Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна

Түгээх    
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент

-ДЭЛХИЙН УРЛАГИЙН 400 ГАРУЙ СУРГУУЛИЙН 1600 БҮТЭЭЛ ӨРСӨЛДСӨНӨӨС ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЖ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН-

-Юуны өмнө аравдугаар сарын 11-нд Беверли Хиллз дэх Самуэл Голдвайн театрт Оскарын Оюутны Академийн шагнал гардуулах 45 дахь удаагийн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсынхаа нэрийг кино Академийн түүхэнд дуурсгасан үйл явдал болсон. Алтан медаль хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Энэ тухай өмнө нь төсөөлж байв уу?

-Ийм шагнал авна, түрүүлнэ гэж бодож байсангүй. Зүүдлээ ч үгүй явж. Шагнал гардаж авах үеэр “45 насандаа Оскарын Оюутны Академийн шагнал гардуулах 45 дахь удаагийн наадмын тэргүүн байрыг эзэлсэндээ бэлгэшээж баяртай байгаагаа” хэлсэн. Би тус наадмын ач холбогдлыг мэдэхгүйгээр 45 гэдэг тоо нэг л сайхан санагдаад киногоо явуулсан юм. Тэрхүү бэлгэдэл минь зүүдлээ ч үгүй сайхан амжилтад намайг хүргэсэнд баяртай байна. Энэхүү наадамд өмнө дэлхийн урлагийн топ сургуулиуд оролцдог байсан. Өнгөрсөн жилээс л дэлхийн бүх сургуулийн оюутнууд оролцох үүд хаалга нээгдсэн юм билээ.

-Монгол хүний аливаа зүйлийн утга учир, бэлгэдлийг дээдэлдэг, зөн совинч зан чанар таныг тус наадмын тэргүүн шагнал руу хөтөлсөн байх нь ээ?

-Тийм шүү. Бэлгэдэл, зөн совин намайг яах аргагүй хөтөлсөн. Би тухайн үед хүмүүстэй уулзахдаа “Би ямар азтай юм бэ” гэж хэлсэн чинь зохион байгуулагчид нь “Энэ зүгээр нэг аз биш, үүний цаана чиний асар их хөдөлмөр бий. Зөв цагт зөв газар байж чадсан учраас чи чадлаа” гэж хэлж байсан. Тэд “аз” гэж ярих их дургүй хүмүүс (инээв.сурв). Миний кино дэлхийн урлагийн 400 гаруй сургуулийн 1600 бүтээл өрсөлдсөнөөс гацаарханаа алтан медаль хүртсэн. Уг нь хамт өрсөлдсөн өөр бүтээлүүдэд мөнгө, хүрэл медаль гэж өгөх ёстой байсан ч Олон улсын баримтат киноны төрөлд миний бүтээл ямар ч өрсөлдөгчгүйгээр буюу үнэмлэхүй ялалт байгуулсан. Уралдаанд ирсэн бүтээлүүдэд нийт 700 гаруй шүүгч саналаа өгдөг юм байна. Бүгдийнх нь саналыг авч чадсан.

-“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны гол дүрийн Д.Эрдэнэчулуун эмчийн амьдралаар кино хийх санаагаа анх хэрхэн олж байв. Кино бүтсэн түүхээс хуваалцахгүй юу?

-Анх оюутны мастерын ажлын бүтээлээ сайн хийе, дэлхийн түвшинд хүртэл хийе гэж зорьсон. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Монголынхоо ахуй, соёл, монгол хүний чадварыг харуулсан гэгээтэй бүтээл хийнэ гэж бодсон. Олон ч сэдэв орж ирсэн. Миний дүү Шивээговь суманд эмчээр ажилладаг байхдаа сумын эмч хэрхэн яаж ажилладаг талаар надад маш их мэдээлэл өгдөг байсан. Тэгээд ч би говьд өссөн, ахуйгаа сайн мэдэх учир ийм сэдэв сонгосон доо. Киноны гол дүр болох эмчийг сонгох явцад олон хөгжилтэй явдал тохиолдсон. Хамгийн анх Төв аймгийн Мөнгөнморьт сумын нэг эмчтэй яриад тохирчихсон байлаа. Гэтэл Монгол руу явахын өмнө надтай холбоо барихаа больчихсон. Манай сургууль олон мянган бээрийн алс хол явж кино хийхийг минь дэмжиж, хэрэгтэй гэсэн техник тоног төхөөрөмжөө хүртэл өгөөд байсан юм. Ингээд л хамаг техникээ үүрээд нөхөртэйгээ цуг ямар эмчтэй, ямар баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллах нь тодорхойгүй ч Монгол руугаа зориглон гарсан. Эх орондоо очиж байгаа юм хийж болох байлгүй дээ хэмээн өөрийгөө тайвшруулж явлаа. Тэгээд л найз нөхөд, гэр бүл, ах дүү нар маань өрхийн эмчийн эрэлд гарч, тал бүрээс хайж эхэлсэн дээ (инээв.сурв). Удалгүй нэг найз минь говьд нэг мундаг эмч оллоо гэдэг мэдээ дуулгасан. Ард түмнийхээ дунд гавьяатаар өргөмжлөгдсөн сайхан эмч байсан.

