6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна

Ц.Анударь / Нийгэм

COVID-19 халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна. Өнгөрөгч гурав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 3838 ажилтан, алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт тавьж 32 795 иргэнд танилцуулга мэдээлэл хийж, 34936 иргэнд зөвлөмж гарын авлага тарааж, хог, нус, цэрээ хаяж, ил задгай бие засаж, орчныг бохирдуулсан 5142 иргэнд анхааруулга, санамж өгч ажиллажээ.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутагт дэвсгэрт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд давхардсан тоогоор 357 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн 8 товчоогоор орсон 7156, гарсан 7204, нийт 14360 тээврийн хэрэгсэл, орсон 16472 иргэн, гарсан 18744 иргэн, нийт 35216 иргэний биеийн халууныг үзэж, холбогдох асуумж, зөвлөгөө өгч ажиллажээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.