Х.Хатанбаатар: Халаасны хулгайг өсвөр насны хүүхэд болон 25 хүртэлх насны залуучууд үйлдэж байна

Н.Алтанцэцэг / Хууль

Өнгөрсөн 2019 онд нийслэлийн хэмжээнд 20261 гэмт хэрэг гарсан бөгөөд 2018 оныхтой харьцуулахад 21 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 12 мянган орчим нь өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайн гэмт хэрэг байна. Хулгайлах гэмт хэрэг нь өмнөх оныхоос 27 хувиар, тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэг 66 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм байна.Халаасны хулгайн гэмт хэргийн 86 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг. Өөрөөр хэлбэл, жилд 7-8 мянган гар утсыг хулгайлж, гар утасны худалдагч, барьцаалан зээлдүүлэх газарт борлуулдаг юм байна.

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Баярын үеэр хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Урьдчилан сэргийлэх чиглэлийн ямар ажил хийж байна бэ?

-Цагдаагийн байгууллагаас сар шинийн нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээ болон шинэчлэн батлагдсан гэмт хэрэг зөрчлийн тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн онуудын статистик тоон мэдээллээр орон байранд нэвтэрсэн хулгайн гэмт хэрэг 15988 бүртгэгдсэн. Энэ бүртгэгдсэн тоон мэдээллийг задлаад үзэх юм бол сард 666, өдөрт 22, цаг тутамд нэг гэмт хэрэг бүртгэгдэж байна. Хулгайн гэмт хэргээс болж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нийт 38.058 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 79.6 хувийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Сар шинийн баяр дөхөөд ирэхээр бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг их гардаг. Тухайлбал, Халаасны хулгай, орон байр болон малын хулгай гарах нь нэмэгддэг.

Мал хулгайлах гэмт хэрэг 2905 бүртгэгдсэн. Энэ нь сард 122, өдөрт дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн гэсэн үг. Малын хулгайн гэмт хэргийн улмаас иргэдэд нийт 11.283 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 64.4 хувийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Ерөнхийдөө малын хулгай идэшний үе болон цагаан сарын үеэр их гардаг. Иймээс энэ үед малчид малаа сайн харж хариулж байх хэрэгтэй.

-Халаасны хулгайн гэмт хэрэг автобусны буудал дээр болон томоохон зах худалдааны төвүүдэд нэлээд гардаг. Эдгээр газруудад камержуулалт хэр хийгдэж байгаа вэ?

-Халаасны хулгай автобус болон томоохон зах худалдааны төв болох Нарантуул, Хархорин болон худалдааны төвүүдэд гарч байна. Цагдаагийн байгууллагад сүүлийн хоёр жилийн байдлаар хулгайлах төрлийн 15.988 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг 5083 байна. Энэ нь сард 212, өдөрт долоон хэрэг бүртгэгдсэн байх жишээтэй. Одоо удахгүй цагаан сар болох гэж байгаа учраас иргэд томоохон заххудалдааны төвөөр үйлчлүүлэхдээ өөрсдийнхөө эд хөрөнгийг сайн харж хамгаалж явах хэрэгтэй.

Нийслэл хотын хэмжээнд 300 гаруй камер ажилладаг. Энэ камержуулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага холбогдох газруудтай хамтарч дэвшилтэт технологийг ашиглаж камержуулалтыг тавьж байгаа. Мөн тодорхой цэгүүдэд царай таних камерыг байршуулж туршиж байна.

-Хулгайн гэмт хэргийг насанд хүрээгүй хүүхдүүд үйлдэх тохиолдол цөөнгүй гарч гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халаасны хулгайн гэмт хэргийг өсвөр насны хүүхэд болон 25 хүртэл насны залуучууд ихээр үйлдэж байна.

-Баяр ёслолын үеэр хулгайн гэмт хэрэг ихэсдэг гэж байна. Хулгайн гэмт хэргийн илрүүлэлт хэр байна вэ?

-Өнгөрсөн 2018, 2019 оны байдлаар нийт хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 62.4 хувьтай байгаа. Цагдаагийн байгууллага хулгайн гэмт хэргийг хуулийн хүрээнд илрүүлж ажиллаж байна. Халаасны хулгай ихэвчлэн автобус болон зах худалдааны төвд гарч байна. Хулгай буюу гэмт хэргийн замаар эд зүйлийг худалдаж авах, зүгээр авах, бусад шилжүүлэх нь эрүүгийн хэрэг бөгөөд мөнгө угаах гэмт хэрэг орно.

-Хулгайлагдсан гар утсыг ломбардад зарж борлуулах явдал их байдаг. Энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа олон ломбард бий. Тэдгээрийг тусгай зөвшөөрөлтэй эсэхээр нь ялгаж, журамд оруулж байна. Цаашлаад цахимжуулж, нэгдсэн системд холбох ажлыг хийж байгаа учраас хулгайн утас авахгүй байх нөхцөл бүрдэнэ.


Сэтгэгдэл

зочин [202.179.25.53] 2020-02-06 00:25:56

нэгэнт монголдоо бэлтгэгдсэн сайхан боловсон хүчингүүд байна даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.