-Анх кино хийх тухай санал тавихад Д.Эрдэнэчулуун эмч хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх утсаар холбогдоход эхлээд их л гайхаж билээ. Аргагүй шүү дээ. Гэв гэнэт англиас явж байна, таны тухай кино хийнэ гэхээр гайхалгүй яах вэ. Сайн ярьж ойлгуулсаны эцэст зөвшөөрсөн. Үүний дараа кино багаа бүрдүүлэх ажилдаа орж, хадам аавынхаа танил хүмүүс рүү холбогдсон. Манай нөхрийн аав “Гоо марал”-ын шагналт кино зураглаач А.Түвшинбат гэж хүн байсан юм. Энэ хүний нэрээр сайхан хүмүүсээр хүрээлүүлсэн баг бүрдүүлсэн дээ.

-УЙЛЖ, ИНЭЭЖ, ХӨДӨЛЖ, АМЬСГАЛЖ БАЙГАА БҮХ БОДИТ АГШНЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ХҮНД ХҮРГЭДЭГТ БАРИМТАТ КИНОНЫ ҮНЭ ЦЭНЭ ОРШДОГ-

-Зураг авалт хэр удаан хугацаанд үргэлжилсэн бэ. Ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байв?

-Зураг авалт арав хоног үргэлжилсэн. Хүндрэл бэрхшээл төдийлөн тулгараагүй. Баримтат кино хийхийн нэг онцлог нь өрнөж буй бүх агшнийг тэр чигээр нь буулгаж авахад оршдог. Тухайн үйл хөдлөлөө буцааж дахин давтана гэсэн ойлголт байхгүй. Эмчид ямар дуудлага ирнэ, түүнийг нь хүлээж байгаад л зураг авалтаа яг дагаж хийдэг байсан. Олон талд нь камер байршуулж, тухайн агшнаас нь хоцрохгүй авна гэсэн үг юм. Энэ нь зураглаачийн маш өндөр ур чадвар шаардсан ажил байдаг. Хажуунаас нь найруулагч, ингэж хөдөл, тэгж ав гэж ярих ямар ч боломж олдоогүй. Үйл хөдлөлөөрөө зааж, хоорондоо ойлголцоно. Маргааш ямар зураг авалт хийгдэх нь ч тодорхойгүй. Учир нь эмчид ямар дуудлага ирэх нь тодорхойгүй шүү дээ. Бид эмчид дуудлага иртэл хүлээгээд л сууж байна шүү дээ (инээв.сурв). Дуудлага ирүүт бүгд дагаж босоод ажилдааа орцгооно.

-Тус киногоороо арваад кино наадамд амжилттай оролцсон. Одоо Оскарын наадамд сойж байгаа тухайгаа дэлгэрэнгүй яривал?

-Өнгөрсөн жил Англид он солигдсоны дараахан хамгийн анхны баярт мэдээгээ хүлээн авч байлаа. Холливудын олон улсын баримтат кино наадамд Оюутны шилдэг бүтээлээр түрүүлсэн учир гуравдугаар сарын 24-нд Холливудын улаан хивсний баярт оролцох урилга хүлээн авсан. Тухайн үед үнэхээр их баярласан шүү. Гурван сар хүлээнэ гэдэг чанга. Тус үйл явлаар шагналын гараагаа эхэлсэн. Оскарын Оюутны Академийн шагнал гардуулах 45 дахь удаагийн наадам бол миний хоёр дахь оскарын шагнал юм. Одоо мэргэжлийн оскарт кино бүтээлээ явуулчихсан байна. Арванхоёрдугаар сард хариу нь ирнэ. Хүлээнэ гэдэг том даваа үлдээд байна. Тус киногоороо нэлээдгүй олон наадмын тэргүүн байрыг хүртээд байгаа. Мэргэжлийн "Оскар"-аас гадна олон наадамд бүтээлээ явуулчихсан байгаа шүү.

