Ш.Энхтөр: Монголчууд COVID-19-өөс нэг зүйлийг ойлгож авлаа

Ц.Анударь / Эрүүл мэнд

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөртэй ярилцлаа.

-Энэ жил томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдал ямар байна вэ?

- Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдал жил бүр ялгаатай байдаг. 2019-2020 оны өвөл эрүүл мэндийн салбар томуу, томуу төст өвчний дэгдэлтэд нэлээд бэлтгэлтэй байсан. Жил бүр шинэчлэгдсэн оношлогоо, эмчилгээний удирдамжийн дагуу бүх эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах, хүний нөөцийг чадавхжуулах талын бэлтгэлийг хангаж ажилладаг. Томуугийн өвчлөл нэмэгдсэн үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын орны нөөцийг хэрхэн зөв зохистой хуваарилах вэ, менежмэнтийг хэрхэн хийх вэ гэдэг дээр нэг бүрчлэн төлөвлөгөө гардаг. Мөн эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх асуудал байдаг. Энэ жилийн хувьд эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх талын бэлтгэл сайн хангагдсан. Өвчлөл ихэссэн үед нөөц орыг дэлгэх үйл ажиллагаа маш нарийвчилсан байдлаар хийгдсэн. 2019 оны арванхоёрдугаар сараас эхлээд томуугийн өвчлөл нэлээд ихэссэн бөгөөд тус оны хувьд бусад жилүүдээс ялгаатай нь томуугийн B хүрээний вирус илүү давамгайллаа. Жил бүрийн нөхцөл байдлыг аваад үзвэл арванхоёрдугаар сард Монгол болон дэлхий хойд өргөрөгийн улс орнуудад томуугийн А хүрээний вирус зонхилон эргэлтэд ордог юм. Хавар хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн томуугийн B хүрээний вирус дэгддэг. Сүүлийн 7-8 жилийн байдлаас харахад ийм байна. Гэтэл 2019 оны хувьд гол онцлог нь томуугийн B хүрээний вирус нэлээд зонхилж байгаад сүүлд нь томуугийн А хүрээний вирус тодорхойлогдох болсон. В хүрээний вирус нь А хүрээний вирустэй харьцуулахад илүү ховор чанартай. Нянгийн шалтгаантай уушгины үрэвслээр хүндрэх эрсдлийг нэмэгдүүлдэг онцлогтой. Гэхдээ бид харьцангуй хохирол багатай даван гарлаа.

“Урьдчилан сэргийлэлтэнд “хүч хаяж” ажилласнаар тухайн өвчлөлийг гаргахгүй байж болдог гэдгийг нийт улс орноороо харлаа”

КОРОНАВИРУСЫН ӨВЧЛӨЛИЙН 2-3 ДАХЬ ДАВАЛГАА ӨРНӨЖ БАЙНА

-Онцгой нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?

- Юуны өмнө нэг зүйлийг онцлон хэлэх хэрэгтэй. 1990-ээд оноос хойш нэг зүйлийг маш сайн ойлгож авлаа. Зөвхөн эрүүл мэндийн салбар төдийгүй нийт иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдэг бол туйлын чухал юм байна, урьдчилан сэргийлэх чиглэлд нэлээдгүй хөрөнгө, хүчийг зарцуулаад зөв зохион байгуулж чадвал тохиолдол хүндрэхээс өмнө бүх гинжин хэлхээг таслан зогсоох ач холбогдолтой юм байна, өвчний хүнд тохиолдлыг бууруулах чухал ач холбогдолтой юм байна гэдгийг олж мэдлээ. Ялангуяа COVID-19-тэй холбоотой цар тахлын үед манай орны эрүүл мэндийн салбар, ЭМЯ болон ХӨСҮТ нийт салбарынхаа хэмжээнд маш өндөр зохион байгуулалттайгаар урьдчилан сэргийлэлтэнд “хүч хаяж” ажиллалаа. Өвчнөөс урьдчилан сэргийлснээр тухайн өвчлөлийг гаргахгүй байж болдог юм байна гэдгийг нийт улс орноороо харлаа. Өнөөг хүртэл Монгол Улс дотроос вирусын өвчлөл гарсангүй, зөөвөрлөгдөн орж ирсэн. Гэвч цаашид нөхцөл байдал амаргүй байна. Үүнээс гадна уг вирус нь өөрөө бүрэн гүйцэд тайлагдаагүй байна. Томуугийн шинэ цар тахал бол дэлхийн аль ч улс оронд хэзээ ч гарч болно, хэдэн ч давалгаатай байж болно гэдгийн том нотолгоо болж байна. Одоо бидний ажиглаж байгаагаар коронавирусын өвчлөлийн 2-3 дахь давалгаа өрнөж байна. Дулааны улирал эхэлж байна. Энэ үеэр ихэнх амьсгалын замын өвчлөлүүд буурдаг онцлогтой. Гэхдээ коронавирусын тухайд маш олон төрлийн мутацид орж байгаа учраас цаашид хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй. Зарим улс орнуудад өвчлөлийн тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас таамаглан хэлэхэд хэцүү. Ямар ч байсан уг вирустэй ойрын 2-3 жил зууралдах байдал ажиглагдаж байна.

КОРОНАВИРУС МАШ ОЛОН ТӨРЛИЙН МУТАЦИД ОРЖ БАЙГАА УЧРААС ЦААШИД ХЭРХЭН ӨРНӨХИЙГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ

Монголчууд COVID-19-өөс нэг л зүйлийг ойлгож авлаа. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө зарцуулж, энэ хүрээн дэх ажлыг маш сайн зохион байгуулж ажиллах ёстой юм байна гэдгийг мэдэж авлаа. Түүнчлэн ард иргэдийн төдийлөн анзаардаггүй гараа угаах, хувийн ариун цэврээ сахих, маск зүүх нь өвчлөлийг бууруулж болдог гэдгийг харуулчихлаа.

“Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт яаралтай тусламжаар хоногт 400 орчим хүүхэд ирж үзүүлдэг байв. Одоогийн байдлаар 200 орчим хүүхэд болж, 50 хувиар буураад байна”

-Хүүхдийн анагаахын салбарын гол тулгамдаж байгаа асуудал юу вэ?

-Тулгамдсан асуудал гэвэл тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулахад хорио цээрийн арга хэмжээ авах, хүйтний улиралд бүх шатны сургуулиудыг тодорхой хугацаагаар зогсоож, дулааны улирал руу чиглэсэн хөтөлбөрийн зохицуулалтыг хийвэл цааш цаашид өвчлөл гарахаас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

-Баярлалаа.