Б.Ууганбаяр: Ийм нөхцөл байдалд хүүхдээ дагуулж гадуур битгий яваач

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Одоогийн байдлаар 1734 хүн тусгаарлагдаад байгаа. Тусгаарлагдаж байгаа иргэдээс гомдол мэдээлэл их ирүүлж байгаа ажээ. Мөн тусгай нислэгээр ирсэн зорчигчдын гадаад паспортыг хураан авчээ. Харин төлбөрөө төлсөн иргэдийн гадаад паспортыг буцаан олгож байгаа юм байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Тусгай нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж, паспортыг нь хурааж авсан гэсэн. Яагаад бичиг баримтыг нь хураасан юм бол?

-Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг агаарын хөлөг дотор нүүрийг нь хараад штампыг нь дарж амжихгүй байгаа учраас паспортыг нь нэгдсэн журмаар хурааж авсан. Дараа нь тусгаарлах байрны төлбөрөө төлсөн хүмүүст паспортыг нь олгоно. Төлбөрөө төлөөгүйгээс үүдэн амралт сувиллын газрууд дараагийн хүмүүсээ хүлээж авч чадахгүйд хүрээд байна.

Дөрвөн улсаас ирсэн 900 гаруй хүмүүс дотор тусгаарлах байрны төлбөрөө төлсөн иргэд харилцан адилгүй л байна. Тухайлбал, “Амар” зочид буудалд байрлаж байгаа хүмүүсийн тал нь төлбөрөө төлөөгүй. Нэр усыг нь гаргаад шаардлагаа тавьж байгаа ч ямар ч нэмэр алга.

Мөн “Бага баян” амралтын газар өмнө нь тусгаарлагдаж байсан хүмүүс төлбөрөө төлөөгүй гараад явсан учраас дараагийн хүмүүсийг хүлээж авахад хүндрэл үүсч байна. Төлбөрөө төлөөгүй хүмүүсийн ар гэр рүү нь төлбөрөө төлөх санамж хуудас явуулж байгаа ч төлөхгүй байна. Уг нь Төр, засгаас гаргасан шийдвэрийг бүгд дагах ёстой.

-Тусгаарлах байртай холбоотой гомдол ирж байна уу?

-Тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага гаднаас ирсэн. Хоол хүнсний хүрэлцээ муу, эргэлт оруулахгүй гэх зэрэг хүндрэл бэрхшээл байгаа гэдгийг ойлгож байна. Бүх зүйл сайхан болж байгаа мэт худлаа ярьж чадахгүй. Зорчигчдын ачааг бид 14 хоног каргод байрлуулж байгаа.

Учир нь мэргэжлийн байгууллагаас иргэдийн ачааг тодорхой хугацаанд байрлуулж вирусыг устгах зөвлөмж өгч байгаа. Гэтэл иргэдийн зүгээс карго дотор байгаа бараанаас юм авмаар байна гэдэг хүсэлт их тавьж байна.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ САХИЖ БАЙГАА БОЛ БҮГД Л САХИУЛАХ ЁСТОЙ

-Тусгаарлах байранд байгаа хүмүүст нэг удаагийн эргэлт оруулахаар болсон. Эргэлт оруулахаар ямар нэгэн эрсдэл үүсэхгүй юу?

-Нэгэнт халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа бол бүгд л сахиулах ёстой. Найз нөхөд, хамаатан садан, дарга цэргээрээ яриулаад байна. Ийм зүйлийг хүлээж авахгүй. Ер нь аливаа ажлыг зохион байгуулж байхад дундуур нь орж ирээд элдэв асуудал үүсгээд, таньж мэддэг хүнээрээ, даргаараа яриулдгаа болих хэрэгтэй.

Өчигдөр 10.00-16.00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа хүмүүст нэг удаа эргэлт оруулахаар болсон. Хэдийгээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэлбэрт шилжсэн ч гэсэн тусгаарлалтад байгаа хүмүүст шаардлагатай эд зүйлийг нь оруулна.

Гэхдээ эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх ёстой. Эргэлтээр ирж байгаа хүмүүс ууттай зүйлээ зөөж гүйгээд байх шаардлагагүй. Дундын зай гэдэг цэг гаргасан байгаа. Тэр цэгт эргэлтээр авчирсан зүйлээ гялгар уутанд хийгээд, тухайн хүнийхээ овог нэрийг бичээд тусгай хүмүүсээр өгүүлнэ. Мөн тусгаарлах байранд байхдаа халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөхгүй, тагтан дээрээ гарах жишээтэй. Тэдгээр хүмүүсийг зочид буудалд буулгасан биш. Тусгаарлах байранд байж зочид буудлын үйлчилгээ нэхэх шаардлагагүй.

-Ахиад гаднаас монгол иргэдээ татаж авах уу?

-БНСУ-аас ирсэн иргэдийн эхний 14 хоногийн тусгаарлалтын арга хэмжээ дуусахаар дараагийн иргэдийг татан авах ажиллагааг төлөвлөнө.

Гадуур, дотуур явах хүмүүсийн хөдөлгөөн эрс ихэссэн. Хүүхдүүдээ дагуулаад явж байна. Энэ өвчний нөхцөл байдал дуусах болоогүй. Гэтэл бүх зүйл зүгээр байгаа мэт тайвшраад хүүхдүүдээ эрсдэлд оруулаад байна. Ядаж хүүхдээ дагуулж гадуур битгий яваач.

Ард иргэд минь, зөвлөмж зааврыг дагаад гадуур явж байгаа хөдөлгөөндөө хязгаарлалт хийгээч. Өөрийнхөө амь насыг хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа болохоос Төр, засгаас хийж байгаа ажилд найдаж, бүх зүйлийг даатгаж болохгүй. Төр нь хийх ёстой ажлаа хийж байна. Харин иргэд зөвлөмж зааврыг дагаж биелүүлээрэй гэж шуурхай штабаас анхааруулж байна.