-Би өмнө нь “баримтат кино бүтээгээд олон улсын наадмын шагнал хүртэхдээ бус, хойч үедээ зориулсан Монголынх гэх түүх, ёс заншлыг таниулж үлдээх, цаг хугацааг ухрааж, түүхээр аялах боломж олгодог учир хамгийн үнэ цэнэтэй” гэж уншиж байсан юм байна. Таны хувьд баримтат киноны мөн чанар, амин сүнс юундаа байдаг гэж боддог вэ?

-Энэ кино холливудын дэлгэцнээ хоёр удаа гарсан. Үзэгчид, зирийтэл миний киног үзээд өмнө нь хэзээ ч харж байгаагүй үйл явдал дотор орж амьдарч байгаа юм шиг л мэдрэмж төрсөн. Тэр байдлыг нь хараад авсан шагналаасаа илүү том шагнал хүртсэн. Энэ л надад хамгийн том шагнал байсан. Баримтат кино гэдэг амьд, амьсгалтай зүйл. Баримтат кинонд үнэн оршиж байдаг. Уйлж, инээж, хөдөлж, амьсгалж байгаа бүх бодит агшныг тэр чигээр нь хүнд хүргэдэгт үнэ цэнэ нь оршдог. Ийм байдаг учир бий дуртай. Байгаа юмыг элдэв гоёл чимэглэлгүйгээр кино болгоно гэдэг хамгийн сайхан.

-Баримтат кино амьдралаар бүтээгддэг сувдан хэлхээ тасарсан гэдэгтэй санал нийлэх үү. Монголд баримтат киноны жанр аль шатандаа яваа гэж боддог вэ?

-Монголдоо амьдраагүй удсан болохоор баримтат кино ямар шатанд явааг нь үнэндээ сайн хэлж мэдэхгүй байна. Лондонг зорихоосоо өмнө МҮОНТ-д Соёл урлагийн редакцид найруулагчаар ажилладаг байлаа. 1990 оноос хойш баримтат кино хийх үзэгдэл байхгүйтэй адил болсон. Харин баримтат телевизийн нэвтрүүлэг олныг бүтээж байгаа шүү манайхан. Ялангуяа үндэсний телевиз. Яг мэргэжлийн баримтат кино хийгдэх явц удаан бас ховор байгаа юм шиг санагддаг шүү. Тасралтгүй хийгдэж байж, хөгжлийн шинэ шатанд хүрнэ үү гэхээс зогсонг байдалтай байгаа нөхцөлд хөгжил ярих хэцүү. Энэ нь ард түмний буруу биш. Нийгэм ороо бусгаа хэцүү болсон цаг үед баримтат киног олноор хийж, жирийн хүний амьдрал ямар болоод байгааг үзүүлэх ёстой. Бодит зүйлийг баримтжуулан харж байж, “нээрээ бид ийм болчихож одоо ингэх ёстой юм байна” гэж босч ирж, сургамж авах ёстой шүү дээ. Тэрнээс биш нийгмийн хар барааныг үзүүлсэн, эсвэл хэтэрхий хуурмаг амьдралыг үзүүлсэн мөнгөний кино огтоос хэрэггүй. Нийгэм бухимдалтай байгаа учраас л хошин шог гэдэг зүйлийг их үзээд байна. Хошин шог биш үнэнийг харуулсан баримтат киног олноор хийж хойч үедээ өвлүүлэн үлдээхэд төр засаг анхаарах ёстой. Хожим юугаар ч үнэлшгүй том архив болон үлдэнэ.

-Нөгөө талаар гадаад улс орнуудад баримтат кино ямар дэвшил, хөгжилд хүрээд байна бэ?

-Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд баримтат киног дэмжиж хөгжилд маш их ахиц гарч хүмүүст хүргэх үзүүлэх арга замуудыг өргөжүүлэн тэлж байна. Тэрнээс биш баримтат кино ямраас ямар шатанд хүрсэн гэдэг хөгжил ярих нь чухал биш. Харин тухайн улсын засгийн газар ард түмэнд үнэн бодит дүр зургийг үзүүлж буй баримтат кинонд хэр их мөнгө хөрөнгө зарцуулж байна гэдгээр нь хэмжин ярьж болно.

-“ДУРЛАСАН ХҮН” ЖҮЖГИЙГ ДРАМЫН ТЕАТРТ НАЙРУУЛАН ТАВИХАД БАГШ НАР
НАДАД ДИПЛОМ ОЛГОХГҮЙ ГЭСЭН-

-Өнгөрсөн жил хоёр дахь киноныхоо зураг авалтыг хийхээр эх орондоо ирсэн юм билээ шүү дээ. Тус киноныхоо талаар товчхон өгүүлэхгүй юу?

-Өнгөрсөн жилийн наймдугаар сард эх орондоо очсон. Энэ нь хоёр дахь кино биш. “Нүүдэлчдийн өрхийн эмч” кинондоо нэмэлт зураг авсан юм. Богино хэмжээний кино байсныг хоёр дахь зураг авалтаараа бүрэн хэмжээний кино болгосон. Олон кино театруудаар, олон хүнд зорилготой байгаа. Ийм кино хийнэ гэж хэлэхгүй ч нүүдэлчдийн амьдралыг харуулсан цуврал кино хийх төлөвлөгөө бий.  

-Өмнө нь ямар ямар уран бүтээлүүд дээр ажиллаж, хичнээн уран бүтээлээ өлгийдөн аваад байна вэ?

-Би Радио телевизийн дээд сургууль гэж байгуулагдсаны дараа төгссөн анхны төгсөгчдийн нэг. Тус сургуулийн Телевизийн найруулагчийн ангийг УГЗ, УДЭТ-ын ерөнхий найруулагч байсан Б.Баатар багшийн удирдлаган дор анхны шавь болж төгссөн, азтай хүн. Сургуулиа төгсөөд МҮОНТ-д найруулагчаар ажиллаж байгаад Лондонд ирсэн. Тухайн үед дипломынхоо ажлыг зохиолч Батрэгзэдмаагийн “Дурласан хүн” жүжгийг Драмын театрт найруулан тавьж хамгаалж байлаа. Тэр үед яагаад телевизийн найруулагч хүн, драмын театрт жүжиг найруулж диплом авах ёстой юм гэж шүүгж багш нар миний дипломын өгөхгүй дээрээ тулж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүд, улс төрчдөөс эхлээд театр дүүрэн хүн цугларч сонирхсон л доо. Телевизийн редакцид ороод богио хэмжээний олон кино, “Морины тарни” баримтат кино хийж байлаа. Наадам бүрээр энэ кино минь гардаг юм. Мөн УГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар ахтай хамтарч “Цоохор дэлгэц” хэмээх зохиомжит, баримтат цуврал нэвтрүүлэг хийж байв. Одоо бодоход залуу, зоригтой байсан болохоор олон юманд өөрийгөө сорьдог байжээ. Их зүйлийг сурч авсан даа.

-Англид очоод уран бүтээлээсээ хөндийрөв үү?

-Англид ирээд Монголын соёлын төв байгуулсан. Маш олон нэвтрүүлэг бэлдэж онлайнаар цацаж байсан. Англид мэргэжлээ дээшлүүлэх, монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргана гэсэн зорилго өвөртөлж очсон. Тийм учраас сургуульд суралцсан кино урлагийн чиглэлээр мастераа хамгаалаад байна. “Нүүдэлчдийн өрхийн эмч” бол миний хоёр дахь баримтат кино юм. Тэрнээс биш зүгээр явж байгаад, кино урлагт мастер хамгаалаад гэнэт гараад ирсэн хүн биш. Мөн “М.art” нэртэй кино продакшн байгуулаад байна.

-Кино найруулагчдыг мөнгөний төлөө ажилладаг гэж сэрддэг. Үүнийг юу гэж боддог вэ. Мөн Д.Эрдэнэчулуун эмч та хоёр энэ киногоороо олон шагнал хүртэж, чамгүй баяжсан гэх мэдээлэл хүртэл гарсан юм билээ шүү дээ?

-“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино маань арваад кино наадамд амжилттай оролцоод ч тэрхүү нэр хүндтэй шагналыг ямар ч мөнгөн шагнал дагалдаж ирдэггүй. Түрүүлнэ гэдэг нь л өөрөө том нэр хүндийн шагнал. Зарим нь намайг ч, сумын эмчийг маань ч бөөн шагнал аваад баяжсан гэж ойлгосон (инээв.сурв). Харин тэр шагналыг авахын тулд гадны орнууд руу зорьж явна гээд зардал хэрэг болдог юм. Заримдаа очиж авч чадахгүй ч үе гарна. Тэр болгонд сайн найз нөхдийнхөө тус дэмжлэгээр шагналаа өөрийн биеэр гардан авч байсан юм. 

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг Түвшинбатын Адьшаажав гэдэг. “Нүүдэлчдийн өрхийн эмч” киноны продюссерээр ажилласан. Бид хоёр гурван охинтой. Нэг нь Бээжингийн их сургуульд Бизнес эдийн засаг чиглэлээр мастерт суралцдаг, дунд охин минь Лондонд хуулийн сургуульд бакалавраар суралцдаг. Бага охин минь Лондонд дунд сургуульд суралцдаг юм.

