ТОЙМ: Улс төрийн үйл явдал - Өнгөрсөн долоо хоногт (2020.02.03-07)

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд радио, телевизүүдэд үндэсний контентоо хүргэхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.

“Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл туурвихыг Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

(2020.02.03)

Намрын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 42 хууль, долоон тогтоолыг батлуулав

Хууль зүйн байнгын хороо Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа тайланг танилцууллаа. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 14 төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, зургаан танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий зургаан ажлын хэсэг байгуулагдан 66 удаа хуралдсан байна. Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 42 хууль, Улсын Их Хурлын долоон тогтоолыг батлуулсан байна.

(2020.02.04)

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, бие даасан гурван хууль, хамт өргөн мэдүүлсэн гурван хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоолыг батлуулсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Оюунхорол мэдээлэв. 2019 намрын чуулганы хугацаанд харьяа хоёр байгууллагын тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 19 удаа хуралдсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан хуулиудын талаар танилцуулсан юм.

Үүнд:

  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  • Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль
  • Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  • Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль
  • Үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах хуулийг тус тус батлуулжээ.

(2020.02.05)

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа. Улсын Их Хурал 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилсон тогтоол гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилоод байгаа юм.

image

Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

(2020.02.06)

Өргөдлийн байнгын хороо нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд хяналт тавин ажиллав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцууллаа.

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд дөрвөн удаа хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр гурван удаа үүрэг өгч, дөрвөн удаа албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

image

Иргэд, байгууллагаас УИХ-д хандаж намрын ээлжит чуулганы хугацаанд 10421 иргэнээс 818 өргөдөл ирүүлснийг шийдвэрлэн ажиллажээ.

2019 намрын ээлжит чуулганы хугацаанд болон энэ удаагийн парламент бүрдсэнээс хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн гол гол ажлууд:

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдэд анх удаа гүйцэтгэлийн аудит хийлгэв.
  • Химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн хэрэглээнээс хязгаарлав.
  • Туул голыг хамгаалах цагдаа ажиллуулах саналыг тусгах чиглэлээр Засгийн газарт үүрэг өгсний үр дүнд экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэр гарч, Туул голыг хамгаалах бодит эзэнтэй боллоо.
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль бус олборлолт, тээвэрлэлтийг зогсоов.
  • Орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлснээр иргэд хүндрэл багатайгаар орон байртай болно.
  • 1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов.
  • Мал хулгайлах гэмт хэргийн талаар цахим хуралдаан хийж, ялын бодлогыг чангатгах асуудлыг хөндөв.
  • Сурагч, багачууд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэйг сануулж ажиллав.
  • Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулахыг бүрэн хоригложээ.

(2020.02.06)

Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэвлэлийн хурал хийж, Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Байнгын хорооны дарга Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит болон ээлжит бус, 2019 оны намрын ээлжит чуулган завсарлагагүй хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хороо хамгийн их ачаалалтай ажилласныг онцоллоо. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 21 удаа хуралдаж, хуулийн төсөл 29, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 16, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал долоо, хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн 18 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 11 санал, дүгнэлт, зургаан танилцуулга гаргаж, Байнгын хорооны таван тогтоол баталсан. Мөн Байнгын хорооны дарга, гишүүд Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан байна.

(2020.02.07)

Эдийн засгийн байнгын хороо 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцжээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, хуулийн гурван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын есөн төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн зургаан төслийг тус тус хэлэлцэж, 33 санал, дүгнэлт, хоёр танилцуулга, 46 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.

Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх зорилгоор Байнгын хорооны 14 тогтоол баталсан байна. Байнгын хорооны есөн ажлын хэсэг байгуулан 31 удаа хуралдаж, дөрвөн танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Эдийн засгийн байнгын хорооны ажлын албанаас Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл хоёр, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн захиалгаар боловсруулсан хууль, тогтоолын төсөл хоёр, байнгын хорооны даргын оролцсон арван удаагийн уулзалт, ярилцлага зохион байгуулжээ.

(2020.02.07)


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.