УИХ-ын дарга Г.Занданшатар Наурыз баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт Наурызын баярт зориулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, Covid-19 вирусийн эсрэг хамтдаа даван туулж чадна хэмээн уриалжээ.
НАУРЫЗЫН МЭНДЧИЛГЭЭ
Дэлхийн түүхэнд дархан алдартай Монгол хэмээх улс гэрийн бүрэн эрхт гишүүн казах түмэн, азай буурал Аксакалууд Та бүхэндээ Наурызын баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Дэлхий нийтэд тулгараад буй Covid-19 вирусийн энэ хүнд үед хамтын эв нэгдэл, сахилга бат, хүн бүрийн хувийн хариуцлага, ухамсраар эрсдэлийг бид бүхэн даван туулах болно. Бид хамтдаа чадна.
Халуун дулаан нарны улирал, үржил шимийн хавар цаг уудам Монгол оронд минь ирж байна. Наурыз бол Нарны баяр, бас Хаврын баяр билээ. Эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч алтан наран, мөнх хөх тэнгэрийнхээ дор Монголын казахуудын аж амьдрал урин хаврын адил дэлгэр тэнүүн байх болтугай.
Ассалам алейкум.
Наурыз бол Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор зарлан тунхагласан нийт хүн төрөлхтний баяр юм. Тиймээс Монгол Улсад энэ өдрийг казах түмний өв соёлыг хүндэтгэн дээдлэх, түгээн хөгжүүлэх, удам хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн утгаар ёслон тэмдэглэсээр ирсэн билээ.
Дэлхий даяар тархан суурьшсан олон сая казахчуудын дотроос Монголын казахууд үндэстнийхээ түүх, өв соёл, зан заншлыг хамгийн эрхэм сайнаар хадгалан үлдэж, тээн хөгжүүлж яваа хэмээх дүгнэлтийг эрдэмтэн судлаачид гаргасан байдгаар бид бахархдаг.
Манай казах иргэд улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалт, хөдөлмөрийн талбарт, урлаг соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, спортын гээд бүхий л салбарт амжилт бүтээл дүүрэн, алдар гавьяагаа дуурсгасаар байдагт Монголын төр, засаг, түмэн олон ямагт гүн хүндэтгэлтэй ханддагийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Улс орон, түүний дотор казах иргэдийн дийлэнх олонх нь амьдран суудаг Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх, казах түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, шударга ёс, хариуцлагын тогтолцоонд суурилсан, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх, ардчилал, хүний эрхийг дээдлэх төр, засгийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх оролцоо нэн чухал гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
Казах үндэстний түүх соёл, зан заншлыг дархлан хамгаалах, эх хэлээрээ сурах, харилцах, мэдээлэл авах, үндэсний шашнаа шүтэх, ялгаварлан тусгаарлагдахгүй байх зэрэг эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох асуудалд хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал ямагт онцгой анхаарсаар байх болно.
Эрхэм хүндэт казах иргэд ээ,
Энэ жилийн наурызын баяр Монголыг төдийгүй дэлхий дахиныг түгшээсэн халдварт өвчин голомтлон тархсан амаргүй цаг үед тохиож байна. Тиймээс саяхан тэмдэглэсэн Цагаан сарынхаа адил зөвхөн өрх бүлийнхээ хүрээнд ёсоо ёсолж, аксакал буурал, ахан дүүсийнхээ амар мэндийг айлтган золгох зан үйлдээ технологийн дэвшил ашиглахыг уриалж байгааг минь хүлээн авна уу.
Уламжлалт баяраа угтан золгох сайхан өдрүүдийн ерөөл билиг дүүрэн, домбороо эгшиглүүлж, айтысаа дуурсгаж, амар жаргалтай сайхан тэмдэглээрэй.
Наурыз мейрамы хутты болсын
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй
ШҮҮХ: Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцэнэ
УДШ Э.Оюунболдын хүсэлтээс татгалзлаа