Фитнессүүд олширч байгаа нь сайшаалтай. Байрны булан болгонд шахуу фитнесс байна. Энэ нь нэг талаасаа хүмүүсийн хэрэгцээг хангах, хүмүүсийн сонирхол байгаад байгаа учраас тэр байх. Хамгийн дутагдалтай байгаа зүй бол мэргэжлийн дасгалжуулагч байхгүй байгаад байна. Фитнесс гэдгийг нэг талаас нь аваад үзвэл тухайн хүний булчингийн ажиллагааг сайжруулах, жигдрүүлэх сайн талтай. Нөгөө талаас зөв хийж чадахгүй бол эрсдэлтэй. Түрүүн хэлсэн, бэлэн болоогүй байгаа бие организм дээр ямар нэгэн гаднаас өгч байгаа биеийн хүчний ачаалал нь гэмтээгч хүчин зүйл болно. Тэгэхээр хичнээн хэмжээ ачааллыг хэр зэрэг өгөх вэ гэдгийг тухайн хүн өөрөө мэдэхгүй. Тэрийг шийддэг хүмүүс дасгалжуулагч нар байдаг. Одоогийн байдлаар том фитнессүүд дээр мэргэжлийн дасгалжуулагч нар байна. Зарим газар дасгалжуулагч нар үнэхээр дутагдалтай. Тэгэхээр дасгалжуулагч байхгүй байгаа газрууд дээр тухайн хүн өөрийнхөө сэтгэл, зориг, хүсэл тэмүүллээр очоод дасгал хийдэг. Ямар нэгэн зураг, бичлэг ном уншаад хийдэг. Гэсэн хэдий ч тэр нь гэмтэл авах эрсдэлийг бий болгодог. Дасгалын үед нуруу нугасандаа гэмтэж бэртсэн хүмүүс манайд зөндөө ирдэг. Гэхдээ тэр хүмүүсийг буруутгаж байгаа юм биш. Фитнессийг зориод очсондоо үнэхээр баяртай байдаг. Огт хичээллэж байгаагүй хүн шинээр хичээллэхдээ ядахдаа эхний 1-2 сард дасгалжуулагчтай хичээллэх хэрэгтэй. 1-2 сарын дараа тухайн хүний бие организм дасна, ачаалал даах чадвартаа дасна. Тэрний дараа өөрөө өөртөө дасгалаа хийж явах боломжтой байх.

-Ямар тохиолдолд нурууны тэнхлэгийн алдагдал үүсдэг вэ?

-Хүний нурууны босоо тэнхлэг гэж бий. Энэ нь хүзүү, сээр, бүсэлхий хэсгүүдтэй. Хүзүү хойшоо гэдгэр байх ёстой. Бүсэлхий хотгор байх ёстой. Хүний нурууг хажуу талаас нь аваад үзвэл хүзүү хотгор, сээрний бөгтөр, ууцны хотгор гэсэн хэсгүүд нь тодорхой хэмжээнд өөр өөртэйгээ уялдсан өнцгүүдтэй байх ёстой. Хүн болгоных заавал адилхан байх албагүй л дээ. Эхээс төрсөн ясны онцлог, өндөр нам, өргөн бүдүүнээс хамаараад эдгээр өнцгүүд нь өөр өөр байж болно. Гэхдээ эдгээр өнцгүүд нь хоорондоо үргэлж уялдаатай байдаг. Тэнхлэгийн алдагдал гэдэг нь нурууны ар талын булчингийн тогтолцоо ямар нэгэн байдлаар алдагдсантай холбоотойгоор хүндийн төвийн тэнхлэг урагшаагаа шилжсэн байж болдог. Тэнхлэгийн алдагдал нь булчингийн тогтолцооны алдагдалтай холбоотой үүсдэг. Нурууны булчин гэдэг маань нурууг хойш нь зөв байрлалд аваачиж татаж бэхэлж байх ёстой байдаг бол тэр булчингийн үйл ажиллагаа алдагдаж, сулраад эхлэхээр ачааллаа урагш нь алдаад эхэлдэг. Нурууны үндсэн хүндийн төв урагшаа шилжихээр нурууны үндсэн бүтцүүд дээр ирэх ачаалал эрс нэмэгддэг. Тэгэхээр энэ нэмэгдсэн ачаалал нь өдрөөс өдөрт, сараас сард, жилээс жилд дискийг хатаж хуурайших, элэгдэх, эргэшгүй өөрчлөлтөд орох үндэс болдог гэсэн үг. Нурууны тэнхлэгийн алдагдлыг засъя гэвэл нурууны булчингийн тогтолцоог зөв болгох нь хамгийн эхний бөгөөд удаан хугацаанд зовиургүй байх үндсэн гол шалтгаан болно. Хүмүүс бодохдоо физик, нөхөн сэргээх эмчилгээ нурууны булчинг сайжруулах дасгал хөдөлгөөнийг их энгийн юм шиг бодоод нэг их ойшоож авч үздэггүй. Яг булчингийн тогтолцоог зөв болгож байж л нуруун дээр ирж байгаа бүх асуудал бүрэн утгаараа шийдэгдэнэ. Тэнхлэгийн алдагдлыг үүсгэдэг дараагийн зүйл бол төрөлхийн эмгэгүүд байж болно. Ясны гажгууд, холбоосын эмгэгүүд нурууны мурийлтууд байж болно. Эдгээр нь харьцангуй бага байдаг.

