​​​​​​​Хуурамч шинжлэх ухааны хөдөлгөөн 40 жил үргэлжилжээ буюу Лысенкоизм

Aдмин / Нүүр

Лысенкоизм нь Трофим Денисович Лысенко, (1898 — 1976) түүний дагалдагчид, Зөвлөлтийн эрх баригчдын зүгээс генетикийн шинжлэх ухааны болон шинжлэх ухаанд суурилсан хөдөө аж ахуйн шинжлэх ухааны жам ёсны хөгжлийн эсрэг явуулсан улс төрийн кампанит ажлын үр дүнд бий болсон шинжлэх ухааны эсрэг урсгал байсан гэж тодорхойлжээ. Мөн удамшлын мэдээлэл хадгалж дамжуулдаг генийн тухай ойлголтыг үгүйсгэхэд чиглэсэн хуурамч шинжлэх ухааны хөдөлгөөнийг түүнийг голлон бүтээгч Лысенкогийн нэрээр Лысенкоизм гэж тодорхойлсон байх нь бий. Лысенкоизмын үзэл санаа 1920-аад оны сүүлээр эхэлж, 1960-аад оны дундуур ерөнхийдөө шинжлэх ухааны үнэнд гүйцэгдэн шувтарсан гэж үздэг.

Лысенкоизмын хуурамч шинжлэх ухааны үзэл санаа нь Ламаркизмаас амьд махбодын олдмол шинж чанарын тухай үзэл баримтлалыг залгамжлан авч, Менделийн удамшил болон "ген"-ийн тухай ойлголтыг няцааж, байгалийн шалгарлын тухай Ч. Дарвины хувьслын онолтой үл нийцэх байр суурьтай байжээ.

Лысенкогийн талынхан хөх тариаг улаан буудай, улаан буудайг арвай болгон хувиргаж болох бөгөөд хогийн ургамал ч аяндаа хүнсний үр тариа болон хувирч байгааг байгаль дээр "байгалийн шалгарал"-аар биш харин “байгалийн хамтын ажиллагаа"-гаар явагдсан болохыг “ажигласан” гэнэ. Үүнийгээ шинжлэх ухааны “нээлт” гэж үзэж, нотолж байжээ. Өөр бас иймэрхүү “нээлтүүд” ч хийсэн бололтой юм билээ. Лысенко энэ “нээлт” бүтээлээ хөдөө аж ахуйн салбарт урьд хожид байгаагүй хөгжил дэвшлийг авчирна гэж үзэж байв.

1928 оноос өмнө хэнд ч танигдаж мэдэгдээгүй байсан агрономич Трофим Лысенко гэгч гэнэт ургамлыг эрлийзжүүлдэг ердийн аргаас өөр замаар тарималын ургацыг эрс нэмэгдүүлэх шинэ арга техник бий болгосноо мэдэгджээ. Тэрээр ЗХУ-д үр тарианы ургацыг ихэсгэх арга техник бий болгосон талаараа батлагдаж нотлогдоогүй олон тооны мэдэгдэлүүд хийж байжээ. Энд vernalization буюу үр тариаг түргэн ургуулах арга, зүйлийн хувьсал, ургамлын төрөл зүйлүүдийн хоорондын эрлийзжилт, олдмол шинж чанарын удамшил, залгаж ургуулах арга зэрэг оржээ. Тэр эдгээр арга техникээрээ барууны генетикчдийн номлол буруу болохыг “нотолж”, тухайн организмын олдмол онцлог шинж чанар нь уг организмын удам угсаанд дамжих боломжтой гэсэн Ламаркийн ойлголтыг зөв гэсэн байна.

