- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15 - БЯМБА
04.14 - БААСАН
04.13
Намрын чуулган завсарлаж, Төрийн ордон бараг эзгүй байгаа энэ үеэр гэнэт нэг өдөр МАН дотор “Дэвшилтэт холбоо” байгуулагдлаа гэж зарласан. Бүр албан ёсны лого тэмдэг нь хүртэл мэдээлэгдэв. Энэхүү холбооны гишүүдээр Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар нэрлэгдсэн билээ.
Тус холбооны гол зорилго нь, авлигын эсрэг шинэ засаглалын бодлогыг гаргах чиглэлд анхаарах, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн бодлогыг тодорхойлох явдал гэж мэдээлэлдээ дурдсан байв. МАН дотроо өөрийн гэсэн амбицтай, залуу гишүүдийн зураг бүхий эл мэдээлэл түгээгдсэний дараа Н.Учрал гишүүн “Албан ёсоор ийм холбоонд гишүүнээр элсээгүй. Нэг жигүүр байгуулагдсанаараа асуудлыг шийдвэрлэхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн нь анхаарал татаж буй.
Мөнхүү “Дэвшилтэт холбоо” байгуулагдсан талаар мэдээлэгдэх үеэр Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр гадаадад томилолттой явж таарсан. Туслахууд нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй сууж байв. Ямартай ч олон нийт “Дэвшилтэт холбоо” байгуулагдсан мэдээллийг МАН дотроо хагарлаа, бүлэг дотор нь жигүүр үүслээ гэж ойлгосон. Сэтгүүлчийн хувиар анхлан “Эрдэнэт”-ийн асуудлаар асуулт хүргүүлсэн таван гишүүн дээр хоёр бүл нэмэгдсэн учраас У.Хүрэлсүхийн ээлжит тоглолт гэж харснаа ч дурдууштай.
Эдгээр таамгийн аль нь байлаа ч тэд олон нийтэд таалагддаг, тэдний эрх ашгийг хамгаалсан сэдвүүдээр цаашид дуугарна. Л.Энхболд гишүүний ярьснаар Оюутолгойн гэрээ, Тавантолгой тойрсон асуудал, төрийн өмчит компаниудын асуудалд анхаарлаа хандуулах аж. Холбоог гадаад, дотоод явж номын дуу сонссоноороо Л.Оюун-Эрдэнэ гишүүн ахлахаар тогтжээ.
Мөнхүү УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудал авсан хэдий ч эхний хоёр жилээ үндсэндээ өмнөх засгаа муулж, гоншигоносоор өнгөрөөлөө. Одоо МАН-ын том нэр хүндэд найдах биш, хувь гишүүний дүр төрхөө сайтар өнгөлж байж, ирэх сонгуульд үзэх шаардлага гишүүдэд нь тулгарч байна. Тиймээс ч имиж төрхөндөө анхаарсан хэдэн хүмүүсийн нэгдэл гэх ерөнхий дүгнэлтээр “Дэвшилтэт холбоо”-г тодорхойлж болохуйц.
Олон нийтийн хүлээж байгаачлан 65-ын бүлэг дотор зоригтойгоор намын даргаа шүүмжилдэг, бүлгийнхээ уур амьсгалыг удирддаг, Засгийн газрын бодлогыг эрүүл нүдээр хардаг хүмүүс үгүйлэгдэж буй. Ингэж байж ажил арай урагштай явах боломж бүрдэнэ. Наанадаж залуус болон нам дотроо өнгөтэй яваа байдлаа Ж.Энхбаяр гишүүн ямар байдлаар ашиглаж болох вэ гэдгийг ч бодолцох хэрэгтэй мэт.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хуурай дүү нар гэгддэг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар цаашид ямар улс төрийн акци хийх вэ гэдгийг ирэх өдрүүд илүү тодорхой харуулах биз ээ. Тэд намдаа үнэхээр сэрүүлэг болж чадах уу, эсвэл дээр дурдсан улс төрийн богино зайны акциа хийгээд өнгөрөх үү гэсэн асуултууд хариулт нэхэж байна.
Ж.МЯДАГБАДАМ