-УДААН ӨВДСӨН ХҮНД СЭТГЭЛ ЗАСАЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ-

-Нурууны өвчин удамших уу?

-Удамших эмгэгүүд байж болно. Гэхдээ ховор тохиолдоно.  

-Сандал тохироогүйгээс нуруу өвчлөх үү?

-Өвдөж болно. Сууж байхад нуруун дээр ачаалал илүү ирнэ. Тэгэхээр хүн өөртөө тохирсон сандал, ширээг хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, компьютерийн дэлгэцийг хэт нам дор байрласан биш байх, харах өнцөг компьютерийн дэлгэцтэйгээ нэг түвшинд байх, сандал ширээ суухад өөрт эвтэйхэн, хэт их нугаларсан, хэт их намхан, хэт их өндөр байхгүй байх.   

-Сэтгэл санааны хямралтай хүмүүс нурууны архаг өвчлөлтэй байх нь илүү элбэг гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Маш чухал асуудал. Бид өвдөлтийг архаг, хурц, хурцавтар өвдөлт гэж авч үздэг. Хурц өвдөлт гэж ойролцоогоор сар орчим үргэлжилж байгаа хүчтэй өвдөлтүүдийг  хэлнэ. Хурцавтар өвдөлт гэдэг нь тэрнээс хойш өвдөлт арилахгүй болоод, сар орчим болно. Архаг өвдөлт гэдэг нь ерөнхийдөө хүчтэй биш, гэхдээ дундаас илүү хэмжээнд, 3 сараас дээш хугацаанд үргэлжилсэн өвдөлтийг хэлнэ. Архаг өвдөлтийн цаад гол шалтгаан юунд байна вэ гэхээр хүний сэтгэхүйд өөрчлөлт бий болгож эхэлдэг. Өвдөлт гэдэг субъектив буюу бодит бус ойлголт. Өвдөлтийг хүн яагаад мэдрээд байна вэ гэхээр толгой тэр өвдөлт гэдэг зүйлийг боловсруулаад, энэ өвдөлт шүү гэсэн дохио бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр хурц өвдөлт гэхээр ямар нэгэн байдлаар эдийн гэмтэл үүсээд, толгой руу болохгүй болж байна шүү гэдэг дохиог шууд өгөхөд толгой хүлээж авна. Гэтэл тэр дохиог аажим аажмаар, удаан хугацаанд толгой руу өгөөд эхлэхээр толгой түүнийг сүүлдээ бичээд авчихдаг. Тэгэхээр архаг өвдөлтийн нөгөө нэг асуудал нь толгойд сэтгэхүйн өвдөлт бий болгодог. Бодитой өвдөлтийн шалтгаан байхгүй байхад толгойд өвдөж буй юм шиг мэдрэмж төрүүлээд эхэлдэг. Тэгэхээр архаг өвдөлт үүссэн тохиолдолд үндсэн эмгэгийг эмчлэхээс гадна сэтгэл засал маш чухал байдаг. Нөгөөтэйгүүр хүний сэтгэл санааны байдал гэдэг маань өвдөлтийг хүлээж авах, босоход их хүчтэй нөлөөлдөг.

-Хүн аз жаргалтай байхдаа өвдөлтийг бага мэдэрдэг болов уу?

