Коронавирусын халдвартай иргэнийг дагуулж 30 обьектоор явсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Н.Алтанцэцэг / Хууль

Монгол Улсад коронавирусын анхны тохиолдол энэ сарын 10-нд Дорноговь аймагт бүртгэгдсэн. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн Аэрофлотын онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр коронавирус илэрч, Дорноговь аймагт тусгаарлах арга хэмжээ аваад байна. Дорноговь аймгийн хувьд орох гаргах хөдөлгөөнийг бүрэн хааж, аймгийн хэмжээнд 23 пост 100 гаруй алба хаагч ажиллаж байгаа юм. Мөн аймгийн хэмжээнд 90 хүн тусгаарлажээ.

Коронавирусын халдвар илэрсэн Францын иргэн галт тэргээр Дорноговь аймагт очсон. Тус аймагт очоод нэг ч хүнтэй уулзахгүйгээр шууд Улаанбадрах сум руу явжээ. Тус суманд очоод халуурсан учраас эмнэлгийн байгууллагад дуудлага өгч анхны тусламж хүссэн бөгөөд эмчийн үзлэгээр коронавирусын сэжигтэй тохиолдол байсан учраас тусгаарлах арга хэмжээ авчээ. Мөн дуудлагаар очсон эмчийг тусгаарлаж, нэгдүгээр хавьтагч нарыг бүгдийг олж тусгаарлаад байна.

Тухайн франц иргэнийг Нисэх онгоцны буудалд буухад нь өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмжийг өгч, Баянгол зочид буудалд буулгасан боловч тэрбээр зөвлөмжийг дагахгүйгээр Улаанбаатар хотод 30 обьектоор орсноор нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоожээ.

ХАЛДВАР АВСАН ХҮНТЭЙ 2,3 ДУГААР ХАВЬТАЛ БОЛСОН БОЛ ӨӨРСДИЙГӨӨ ЯАРАЛТАЙ ГЭРТЭЭ ТУСГААРЛАЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Дорноговь аймагт илэрсэн COVID-19-ийн тохиолдол нь гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Гуравдугаар сарын 2-ноос 6-ны хооронд Баянгол зочид буудалд байрлаж байгаад 6-ны орой Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явсан. Тэнд очсон хойно нь түүний эрүүл мэндийн байдалд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн. Улаанбаатар хотод байрлах түүний ажлын байрны үйлчилгээнд өртсөн 43 тохиолдлыг илрүүлэн шинжилгээний хариу гартал гэрт нь тусгаарлаж ажиглалтад авсан. Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ойрын хавьтал болсон 60 хүнийг ч тэнд нь тусгаарлалтад оруулсан. Эхний хавьтлын 123 хүнийг хатуу дэглэмийн тусгаарлалтын бүсэд ажиглалтад авч, ойр ойрхон лабораторийн шинжилгээ хийнэ. Үүний зэрэгцээ халдвар авсан иргэнтэй онгоцонд явж ирсэн ойрын суудлын хүмүүсийг ч тусгаарлана. Иргэдэд хандаж хэлэхэд, хэрвээ тухайн халдвар авсан хүнтэй 2,3 дугаар хавьтал болсон бол өөрсдийгөө яаралтай гэртээ тусгаарлаж, ажиглалт авч шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй" гэдгийг хэлсэн юм.

ФРАНЦЫН ИРГЭН ЭНЭ САРЫН 2-НЫ ӨДӨР БУЯНТ-УХААД БУУСАН ДАРУЙД ХАЛУУНЫГ НЬ ҮЗЭХЭД ЯМАР НЭГЭН ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ УЧРААС ТУСГААРЛААГҮЙ

Харин салбарын сайд Д.Сарангэрэл: Аль ч улсын иргэн энэ вирусын халдварыг авах эрсдэлтэй байна. Тухайн иргэнийг Франц улсын Марсель хотод байхад өвчний тохиолдол бүртгэгдэж байсан юм билээ. Францын иргэнийг оруулахгүй байж болоогүй юм уу гэдэг асуултыг сэтгүүлчид тавьж байгаа. ДЭМБ-аас БНХАУ, БНСУ, Япон, Иран, Итали зэрэг таван оронд коронавирус голомтлон гарч байна гэж үзсэн. Харин Герман, Франц зэрэг бусад орны тухайд голомтлон гарч байгаа тохиолдол бүртгэгдээгүй. Иймээс УОК-оос шинэ төрлийн коронавирус гарсан таван орны иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхгүй байх. Хэрэв ирэх бол 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан. Халуурсан, ханиасан эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл шууд тусгаарлаж байгаа. Францын иргэн гуравдугаар сарын 2-ны өдөр Буянт-Ухаад буусан даруйд халууныг нь үзэхэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тиймээс тусгаарлаагүй. ДЭМБ-ын ажилтнууд Францын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн нь үнэн. Одоогоор тэдгээр хүмүүс шинжилгээ өгөөд тусгаарлагдсан байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

МОНГОЛ УЛСЫН ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН 5.13 ЗААСНЫ ДАГУУ ШИЙТГЭЭД ЯВНА

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хууль ёсны шаардлага биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Коронавирус илэрсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас нэгдүгээр хавьтагч иргэдийг олж тогтоох ажлыг сэжигтэй тохиолдол гарсан өдрөөс эхэлж бүртгэлжүүлсэн. Энэ дагуу бүртгэлээ ЭМЯ, ХӨСҮТ хамтарч хийсэн. ХӨСҮТ-өөс тусгаарлаж хяналтад оруулах шаардлагатай гэж үзсэн иргэдийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байгаа. Хүний амь настай холбоотой учраас хүн бүр анхааралтай байх ёстой.

Францын иргэний Москвагаас Дорноговь аймгийн Улаанбадрах сум хүртэлх бүх маршрут тогтоогдсон. Идэрболд, Дэжидмаа гэдэг хоёр хүний асуудал байгаа.

Идэрболд нь Улаанбаатар хотод ирээд тусгаарлагдсан. Дэжидмаа өчигдөр Дорноговь аймгийн буудалд байж байгаад өөрөө ирж хяналтад орсон. Хойд хөршид тавьсан шаардлага биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хуулиар таван жил хүртэл хорих хуулийн санкцтай. Харин урд хөрш бүр хатуу арга хэмжээ авдаг. Манай улсын хувьд Эрүүгийн хуулиар санаатай тараасан гэх юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Монгол иргэдэд илрэхгүй хэвийн байх юм бол Монгол Улсын Зөрчлийн хуулийн 5.13 заасны дагуу шийтгээд явна. Шийтгэлийг албан ёсны тусгаарлалтын хугацаа дууссаны дараа баримт материалыг бүрдүүлж, зөрчлийн хэргийг бүртгүүлдэг хоногийн хугацаанд шийтгэлийг оногдуулаад явна.

-Францын иргэнд өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч биелүүлээгүй. Үүнд ямар нэг хариуцлага хүлээлгэх үү?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа учраас Монгол Улсын хуулиар энэ асуудлыг шийднэ. Одоо халдвартай байгаа учраас тухайн иргэний эрхийг хүндэтгэж үзэх ёстой. Ямар нэгэн байдлаар үзэн ядах хандлага гаргаж болохгүй. Монголчууд ухаалаг хандах хэрэгтэй. Өвчин нь гайгүй болохоор шийдээд явна.

.... Монголын иргэдээ хорьж, цагдаж хязгаарласан хэрнээ гадны хүнд яагаад найр тавьж олон газраар дагуулж оров. Энэ үүссэн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ. Яагаад ийм хайхрамжгүй хандав. Бид чинь цөөхүүлээ шүү дээ.