-ОЮУТНЫ БҮТЭЭЛ ХИЙНЭ ГЭЭД УЧРАА ОЛОХГҮЙ ЗОГССОН НАДАД КИНОНДОО НЭМЭРЛЭЭРЭЙ ГЭЭД 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨ БАРИАД ИРСЭН Ч ХҮН БИЙ-

-Эх орноосоо хэзээ гарч, харь оронд амьдрах болов?

-Эх орноосоо гараад арваад жил болсон байна. Анх хэлний курст суралцахаар Лондонд ирж байлаа. 2000 оны эхэнд нийгэм тогтворгүй үед бусдын л адил гадаад орон руу хэл, боловсролоо дээшлүүлэх зорилгоор гарсан. Тэр зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байна.

-Таны бага нас хаана хэрхэн өнгөрсөн тухай гэгээн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Миний бага нас Чойрт өнгөрсөн. Аав ээж минь геологич мэргэжилтэй хүмүүс. Тэднийгээ дагаад Дорноговь аймгаар их явдаг байсан. Геологийн ангийнхан Дорноговийн нутгаар малтлагаа хийдэг байсан юм. Чойрт арван жилээ төгсөөд МУИС-ийн Түүхийн ангид элсэн орж төгссөн. Дараа нь телевизийн мэргэжлээр суралцсан даа.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө дурьдвал. Олон шинэ уран бүтээлийн санаа, эрч хүчээр дүүрэн байгаа болов уу?

-Удахгүй эх орондоо очно. Бусад уран бүтээлчидтэйгээ уулзаж, дэлхийн киноны маркетинг хаашаа чиглэ байна, ямар бүтээл хийж яаж өрсөлдөх вэ зэрэг олон сэдвээр хамтарч ажиллаж, сурч мэдсэнээ хуваалцана. Амжилтын үзүүрээс зуураад авсан учир, одоо Монголынхоо түүх соёлыг сурталчилсан бүтээл олныг хийхийг эрмэлзэж байна.

-Монгол найруулагч дэлхийн түвшинд хүрч, дэлхийн чихэнд цуурайтлаа. Цаашид залуу найруулагчид дэлхийн хэмжээнд гарахад чадвар ямар түвшинд байгаа гэж бодож байна. Дэлхийн тавцанд гарах боломж хэр өндөр байдаг вэ? 

-Монгол залууст хангалттай чадвар бий. Харин хэлний боловсрол болон дэлхийн урлагийн системийг эзэмшин боловсрол хэрэгтэй байна. Ямар механизмаар хэрхэн ажиллаж байна вэ, ямар кино хаана яаж хийж, яаж хөдөлмөрлөх ёстой юм бэ гэдэг асуудлууд бий. Наад зах нь зохиогчийн эрхээ яаж авдаг, хэрхэн менежертэй болж, дараа нь ямар шат дамжлагаар оролцох шаардлагатай вэ зэрэг наад захын мэдлэг боловсролыг л эзэмших хэрэгтэй байна. Сүүлийн үеийн Монгол кинонуудыг маш сайхан хийдэг болсон байна лээ. Тэгэхээр хол байна гэж хэлэхгүй. Монголын кино дэлхийн тавцанд гараад эхэлсэн шүү дээ.  

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Заа баярлалаа. Хамгийн сүүлд би хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Кино гэдэг зүйл олон хүний хамтын бүтээл, нөр их хөдөлмөр шингэж байж бүтдэг. Энэхүү уран бүтээлийг би ганцаараа хийчихээгүй, багийн бүтээл юм. Март гэдэг хүн шагнал аваад л, яриад л байгаа хэрэг биш. Баримтат кино бүтэх хүртэл, шагнал авах хүртэл баг хамт олон миний ард байсан. Ерөнхий кино зураглаач Б.Лхагвадорж болон туслах зураглаач Б.Санжид, дууны оператор Н.Бямбацогт, их эмч Д.Эрдэнэчулуун, гэр бүл, хамаатан садан, найз нөхөддөө болон Өндөршил нутгийн зон олондоо гүнээ талрахаж байна. Бүгдийнх нь нэрийг нь дурдаад баршгүй олон хүн бий. Нутагтаа очоод оюутны бүтээл хийнэ гээд, нэг цаас барьчихсан учраа олохгүй зогсоо надад кинондоо нэмэрлээрэй, бензин хийгээрэй гээд 50 мянган төгрөг хүртэл бариад ирсэн хүн бий. Тусалсан хүмүүст гүнээ талархаж байна. Эцэст нь энэ бол Монголын минь ард олны хайр энэрэл юм.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа