Д.Нарангэрэл: Нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Шинэ коронавирусийн талаар Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт дэлхийн 173 оронд COVID-19 халдвар бүртгэгдлээ. БНСУ, Иран, Итали, АНУ, Франц, Германд халдвар эрчимтэй тархаж байна. Халдвар анх гарснаас хойших эхний гурван сард 100 мянган хүн өвчилж байсан бол сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр халдвар авлаа. Европоос Ази тив рүү халдвар шинээр зөөвөрлөгдөн орж ирж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна. Батлагдсан зургаан тохиолдол, сэжигтэй долоон тохиошлдлыг хянаж байна. Түргэвчилсэн оношлуурыг баримжаа авахад ашиглаж байна. Албан ёсны хариу PCR буюу төв лабораторийн шинжилгээгээр батлагдана. Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулна. Учир нь PCR төхөөрөмжийн хүртээмж байна. Дахин захиалсан байгаа.

Шинэ коронавирусний халдвартай болох нь батлагдсан зургаан хүний биеийн байдлын тухайд нэг хүн нь хүндэвтэр, бусад нь дунд зэрэг буюу тогтвортой байгаа аж.

Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Хэдийгээр бид түргэвчилсэн оношлуурыг тусламжаар, Засгийн газрын хөрөнгөөр тодорхой хэмжээний оношлуур авч байгаа хэдий ч оношлуурын үнэ бол хямд, түүнд зарцуулж буй урвагч бодис, үйл ажиллагааны зардал өндөр байдаг. Нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ иргэдэд 700 сая төгрөгийн шинжилгээ хийсэн байна" гэв.