-Сэтгэл санаагаар унасан, ядарсан үедээ жирийн үед өвдөхгүй байх цочролыг өвдөлт мэтээр хүлээж авдаг. Тэгэхээр хүний сэтгэхүйн байдал, зан чанарын байдал, ажил төрлийн байдал, стресс, аз жаргал тэр бүхэн өвдөлт их байх уу, бага байх уу гэдгийг зохицуулж байдаг. Өнөөдрийн нийгэмд хүн өвдөлтийг илүү мэдрээд байх боломжтой. Тийм учраас удаан өвдсөн хүнд зайлшгүй сэтгэл засал хэрэгтэй. Тайван байх хэрэгтэй. Шөнө нойрондоо сайн болох хэрэгтэй. Энэ олон зүйлээс шалтгаалж өвдөлтийг бүрэн эмчлэх боломжийг бий болгодог гэсэн үг. Тэрнээс зөвхөн нуруу нугас руугаа хандаад байна гэхээр хурц өвдөлтүүд дээр болж байна. Жил, хоёр жил өвдчихсөн улсууд байнга өвдсөнөөсөө болоод сэтгэл санааны стресстэй хэцүү шүү дээ. Тийм тохиолдолд өвдөлтийг эмчлэхээс гадна сэтгэл засал зайлшгүй хэрэгтэй.

-ХҮҮХДЭЭ УРАГШ НЬ БӨХИЙЛГӨӨД НУРУУГ НЬ АЖИГЛААРАЙ-

-Хүүхдүүдэд хүнд цүнх үүрүүлсний улмаас нуруунд нь ямар өөрчлөлт орох вэ?

-Нуруун дээр ирж буй хэт их ачаалал нь эрчимтэй өсч буй бие организм дээр ямар нэгэн байдлаар таагүй нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. Зохиомол буюу хоёрдогчоор нуруу нь муруйх нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Монголд энэ дээр хийсэн нарийн судалгаа байхгүй.

-Хүүхдийн нурууны өвчлөл хэр их байна вэ?

-Өвдөнө өө. Хамгийн элбэг тохиолдох нь нурууны мурийлт. Нурууны муруйлт гэдэг нь нуруу хажуу тийшээ хазайгаад эхэлнэ. Тэгэхээр энэ нурууны муруйлтын ихэнх хувь нь бага насанд буюу 5-6, магадгүй 8-6 насанд дөнгөж эхлээд, өсвөр насанд буюу 12-13 насанд даамжирдаг. Энэ үед нь аав, ээж нь анзаардаг. Гэнэт харсан чинь манай хүүхдийн нуруун дээр юм гарчихаж гэдэг. Овгор зүйл гарч ирж байна гэдэг нь нурууны муруйлт аль хэдийнэ хожуу шатандаа орчихсон байдаг. Тэгэхээр аав, ээжүүд хүүхдийнхээ нурууг тодорхой хэмжээнд ажиглаж байх ёстой. Нурууны хамгийн энгийн буюу Адамын тест гэж байдаг. Хүүхдээ усанд оруулж байхдаа ч юм уу хүүхдээ урагш нь бөхийлгөөд нурууг нь харах ёстой. Ихэнх нь тохиолдолд нуруу хоёр талдаа жигдхэн, нурууны голын хэсэг тэгшхэн байх ёстой. Адамын тест гэдэг нь нэг талдаа овгор ч юм уу гараад ирэхэд нурууны муруйлт үүсээд эхэлсэн байгааг харуулж байгаа юм. Хоёрдугаарт, хүүхдийн мөрний байдал 2 талдаа тэгшхэн байна уу, 2 дал нь тэгшхэн байна уу, 2 эгэм нь нэг талдаа тэгшхэн байна уу, зогсохдоо яаж зогсож байна гэдгийг аав, ээжүүд анзаарч байх ёстой. Ажигч аав, ээжүүд байдаг. Дөнгөж өөрчлөгдөхөөр шалгаад өгөөч гэж ирдэг. Зарим нь анзаарахгүй явснаас оройтох тал байдаг. Бага, өсвөр насны хүүхдэд аав, ээжийн анхаарал их чухал.

-Хүмүүс нуруу өвдлөө гээд бариачид их очдог. Ямар тохиолдолд бариа хийлгэж болохгүй вэ?

