Токиогоос иргэдээ авчирч буй тусгай үүргийн онгоц Улаанбаатарт газардлаа

Н.Алтанцэцэг / Нийгэм

Япон улсаас монгол иргэдээ авчирч буй ОМ502 дугаартай тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Уг тусгай нислэгээр 266 зорчигч ирж буй бөгөөд үүнээс 14 нь нярай хүүхэд байгаа аж. Мөн 1,284 килограмм ачаа мөн ирж байгаа юм байна.

Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт есөн хүнээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байгаа. Тэд нислэг гүйцэтгэснийхээ дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм байна.