0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд энэ сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгоно

Н.Алтанцэцэг / Улстөр

Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: УОК-ын 11 дэх удаагийн хуралдаанаар халдвар авсан иргэнтэй хавьталд орсон иргэдийг олж тогтоон, тусгаарлан, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Францын иргэнтэй хавталд орсон иргэдийг олж тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажлыг яаралтай хийх шаардлагатай ажлын хэсэг гарсан байгаа. Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон. Олон улсын нислэг болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоох талаар шийдвэр гарсан.

ХАЛДВАРТАЙ ХҮН ГУРВАН ӨДӨР ХАЛУУРСАН, БИЕИЙН БАЙДАЛ НЬ САЙНГҮЙ БАЙГАА

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Францын иргэн 57 настай иргэний шинжилгээний хариуг мэдэгдсэн. Өнөөдөр 06:00 цагт УОК албан ёсоор мэдэгдсэн. Энэ хүн гуравдугаар сарын 2-ны өдөр онгоцоо Улаанбаатар хотод ирсэн. Гуравдугаар сарын 2-6-ны хооронд Улаанбаатар хотод байсан. Энэ сарын 6-ны орой Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явсан.

Тэнд очсон хойно нь түүний эрүүл мэндийн байдалд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байгаа. Шинжилгээний хариу өнгөрсөн шөнө гарсан. Шинжилгээний хариу эерэг буюу коронавирусын халдвартай гэж гарсан байгаа. Энэ хүн Улаанбаатар хотод 40 гаруй хүнтэй, орон нутагт 80 гаруй хүнтэй тулж уулзсан гэсэн мэдээлэл байгаа. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Шинжилгээний хариу гаргахаар монгол хүнд халдварласан байна уу гэдэг нь тодорхой болно. ХӨСҮТ-ийн эмч нар явсан байгаа. Халдвартай хүн гурван өдөр халуурсан.биеийн байдал нь сайнгүй байгаа. Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх, гэр бүлд халдвар тарахаас сэргийлж 3-аас дээш болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа" гэлээ.