-Бариачид очиход буруу зүйл байхгүй ээ. Гол нь ямар бариач дээр очих вэ гэдэг нь чухал. Бариа засал гэдэг маань яалт ч үгүй биеэ даасан шинжлэх ухаан мөн. Нурууны чангарсан булчинг сулладаг, массаж бариа засал болдог. Шинжлэх ухааны үүднээс бид хандаж чадвал татгалзах зүйл байхгүй. Гол нь өнөөдрийн түвшинд ямар ч анагаах ухааны мэдлэг боловсрол байхгүй хүмүүс бариа засал хийгээд байгаа юм. Нурууны өвдөлтийн цаад шалтгаан маш олон зүйл байхад юунаас болж нуруу өвдөөд байна вэ гэдгийг ялгахгүйгээр бүгдэд нь адилхан бариа засал хийгээд байгаа нь эмгэгийг цааш нь даамжруулна. Хамгийн тод жишээ бол нурууны ясны сийрэгжилтийн улмаас үүссэн хугарлууд байдаг. Настай хүмүүсийн яс сийрэгжсэнээр аяндаа нуруу өөрөө хугарчихдаг. Тийм үед гэмтээх хүчин зүйлийн нөлөөнд ороогүй учир хугарсан гэж боддоггүй. Тиймээс бариа засалч нар түүн дээр бариа хийгээд нэмээд  нугалам хугалдаг. Нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвч элэгдээд, хатаж хуурайшсан байхад энийг үнэлэхгүйгээр нурууны хүчтэй блок гаргадаг. Дискийг гэмтээдэг. Бариа заслын анагаах ухаан гэдэг маань биеэ даасан маш том шинжлэх ухаан. 4-5 жил бэлтгэгдэж байж бариа засалч болно. Бариа засал хийхээсээ өмнө нурууны MRI зургийг бүрэн уншаад, ямар нэгэн айхтар ноцтой, гэмтэл бэртэл, хавдар зэрэг байхгүй тохиолдолд хэн дээр бариа хийх вэ гэдгээ өөрөө үнэлдэг хүмүүс байдаг. Би өвчтөнийг бариа засал шаардлагатай гэж үзвэл эмнэлгийнхээ бариа засал, хөдөлгөөнөөр мэргэшсэн эмч нар луугаа явуулна. Хүн болгон дээр хагалгаа хийгддэггүй. Над дээр ирсэн 10 хүний хоёроос гурав нь л зайлшгүй мэс засал хийгдэх шаардлага байна уу гэхээс үлдсэн нь мэс заслын бус аргаар эмчлэгддэг. Дээр нь тариа эмчилгээ хийж болно. Нөхөн сэргээлт, физик эмчилгээ, тэрэн дотроо бариа засал, хөдөлгөөн засал гэж байгаа. Бариа заслыг үгүйсгэх юм биш. Гол нь 45 хоногийн бариа заслын курст явчихаад, нэг удаа рентген харж үзээгүй, зөв оношилж чадахгүй, тухайн хүнийхээ шинж тэмдэг, зовиурыг зөв үнэлж чадахгүй, юунаас болоод нуруу өвдөөд байгааг ялгаж оношлоогүй байж зүгээр бариад байдгийг би хүлээн зөвшөөрөхгүй.     

-ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО ЗӨВ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

-Нуруу эмчилгээ авахдаа “хэр дуулгавар”-тай эрхтэн бэ?

-Яг аль үе шатандаа оношлогдсоноосоо л хамаарна. Эрт үед нь тухайн эмгэгийг оношлоод, зөв арга хэмжээ авбал тодорхой хэмжээнд үр дүн гарна. Хожуу үед буюу ямар нэгэн байдлаар өвчин даамжирсны дараа эмчилгээ хийгдэнэ гэвэл бас аюултай зүйл бий болох боломж бий. Өнөөдөр анагаах ухаан сайн хөгжиж байгаа учраас баргийн өвчлөлийг эмчлэх боломжтой болж байна. Гэхдээ шийдэгдээгүй, шийдэх ёстой асуудлууд зөндөө бий. 

-Та 15 жилийн турш хүний эрүүл мэндийн төлөө ажиллажээ. Энэ хугацаанд хүмүүст эмчилгээ оношлогоо хийхэд хамгийн их тулгамдаж байсан ямар асуудал байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо миний бодож байгаа шиг зөв ажиллаж чадахгүй байна. Эрүүл мэнд гэдэг тухайн хүний хамгийн үнэ цэнтэй зүйл. Гэтэл үнэгүй мэт байна. Социализмын үед үнэгүй гэсэн ойлголт төрчихсөн юм уу, эсвэл улсын эмнэлгүүд нь үнэгүй үзээд байдаг учраас тэгээд ойлгочихсон юм уу. Үүний цаана эсрэгээрээ өвдөх юм бол асар хэцүү. Дээрээс нь мөнгө төгрөг их зарцуулах шаардлагатай болно. Тэр тусмаа Монголд эмчлэгдэж чадахгүй байгаа хүмүүс гадаад улс руу явахад хичнээн төгрөгийн зардал гаргаж байгааг тэд маш сайн мэддэг. Эрүүл мэнд хамгийн чухал юм гэдгийг өвдсөнийхөө дараа, тэр тусмаа Монголд эмчлэгдэх боломжгүй эмгэг туссаныхаа дараа ойлгодог. Өнөөдөр заавал тэр хүртэл явуулах албагүй шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо зөв шийдэж өгөөд, хүмүүс ч ухамсарлаад жилдээ 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгтээ орчихдог, улсын эмнэлгүүд нь хангалттай сайн багаж,  тоног төхөөрөмжүүдтэй байвал болох асуудал. Би эмч нарт буруу өгч чаддаггүй юм. Яагаад гэхээр тэд чинь маш их стресстэй, үнэхээр нэг юмны дутууг нөхөж байгаа улсууд. Улсын эмнэлгийн эмч нар тоног төхөөрөмж дутуугийн хажуугаар асар их ачаалалтай ажиллаж байна. Өдөрт 30-60 хүн үздэг. Үүн дээр зөв бодлого бий болгохын тулд хамгийн түрүүнд санхүүгийн асуудлыг нь шийдээд өгчих  хэрэгтэй. Санхүүгийн асуудлыг шийдэхдээ ард түмнээс мөнгө аваад бай гэсэн үг биш. Тэртэй тэргүй ард түмэн хүссэн ч хүсээгүй ч эрүүл мэндийнхээ даатгалыг төлж байгаа. Монголд эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа бүх хүн өвдөггүй. Тэгэхээр нөгөө даатгалд цугларч буй их хэмжээний мөнгө хаашаа ороод байна вэ. Түүний хуваарилалтыг зөв хийгээд, шаардлагатай эм тарианых нь зардлыг гаргаад өгчих хэрэгтэй. Тэгэхгүй үнэхээр өндөр өртөгтэй эмчилгээ шаардлагатай тохиолдолд түүнд нь тохироогүй хэд дахин бага зардал даатгалаас нь өгдөг. Эсвэл маш бага зардлаар асуудал шийдэгдэх байтал хэтэрхий их өндөр зардал тавьчихдаг. Улсын эмнэлэг нь даатгалаасаа гээд, хувийн эмнэлэгт болохоор даатгалаас гэсэн юм байхгүй. Тэгэхээр улсын эмнэлэгт ачаалал ихтэй байдгаас үүдэн хүмүүс цаг заваа үрэхийн оронд хувийн эмнэлэгт хандах болдог. Хувийн эмнэлэг дээр очихоор халааснаасаа мөнгө төлдөг. Хувийн эмнэлэгт үзүүлснээрээ хүн өнөөдөр шийтгүүлж байгаа шиг зүйл болж болохгүй шүү дээ. Даатгалд төлсөн мөнгөө адилхан л улсын, хувийн эмнэлэг зэрэг аваад, хэн яаж хөгжих вэ гэдэг нь зах зээлийн зарчмаар явах ёстой гэж би боддог.

-Өөрийн ажиллаж байгаа салбарынхаа туршлага, мэдлэг эрүүл мэндийн бодлогын талаар үнэтэй мэдээлэл өгч бидэнтэй ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Д.ЭРДЭНЭТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
2018-05-23 11:52:02 - Хууль
Вьетнам засварын газрууд аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна
2018-05-23 11:40:58 - Байгаль Орчин
Нийт 264.5 мянган га-д тариалалт хийжээ
2018-05-23 11:31:27 - Хууль
О.Баасанхүү гишүүний биед гэмтэл учирсныг шүүх эмнэлэг тогтоожээ
2018-05-23 10:55:54 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-05-23 10:51:50 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна
2018-05-23 10:49:19 - Улс төр
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-05-23 09:46:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2018-05-23 09:37:49 - Энтертайнмент
Д.Ган-Од: Монголчуудын зохион бүтээсэн шиг олон төрлийн модультай ухаалаг цүнх дэлхийд байхгүй
2018-05-23 09:13:50 - Эдийн засаг
Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-21 18:25:42 - Шар
Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон