- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15 - БЯМБА
04.14
Засгийн газар МАК-ийн цагаан суваргын орд руу цахилгаан татах зэрэг хэд хэдэн компанитай саяхан концессын гэрээ байгуулснаа УИХ-ын гишүүдээс нууцалж байгаа юм. Энэ нь МАН-ын гишүүд өөрсдийн оролцоотой компанийнхаа ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газартай нууц концессын гэрээ хийсэн байж болзошгүй гэж олон нийт хардаж буй юм.
Энэ талаар МАН-ын бүлгийн хурал ч ширүүхэн болсон талаар хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, энэ долоо хоногт хуралдсан МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байгаа” тухай ярьснаас болж МАН-ын бүлгийн хуралдаан ширүүхэн өрнөсөн байна.
2017-2018 оны Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр гэнэтхэн оруулж ирсэн Концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд нууж байсныг МАН-ын бүлгийн гишүүд ширүүхэн шүүмжилсэн байна. Тэдгээр концессын гэрээнүүдээ Засгийн газар ямар компанитай хийсэн нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж “МАК компанид яагаад дахиад концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани концессын гэрээ авсан” хэмээн шүүмжилсэн аж. МАК компани нь Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын компани юм. Тиймээс Ц.Нямдорж “та нарыг ямар холбоотойг мэднэ шүү” гэж загнасан байна. Түүнчлэн бүлгийн хурлаас Д.Тэрбишдагва ахалсан “Засгийн газрын нууц концессын гэрээ”-г шалгах ажлын хэсэг гарсан байна.
Харин концессын гэрээг хариуцдаг газар бол Үндэсний хөгжлийн газар юм. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус газрыг байгуулаад удаагүй байгаа. Тус газар нь үндэсний хөгжлийн үзэл баримтлалд суурилсан эдийн засгийн тэргүүлэх салбар, чиглэлүүдийг тодорхойлж, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого тэр дундаа концес-төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг зөв зохистой төлөвлөх зорилготойгоор байгуулагдсан.
Энэ газар концессын гэрээнүүдийг хэн авсан, хэрэгжүүлсэн, эргэж төлсөн эсэхийг мэддэг. Тус газарт Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэс гэж байдаг. Тус хэлтсийг Засгийн газрын гишүүн, БОНХЯ-ны сайд Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан удирддаг юм байна. Сонгуулийн дараах МАН-ын хийсэн ураг, төрлийн томилгоонуудын нэг нь гэж хэлж болно. Тухайн үед багагүй шүүмжлэл гарч байсан. Түүний удирддаг хэлтсийн харьяанд Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн алба гэж бий. Эндээс харахад эхнэр нь Засгийн газрын гишүүн, нөхөр нь Засгийн газрын харьяа газарт эрх мэдэл бүхий албан тушаалтан. Энд ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил үүсч болохыг үгүйсгэхгүй юм.
Г.Жаргалсайхан нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг байсан бөгөөд сайд Д.Оюунхоролын “Отгонтэнгэр” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирлаар мөн ажиллаж байжээ. Түннчлэн ГХЯ-ны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан аж. Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа шинэ засаг бүрдэж, шинэ газар байгуулахдаа сайд Д.Оюунхорол өөрийн нөхрөө нэлээд эрх мэдэл бүхий албан тушаалд томилуулсан байна. Харин өнөөдөр МАН-ын бүлэг дотор үүнтэй холбоотой нэлээдгүй асуудал үүсээд байгаа аж.
Ж.МАРАЛ