  1. Лысенко улаан буудайн үрийг бага температурт, чийг ихтэй орчинд ургуулж дасгасанаар үр тарианы ургацыг гурав, дөрөв дахин нэмэгдүүлж болно гэж мэдэгджээ. Хүйтэн болон чийгийн нөлөөлөл нь намар суулгасан өвлийн үр тарианд тохиолддог ердийн зүйл боловч vernalization арга нь ийм нөлөөллийн эрчмийг нэмэгдүүлэх замаар буюу, тухайлбал цасан бүрхүүлтэй хөлдүү талбайд дэвтээсэн үрийг шууд тарих замаар ургацыг ихэсгэдэг гэж баталж байжээ. Үнэндээ энэ арга техник нь ердөө ч шинэ зүйл байгаагүй бөгөөд түүний амласанаар ургац нэмэгдээгүй болно.
  1. Тэрбээр нэг зүйлийн Triticum durum (хаврын улаан буудай) -ийг 2-4 жилийн хугацаанд намар тарьж ургуулснаар Triticum vulgare (намрын улаан буудай)-д хувиргах боломжтой гэж мэдэгджээ. Харин тухайн үед барууны генетикчид Triticum durum нь 28 хромосомтой тетраплоид, Triticum vulgare нь 42 хромосомтой гексаплоид байдаг тул үүнийг боломжгүй гэдгийг мэддэг байсан байна.
  1. Өөр нэг Лысенкоист болох В.Н.Яколев гэгч Мичуриний цэцэрлэгт хүрээлэнд Зөвлөлт Холбоот Улс анх удаа алим - лийр, чавга - тоор, интоор - чавга, улаалзгана - үхрийн нүд зэрэг жимсний модны эрлийзийг гарган авлаа гэж мэдэгджээ. Харин Чарльз Леон (Charles A Leone, University of Kansas, Lawrence) 1952 онд зарим иймэрхүү эрлийзүүд олон жилийн турш ашиглагдаж байгааг дурьдсан байна. Баруунд зарим туршилтыг давтан хийсэн боловч батлагдаагүй учраас цаашид нарийвчлан судлах хэрэгтэй гэж Леон үзэж байжээ.
  1. Лысенко 1948 оны Зөвлөлтийн Биологи нэртэй номондоо төмсний булцууны нахиа, цэцэг, эсвэл “нүд” зэргийн "эцэг, эх организмын бие махбодийн олдмол хэсгүүд нь дандаа олдмол удамшлын шинж чанартай байдаг" гэж бичсэн бөгөөд ингэж Ламаркийн олдмол шинж чанарууд хэрхэн удамшиж байгааг нь ургамал дээр “баталлаа” гэсэн байна. Леон эдгээр нь үнэндээ соматик мутац байсан гэж хэлээд Оросын генетикч Т.Асеевагийн 1927 онд төмсний нахианы мутацийн талаар хийсэн бүтээлийг иш татсан байна.
  1. Лысенко модыг залгаж ургуулахад шинээр ургасан мод эх модныхоо удамшлын шинж чанарыг үргэлж өөрчилдөг гэсэн байна. Харин энэ нь ургамлын жирийн л эрлийзжилт байжээ. Леон барууны ертөнцөд тоорыг интоор дээр гэх мэтчилэн олон ургамлуудыг хооронд нь залган ургуулсан судалгааны нарийн ажлуудад ч энэ үзэгдэл урьд өмнө хэзээ ч ажиглагдаж байгаагүй гэдгийг хэлжээ.
  1. Лысенко нь И. В. Мичурины залгаж ургуулах аргын мөн чанар нь гадны хүчин зүйлүүд жимсний модны сортуудыг сайжруулж чадсанд оршино гэсэн байна. Мичурины санаа бол зургаа, долоон жилийн турш ургаж мөчирлөсөн, жимслэх болоогүй залуу модонд хуучин модны нахиаг залгаж ургуулах санаа байв. Мичурин ийм мод "хорин жилдээ" жимслэхгүй ч харин түүний залгаж ургуулсан мод нь "хоёр жилийн дотор" жимслэсэн гэж бичжээ. Леон энэ талаар Мичурины хэлсэн үг нь "сонин байна" гээд, хамгийн удаан жимслэдэг мод бол лийр бөгөөд ер нь бараг бүгдээрээ найман настайдаа жимслэдэг гэжээ. Тэрээр Мичурины маш удаан ургадаг жимсний модны талын ажиглалт нь Хаант Оросоос өвлөгдсөн хөдөө аж ахуйн хоцрогдсон байдалын тусгал байх гэж хэлсэн байна.

И. И. Презент Зөвлөлтийн суртал ухуулгын машиныг ашиглан энэ хүнийг олон нийтийн анхаарлын төвд авчирч, түүнийг шинэ, хувьсгалт хөдөө аж ахуйн арга техник боловсруулсан суут ухаантан хэмээн дүрсэлжээ. Лысенко олны танил болсон нь түүнд генетикийн онолыг үгүйсгэж, өөрийн газар тариалангийн “практик амжилт”- ыг сурталчлах боломж олгов. Намын хяналтанд байдаг сонинууд Лысенкогийн "практик амжилт”- ыг алга ташиж хүлээн авчээ. Лысенко мөн Зөвлөлтийн шинжлэх ухааны байгууллагуудын захирал, даргаар томилогдон ажиллаж, төрийн дээд шагналуудаар шагнагдсан байна. Лысенкогийн "газар тариалан дахь хувьсгал" нь шинжлэх ухаанаас хамаагүй илүү хүчтэй суртал ухуулгаар дэмжигдэж байлаа.

И. В. Сталин энэ кампанит ажлыг дэмжиж байв. Энэ нь аргагүй юм байж. ЗХУ-д 1930 – аад оны үед үй олон тариачдыг хүч хэрэглэн хамтралжуулснаар тарималын ургацын хэмжээ ихээхэн буурч, тэр дотроо үр тариа маш бага хэмжээгээр хураан авах болсоноор ард олон нь өлсгөлөнд нэрвэгджээ.

