Э.Эрдэнэбаатар: Нотлох баримтад үндэслэн нийслэлээс гарах зөвшөөрөл өгнө

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсад ажиллаж, амьдардаг Франц улсын иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн тул Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг хаасан.

Тэгвэл өнөөдөр нийслэлээс гарах зөвшөөрөл хүссэн иргэд Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-ын гадна дугаарлаж, дараалал үүсгэж байгаа талаарх мэдээллийг бид шууд дамжуулан хүргэсэн билээ.

НОБГ-ын гадна ирсэн иргэд ажлын болон хувийн шаардлагаар Улаанбаатарт ирсэн, гэнэт шийдвэр гарсан тул орон нутаг руу гаа явж чадахгүйд хүрч байна гэдгийг тайлбарлаж байлаа. Тэд хувийн нөхцөл байдлынхаа талаар албаны хүмүүст тайлбарлаж, хот хооронд зорчих зөвшөөрөл хүсэж байна. Иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн шалтгаантай тул өргөдөл, хүсэлт гаргахаас өөр аргагүй байна гэж тайлбарлаж байлаа.

Нийслэлээс гарах иргэдэд хэрхэн зөвшөөрөл өгөх талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Улсын онцгой комиссын хуралдаанаар өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд хот хоорондын зорчих тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан.

Хүндэтгэн үзэх шалтгаантай буюу ар гэрийн гачигдал гарсан, албан ажлаар томилолтоор явах, мөн Хөдлөмөрийн тухай хуулийн 74.2-т заасны дагуу тусгай ажил, үүрэг гүйцэтгэх иргэдийн нотлох баримтад үндэслэн зөвшөөрөл өгч байна. Жишээлбэл, өвчтэй хүн байвал 13-ын маягт, ар гэрийн гачигдал буюу төрөл төрөгсөд нь нас барсан байвал нас барсны гэрчилгээ, албан томилолтын хуваарь, ажил гүйцэтгэх гэрээ зэрэгт үндэслэн зөвшөөрөл олгож байна. Харин хүнсний болон ачаа тээврийн автомашины хөдөлгөөн саадгүйгээр нэвтэрч байна. Иргэдийн зүгээс “Хот руу ороод ирчихсэн хойно хязгаарлалт хийлээ. Гэр рүүгээ явмаар байна” гэсэн мэдээллийг өгч байна” гэлээ.