Нийслэлийн болон 19 аймаг, 170 сумын нутаг дэвсгэрт 24064.4 га газар давхардуулан олгожээ

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэхэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонсов.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Тус аудитад БОАЖЯ, Чөлөөт бүсүүдийн захиргаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Газрын алба, Газрын даамал зэрэг газрын харилцааны чиглэлийн байгууллага, албан тушаалтнуудын 2015-2018 оны байдлаарх газар олголт, ашиглалттай холбогдох үйл ажиллагааг хамруулан, холбогдох шийдвэр, нэгж талбарын хувийн хэрэг, баримт материалыг түүвэрлэн шалгасан. Аудитад Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд хамаарах хилийн зурвас газар, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалттай газар зэрэг тусгай хэрэгцээний ангиллын газар олголт болон УИХ, Засгийн газрын шийдвэрээр зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах үйл ажиллагааг хамруулаагүй, хязгаарласан гэдгийг онцлов.

Мөн тэрбээр, аудитаар илэрсэн нийтлэг зөрчилд өгсөн дүгнэлтийн талаар танилцуулсан. Тухайлбал, Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд нь хоорондоо уялдаагүй, давхардсан тоогоор 13 аймаг, 2 чөлөөт бүс болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион Байгуулалтын ерөнхий ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь улсын хэмжээнд газрыг үр ашигтай зөв хуваарилан төлөвлөх, зохистой ашиглах, хамгаалахад эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд 2015-2018 оны хугацаанд шинээр олгосон газрын 51 хувь нь Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй зөрчилтэй байгаа нь хот, суурин газрууд төлөвлөлтгүй, эмх замбараагүй тэлэх нөхцөлийг бүрдүүлж, орчны бохирдол, замын түгжрэл ихсэх зэрэгт нөлөөлж байна. 2015-2018 оны хугацаанд олгосон газрын 12.1 хувь буюу 25015 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй бусдад давуу байдлаар эзэмшүүлж, ашиглуулснаас үзэхэд төрийн байгууллага, алба тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргадаг байх эрсдэлтэй байна. Нийслэлийн болон 19 аймаг, 170 сумын нутаг дэвсгэрт хилийн цэсийн маргааныг шийдвэрлээгүйгээс 24064.4 га газар давхардуулан олгож, улмаар газрын болон өмчийн маргаан үүсэх, төрөөс нөхөн төлбөр олгох зэрэг сөрөг үр дагаврууд гарсныг Тэргүүлэх аудитор тайландаа дурдав.

Түүнчлэн тэрбээр, Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргахдаа дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр газрын хэмжээг үнэ төлбөргүй нэмэгдүүлэн шийдвэрлэдэг зөрчил нийтлэг байгаа нь хуульд заасны дагуу шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна. Иргэн, хуулийн этгээдэд газар шинээр олгох шийдвэрийг үндэслэн газар эзэмшигч, ашиглагчтай гэрээ байгуулах хугацааг хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, газрын гэрчилгээний үнийг зөрүүтэй тогтоосон эрх зүйн зөрчилтэй байгаагаас улс, орон нутгийн төсөвт газрын төлбөр, хураамж бүрэн төлөгдөхгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байхад нийслэлийн болон 16 аймгийн нутаг дэвсгэрт нийт 110 байршилд газрыг зөвшөөрөлгүй ашиглаж, уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулсан зөрчлийг зохих хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. БОАЖЯ-ны кадастрын мэдээллийн сангийн бүртгэл мэдээлэлд сансрын зураг ашиглан 1260 нэгж талбарт дүн шинжилгээ хийхэд Богдхан уулын дархан цаазат газарт 195 иргэн, хуулийн этгээд байнга оршин суух зориулалттай амины орон сууц, нийтийн орон сууц, үзвэр, үйлчилгээний барилга байгууламж барьсан зэргээр дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах зөвшөөрөл олгоход тавих шалгуур, шалгаруулалтын талаар тодорхой зохицуулалтгүйгээс тухайн бүс нутагт газар ашиглуулах үйл ажиллагаанд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчим алдагдахад хүргэж байна. Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс газар олголт хийгдсэн хэдий ч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрынхаа ашигтай чанарыг гаргаж чадахгүй байна гэж байлаа.