Энэ үед Лысенко үр тарианы ургацыг олон дахин нэмэгдүүлэх шинжлэх ухааны шинэ арга технологи бий болголоо гэж зарлаж сурталчилсан нь Сталинд тун сайхан сэтгэгдэл төрүүлжээ. Ийм ч учраас Лысенкогийн “нээлт, бүтээл”- ийг хүлээн зөвшөөрөөгүй Зөвлөлт холбоот улсын 3000 гаруй биологичдийг ажлаас нь халж, заримыг нь бүр шоронд хийв. Мөн Лысенког эсэргүүцсэн олон эрдэмтэдийг шинжлэх ухааны “дайсанууд” гэж үзэн тэднийг дарах зорилгоор зохион байгуулсан кампанит ажлын үеэр цаазаар авчээ. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн Николай Вавилов шоронд хоригдож тэндээ нас барсан байна.

Ийнхүү Зөвлөлт генетикийн шинжлэх ухаан 1953 онд Сталиныг нас барах хүртэл зогсонги байдалд орж улмаар устгагдах хэмжээнд тулж очжээ. Сталиныг нас барсны дараа шинэ удирдагч Н. С. Хрущев Лысенког албан тушаалд нь хэвээр үлдээв. Гэсэн хэдий ч Зөвлөлт засгийн удирдлага эрдэмтэд Лысенког шүүмжлэхийг тэвчиж, сонсож эхэлсэн байна. 1962 онд Зөвлөлтийн хамгийн нэр хүндтэй физикчид болох Я. Б. Зельдович, В. Л. Гинзбург, П. Л. Капица нар Лысенкогийн эрдэм шинжилгээний ажлыг хуурамч хэмээн зарлав. Тэд мөн Лысенко нь өөрийг нь эсэргүүцсэн шинжлэх ухааны хүрээнийхнийг дуугүй болгох, устгах зорилгоор улс төрийн хүчийг ашиглаж байгааг зэмлэн буруушаав. 1964 онд нэрт физикч А. Д. Сахаров ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Их чуулган дээр Т. Д. Лысенког Зөвлөлтийн биологи, тэр дундаа генетикийн шинжлэх ухааны хөгжилд асар их хор хохирол учруулсан, хуурамч шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлсэн, тухайн шинжлэх ухааны мэрэгжилтэн бэлтгэх үйл ажиллагааг зогсоосон, олон эрдэмтэн судлаачдын нэр төрийг гутаан доромжилсон, баривчилан шоронд хорьсон, бүр заримыг нь буудан хороосон зэрэгт хариуцлага хүлээлгэх ёстой гэж шүүмжилжээ.

Ингэж ЗХУ-ын шинжлэх ухааны салбарт генетикийн шинжлэх ухааны жам ёсны хөгжлийг сааруулсан Лысенко, түүний дагалдагчид санаачилсан, Зөвлөлтийн эрх баригчид оролцсон хуурамч шинжлэх ухааны хөдөлгөөний 40 орчим жил үргэлжилсэн гунигтай түүх төгссөн байна.

Өнгөрсөн жил буюу 2019 онд болсон манай салбарын хэмжээнд болсон үйл явдлуудаас харахад, өнөөдөр манай улсын шинжлэх ухаан хөгжлийнхөө эрчимтэй үе рүү орж магадгүй гэж итгэж хүлээсэн цаг үеийн босгон дээр ирээд байх шиг байна. Энэ үед бид бий болох гээд байгаа боломжийг алдаж боломгүй санагдана. Хөрш орнуудад болоод өнгөрсөн гашуун түүх бидэнд сургамж болох учиртай.

Сүүлийн хэдхэн жилийн дотор болж өнгөрсөн шинжлэх ухааны салбарын бүтцийн өөрчлөлт, байгуулагдсан лабораториудын багаж, тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, салбар шинжлэх ухааны сонголт, харьцаа, судлаачийн ажлын үнэлэмж зэрэг олон арван асуудал буруу тийшээ эргэж магадгүй шинж тэмдэг үзэгдэх болов. Ийм ёс бус зүйлүүдийг гарахаас сэрэмжлүүлэх үүднээс Лысенкогийн тухай гашуун түүхийг түүвэрлэн бичив.

Шинжлэх ухааны академи

Хими, химийн технологийн хүрээлэн

Т. Ган-Эрдэнэ


Сэтгэгдэл

З00 [202.126.89.208] 2020-02-16 17:38:33

Хүмүүс санаа авууштай зөв үгүүлэл байна. Монголд ш у харьцангуй сатааралтай үед цагаа олжээ. Ийм үгүүлэл хүиүүст санаа өгнө. Бачр хүргэе.

