Б.Чулуунтамир: Иргэд санаатай болон санамсаргүйгээр дэглэм зөрчиж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг эсэргүүцэх явдал тасрахгүй байна

Н.Алтанцэцэг / Хууль

Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, францын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн 100 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж буй билээ. Иймээс улс орны хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байхад ийнхүү авирлаж буй хүмүүст ямар хариуцлага тооцож буй талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.

-Тусгаарлагдсан иргэд дэглэм зөрчих, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг эсэргүүцэх тохиолдлууд гарч байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Монгол улсад шинэ төрлийн короновирус бүртгэгдэж ХӨСҮТ-д 100 гаруй хүнийг тусгаарлаад байна. Мөн Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Эмнэлгийн байгууллагын алба хаагч нар 24 болон долоон цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа.

Иргэд олон нийтийн зүгээс Улсын онцгой комиссоос гаргасан хорио цээрийн дэглэм, хязгаарлалтуудыг идэвхтэй сахин ажиллаж байгаа боловч иргэд санаатай болон санамсаргүйгээр дэглэм зөрчиж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг эсэргүүцэх явдал тасрахгүй байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөх, өвчнөө нуух, эмчлүүлэхээс зайлсхийх, тусгаарлах байрнаас гарахаар бусдыг өдөөн турхирах үйлдлүүдийг гаргаж байна.

-Хорио цээрийн дэглэмийг санаатай болон санамсаргүйгээр зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Ер нь Монгол Улсын эрүүгийн хуульд онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулан аливаа гэмт хэргийг үйлдсэн бол энгийн үеийнхээс хоёр дахин хүнд ял оноохоор хуульчилсан байдаг. Дээрх этгээдүүдэд цагдаагийн алба хаагч хуульд заасан албадлагын арга хэмжээ авч болохоос гадна эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллаж байна. Төрийн алба хаагч эсэргүүцсэн тохиолдол Эрүүгийн хуулийн 23.1 заасны дагуу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол 2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг.

-Гаднын улс орнуудад хорио цээрийн дэглэм бас л хэрэгжиж байгаа. Хорио цээрийн дэглэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг бол. Та бүхэн судалж үзсэн үү?

-БНСУ-ын хувьд албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн бол тухайн этгээдийг тав хүртэлх жилийн хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл арав хүртэл сая воноор торгодог юм байна. Харин АНУ-ын Колорадо мужид Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлбэл энэ үйлдэл нь хоёрдугаар зэргийн хөнгөн гэмт хэрэг болох бөгөөд бүсийн хорих төвд зургаан өдөр хорих, 500 ам.доллараар торгох эсвэл зургаан сар хорих ял шийтгэл шийтгэнэ.

-Хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Төрийн эрх бүхий байгууллагуудаас шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотой бодит мэдээллүүдийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тогтмол хүргэж байна. Үүнтэй зэрэгцэн Төр засгаас авч хэрэгжүүлж буй хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг мушгин гуйвуулах, гамшиг, аюулын талаар иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл түгээх, өвчний халдвар, төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зориуд гуйвуулж улмаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээд, төрийн байгууллагуудын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг тараах зэрэг хууль бус үйлдлүүд цахим сүлжээнд олноор гарч, цагдаагийн алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дээрх хууль бус үйлдлүүдийг шалгах ажиллагааг явуулж Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэн, хууль зөрчсөн цахим хуудсыг хаах арга хэмжээг авч ажиллаж байна.

-Хотоос гарч орох хөдөлгөөн болон орон нутгийн бүх чиглэлийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ныг хүртэл хязгаарласан байгаа. Одоогоор хэчнээн алба хаагчид ажиллаж байна вэ?

-Нийслэл, орон нутгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах хяналтын 1020 цэгт цагдаа, дотоодын цэргийн 897 алба хаагчид ажиллаж байна. Улсын хэмжээнд нийтийн хэв журам сахиулах чиглэлээр явган эргүүлийн 113 чиглэлд 173 алба хаагч, авто эргүүлийн 23 чиглэлд 46 алба хаагч, нийт 136 чиглэлд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 219 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна.Иймээс иргэд төрийн шийдвэрийг хүндэтгэж, замын хөдөлгөөнийг нээх хүртэл хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.