Газрын кадастрын нэгдсэн сан бүрдүүлэх талаар салбар хуулиудад тодорхой зохицуулалтгүйгээс улсын хэмжээнд газрын бүртгэл, зураглалыг нэгдсэн нэг мэдээллийн стандартгүй, өөр өөр солбицлын тогтолцоо, программ хангамж эрхлэн хөтөлж байгаагаас улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн тайлан, тоо, бүртгэл үнэн бодитой гарч чадахгүй байна. Чөлөөт бүсүүд, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн суурин бүсийн газрын кадастрын зураглалын мэдээллийн сангийн төлөвлөлт, хөгжүүлэлт хангалтгүй байгаа нь эрх бүхий албан тушаалтнууд давуу байдлаар ашиглах эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд ойн болон усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой үйл ажиллагааг хязгаарласан бүс зөрчин газар эзэмшүүлж, ашиглуулдаг зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Аудитаар 162.3 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 75.4 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 78 сая төгрөгийн зөрчил бүхий 449 байгууллага албан тушаалтанд хугацаатай албан шаардлага хүргүүлж, зургаан төрлийн зөрчлийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, давхардсан тоогоор нийт 237 зөвлөмж холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн гэж тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа дурдсан. Тайлан, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол асуулт асууж, хариулт авсан бөгөөд үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй.

Хуралдаан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар үргэлжлэв. Тогтоолын төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ё.Мөнхбаатар танилцуулсан.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсвийг УИХ-ын төсвийн бүрэлдэхүүнд баталж зарцуулалтыг УИХ-ын төсвийн ерөнхий менежерийн хувьд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын албан ёсны хүсэлтээр зориулалтын дагуу зарцуулж байгаа билээ. Төсвийн энэхүү харилцааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу тус Зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна. Төсөлд “5.З.Улсын Их Хурлын Тамгын газар нь Зөвлөлийн төсвийг батлагдсан төсвийн хүрээнд, зориулалтын дагуу Зөвлөлийн даргаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зарцуулна. 5.4.3өвлөлийн даргын цалин, гишүүдийн урамшууллыг Зөвлөлийн батлагдсан төсөвт туссан цалингийн сан, урамшууллын дүнд багтаан сар бүр олгоно.” гэж ажиллах журамд өөрчлөлт оруулахаар тусгасныг дурдав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтын 8.2 дахь хэсэгт зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос 2, Засгийн газраас 2, Монголбанкнаас 2 хүний нэрийг дэвшүүлж, хараат бус 3 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлж, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилно гэж заасны дагуу Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор зөвлөлийн гишүүдийг томилсоныг онцлон тэмдэглэв.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд нэг гишүүний сул орон тоо гарсан тул нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгыг өдөр тутмын сонинд нийтлүүлсэн. Сонгон шалгаруулалтад оролцохоор О.Бат-Эрдэнэ, Л.Отгонтуяа, Г.Энхбаяр нар өөрийн нэрээ дэвшүүлж, материалаа Байнгын хороонд ирүүлжээ. Эдгээр гурван нэр дэвшигчээс нэг хүнийг тус зөвлөлийн гишүүнээр томилох байсан ч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлэх нэг гишүүний асуудалтай хамт хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн хойшлуулахаар болов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.80] 2020-01-30 11:41:15

Газрын мэргэжилтнүүд нь өөрсдөө газрын наймаачидтайгаа нийлж давхар газрын гэрчилгээ олгоод луйвар хийгээд байгаа шүү.

иргэн [139.5.218.37] 2020-01-29 19:08:25

Ийм их газрыг давхардуулан олгосон юм бол 700м2 газраа миний өмч гэх итгэл маань юу болох вэ?энэ асуудлаар нэг гишүүн үг хэлжээ???????


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.