Зочин [103.212.119.121] 2020-02-15 02:51:20

Түүх бол түүх л болохоос шинжлэх ухаан биш шүү дээ. Түүхийн хронологийг дэс дараатай болгохын тулд судлаачдийн нөр хөдөлмөр түүхийн мэдлэгийг үнэлэхийн тулд түүнд оноох цол хэргэм олгох тэр хүнийг алдаршуулах асуудал гарсан байх л даа. Хүн төрөлтний бүтээснийг судлах, байгаль ертөнцийн зүй тогтлыг судлар эрс ялгаатай байх л даа. Адилхан цол хэргэм олгосон эдүгээ анзаарагдах болжээ. Дуучныг гавьяат жүжигчин цол олгохтой агаар нэг юм.

Зочин [64.119.17.37] 2020-02-14 23:58:40

Нарийн шинжлэх ухаан салбар ийм байхад түүхийн ш.у.гэж шал худал байхаа.

зочин [122.201.24.217] 2020-02-14 17:16:29

Түүхийн хүрээлэнгийн захирал Чулуун гэхэд л хуурамч бүтээлийн жагсаалтаар акадзмич авсан, суурь судалгааг устган каталог, албум үйлдвэрлэхийг судалгаа гэж үзэн түүхийн ухааныг устгаж байгааг олоньнийт харсаар л байх уж

яасан ч [82.254.1.159] 2020-02-14 17:13:32

жаахан цэгцтэй, найруулгатай бичмээр байна шүү. академич хүн байна даа, энэ чинь. 2019 онд яг чухам ямар аятайхан юмнууд болсон гэж үзсэнээ хэлэхгүй болохоор юу болсныг уншигч би гадарлахгүй байна.

Zochin [202.126.89.9] 2020-02-14 16:13:25

Либерал, либеритар үзэл гээд л солиордог улсууд баахан дөвчигнөж байснаа бас л үнэнд гүйцэгдээд намжив бололтой

Дарь [103.57.93.216] 2020-02-14 15:29:33

Овоо шүү. Гайгүй юм биччихаж. Шинжлэх ухаанд шинжлэх ухаанч биш, мулгуу хүмүүс олноороо орсон байгааг цэгцэлмээр л байна. Хэцүү хэцүү. Тэгэхгүйгээр, гайгүй ухаантай хүмүүсээ гэр өргөлтөөр нухчаад байх байхаа

Марь [194.228.32.194] 2020-02-14 16:51:54

Тиймээ тийм. Хүрээлэнгүүдээс ганц овоо нь энэ химия-ийн хүрээлэн юм байдаг шүү. заа бусад нь хоосон эрэгдэлээр эрэгдүүлээд бна даа.

Зочин [64.119.20.210] 2020-02-14 15:19:01

манай одоогийн энэ олон докторууд бvгд иймэрхvv нээлт бvтээл хийгээд цол хамгаалчихсан гарууд байгаа!!

Иргэн [139.5.218.142] 2020-02-14 14:50:58

Манай шинжлэх ухааныхан бас хэцүү шүү. Үзмэрч , гал гаргагч гээд шившиг болохоор юм ихтэй.

зочин [124.45.101.202] 2020-02-14 14:44:52

Монгол улсад шинжлэх ухаан гэж байгаа юу?

ганбаа [59.153.115.238] 2020-02-14 14:16:47

Эрх мэдэлтэн бөгөөд худалчидад буй сөрөг эрчмийг ялан дийлэх ертөнцийн өгөдөл байсан ба байгааь ИТГЭ...

Зочин [202.21.107.76] 2020-02-14 13:46:15

Монголын шинжлэх ухааны салбар ухралтанд орчихоод байна. Өнгөрсөн үеийн ололттойгоо хөл зэрэгцээд, суурь судалгаагаа биш, санхүү талаасаа ч гэсэн залуу хойч үеэ дэмжихгүй байнаа ШУА-ийн хүрээлэнгийнхээн

Зочин [202.179.31.91] 2020-02-14 13:05:56

Зөв шүү.

Зочин [64.119.27.54] 2020-02-14 11:40:33

Ганц химийн хүрээлэн бус анагаах боловсрол гээд олон салбардах гажуудлыг яаралтай засах хэрэгтэй

Зочин [192.82.72.42] 2020-02-14 07:40:09

маш зөв.

Зочин [172.58.139.166] 2020-02-14 07:32:12

Himiin hureelen dan erliiz hurliizuud

Зочин [103.57.94.132] 2020-02-14 17:05:23

Та сайхан шударга гэгч нь нэрлээд нэрлээд явчихаач, зориг байна уу эрхэм ээ, хохохо

Зочин [203.169.49.105] 2020-02-14 07:11:46

Браво


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.