СУРВАЛЖЛАГА: Зорчигчдын халууныг үзэж, амны хаалт зүүлгэж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

БНХАУ-д коронавирусын тархалт ихсэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газраас­ нэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарсан. Мөн БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчийн тогтмол болон тогтмол бус тээврийг түр хугацаагаар зогсоосон. Дээрх шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн оюутан, сурагчдын зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Авто тээврийн үндэсний төвөөс зорчигч урсгал нэмэгдэж байгаа хот хоорондын зарим чиглэлүүдэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллажээ.

ДРАГОН ТӨВ АРИУТГАЛЫГ 30 МИНУТ ТУТАМД ХИЙЖ БАЙНА

Хот хооронд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийн ариутгал халдваргүйжилт хэрхэн хийгдэж байгааг бид сурвалжиллаа. “Драгон төв" дээр очиход Ховд аймаг руу зорчих тээврийн хэрэгсэл ариутгалаа хийж, зорчигч нарт амны хаалтыг зүүлгэж, гарыг нь ариутгаж, халууныг нь үзэн суулгаж байв. Мөн амны хаалтгүй иргэдэд даатгалын байгууллага, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч амны хаалт болон ариутгалын бодисыг тарааж өгч байлаа. Мөн иргэдийг онц шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх зөвлөгөө мэдээллийг чанга яригчаар өгч байна.

image

“Драгон төв”-өөр өдөртөө 300-600 мянга орчим иргэн үйлчлүүлдэг юм байна. Тус төв нь халдваргүйжилтийг тогтмол хийж байгаа бөгөөд ариутгалыг 30 минут тутамд хийж байгаа гэнэ. Хичээл сургуулийн үйл ажиллагаа зогсоосон учраас зорчигчдын урсгал нэмэгджээ. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Завхан, Баянхонгорын чиглэлд нэлээд ачаалалтай байсан учраас дээрх чиглэлд 7-15 тээврийн хэрэгслийн нэмэлтээр гаргажээ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН ХУВЬД АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖИЛТИЙГ МАШ САЙН ХИЙЖ БАЙНА

Хот хооронд зорчиж байгаа иргэд “Коронавирусээс хамгаалж амны хаалт зүүж, гараа ариутгаж байна. Нийтийн тээвэрт явж байгаа зарим хүмүүс амны хаалт зүүхгүй байна. Иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлаа хангаж, хувийн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Энэ шинэ коронавирус агаар дуслын замаар халдварладаг гэж байгаа. Иймээс хүн бүр сонор сэрэмжтэй байх ёстой. Хот хооронд явж байгаа тээврийн хэрэгслүүдийн хувьд ариутгал халдваргүйжилтийг маш сайн хийж байна. Мөн иргэдийг хот хооронд явах автобусанд суухаас өмнө халууныг нь үзэж, гарыг нь ариутгах арга хэмжээ авч байна” гэдгийг онцлон хэлсэн юм.

ГУРАВДУГААР САРЫН 2-НООС ОРОН НУТГААС УЛААНБААТАР РУУ ЧИГЛЭСЭН УРСГАЛ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдосоос зарим зүйлийг тодрууллаа.

image

-Хот хооронд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн ариутгалыг хэрхэн хийж байна бэ?

-Ерөнхийдөө хөл хорио тогтоосноос шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг тогтмол хийж байгаа. Даатгалын байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчид амны хаалт, гар ариутгагч зэргийг үнэгүй тарааж өгч байна.

image

Нэгдүгээр сарын 28-наас хойш орон нутаг руу явж байгаа зорчигчдын халууныг нь үзэж, амны хаалт болон гарыг нь ариутгах арга хэмжээг тогтмол авч ажиллаж байгаа. Мөн ариутгах бодисоор хангаад явж байна. Орон нутгийг чиглэж байгаа зорчигчийн урсгал нэлээд нэмэгдсэн. Энэ нэмэгдэлтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвөөс нэмэлт тээврийн хэрэгслийг гаргаж ажилласан. Мөн долоон аймагт 24 цагийн турш хяналтын пост ажиллаж байгаа. Үүнээс гадна зам дундын хяналтыг зохион байгуулж, зорчигчдын халууныг хэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.

-Нэгдүгээр сарын 28-наас хойш орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн гэж байна. Одоо хөдөлгөөн хэвийн болж байна уу?

-Оюутан сурагчдын хичээлийг хаах шийдвэр гарснаас хойш орон нутгийн чиглэлийн ачаалал эрс нэмэгдсэн. Ер нь 50-60 хувиар нэмэгдсэн байгаа. Энэ долоо хоногоос эхлээд ачаалал буурч хэвийн хэмжээндээ орж байна. Гэхдээ гуравдугаар сарын 2-ноос орон нутгаас Улаанбаатар руу чиглэсэн урсгал нэмэгдэх хандлагатай байгаа. Манай байгууллагын зүгээс аж ахуйн нэгжтэй хамтарч орон нутаг талаасаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

-Одоогоор орон нутгийн чиглэлд хэчнээн тээврийн хэрэгсэл явж байна бэ?

-Нийтдээ 67 аж ахуйн нэгжийн мянга гаруй тээврийн хэрэгсэл хот хооронд болон улс хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Одоогийн байдлаар 1250 орчим мэргэшсэн жолооч ажиллаж байна. Жилдээ хоёр сая 600 мянган орчим зорчигч хот хооронд болон улс хооронд зорчдог гэсэн тоон мэдээ байгаа. Өнгөрсөн жил Дархан, Налайхын зам засвартай байсан учраас зорчигч бага зэрэг буурсан.

-Орон нутгийн чиглэлийн ачаалал нэмэгдэхээр хулгайгаар явдаг тээврийн хэрэгслүүд үнэ нэмдэг. Үүнд танайхаас хяналт тавьдаг уу?

-Манайтай гэрээтэй 1000 гаруй тээврийн хэрэгслүүд ачаалалтай үед үнэ нэмдэггүй. Тогтсон үнэ тарифын дагуу явдаг. Хууль бус буюу гэрээгүй зорчигч тээвэр эрхэлж байгаа иргэд аж ахуйн нэгжүүд үнэ нэмэх хандлага ажигладаг. Манай байгууллага тээврийн цагдаагийн албатай хамтарч хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Иймээс иргэд гэрээгүй хууль бус тээврийн хэрэгсэлд суухгүй байх хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байна уу гэдгийг мэдэхгүй суудаг учраас зам тээврийн осолд өртөж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол цөөнгүй гардаг.

-Орон нутгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлыг нь шалгадаг уу?

-Хот хооронд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийг жилд дөрвөн удаа техник хяналтын үзлэг, оношлогоонд оруулдаг. Мөн 24 цагийн турш хурд болон байршлыг нь хянаж ажилладаг. Мөн Авто тээврийн үндэсний төвийн байцаагч нар тээвэрлэлтийн аюулгүй байдал, техникийн бүрэн байдлыг хангаж байна уу гэдгийг давхар хянаж шалгаж, хөдөлгөөнд оролцуулдаг.


Сэтгэгдэл

Mgl [202.126.88.59] 2020-02-06 07:15:15

Xuduuniix xuduuduu xotiinx n xotdoo naash n bitgii oryyl

Зочин [103.57.93.81] 2020-02-06 05:01:56

Дотоодийн урсгалыг бас эртхэ зогсоох нь ур дунтэй бхаа

Зочин [103.57.93.81] 2020-02-06 04:53:48

Халдвар авсан хун 14 хоног дотор илэрэхгуй мэдэгдэхгуй яваад халдвар тархаад байна гэсэн дугнэлтэд Европын орнууд хурээд бгм байна бид тэгэхээр маш сайн дэглэмээ сахиж ханиаж бгаа хунээс хол зайтай байх гараа савандаж угаах нус шулсээ хаяхгуй бх нь чухал

Сайн байна. Ариутгалыг зун хүртэл үргэлжүүлэх хэрэгтэй. [202.131.225.53] 2020-02-06 02:59:21

Сайн ариутгах хэрэгтэй. Гэхдээ хавар болж ДУЛААРАХ ҮЕД өвчний нян наранд гарч илүү тархах аюултай, иймд ирж буй 3,4-р саруудад энэ ариутгалыг илүү сайн хийх хэрэгтэй болох байх.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.