Ч.Чимэдбат:Баянхошууны зам дээр долоон машин мөргөлдөж, 3-80 настай 11 хүн бэртэж гэмтсэн

Н.Алтанцэцэг / Хууль

Оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослоос шалтгаалаад улсын хэмжээнд 47 хүн амь насаа алдсан ч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Зам тээврийн ослоос шалтгаалаад нийслэлд 262, орон нутагт 86 улсын хэмжээнд 351 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн нь ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 орчим хувиар буурсан үзүүлэлт ажээ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас зарим зүйлийг тодрууллаа.

image

-Замын тээврийн осол тодорхой хувиар буурч байгаа боловч ноцтой осол гарсаар л байна. Өнгөрсөн амралтын өдөр Баянхошуунд зам тээврийн онцтой осол гарсан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон уу?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 220 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтсэн. Үүнээс гурав нь хүүхэд байгаа. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байгаа. Тухайлбал, энэ сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо Баянхошууны зам, Жанцангийн уулзварт Isuzu Cxz-81 Миксер нь Honda Fit, Toyota Prius-20, Hyundai Sonota-6, Hyundai Sonota-5, Toyota Prius-30, Ssangyong Korando, Nissan Tiida маркийн автомашинууд мөргөлдсөн. Ослын улмаас 3-80 настай 11 хүн гэмтэж бэртсэн. Мөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Энгэрийн даравгай” гэх газар шороон замд Хаожуе маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.

Мөн энэ сарын 5-нд Баянхонгор аймгийн Заг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Урд хавчиг” гэх газар шороон замд Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч эмэгтэйн амь нас хохирсон хэргүүдийг шалгаж байна. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол хэрэг, өмнөх долоон хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1.2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4.3 хувиар, хүний амь нас хохирсон осол 33.4 хувиар буурсан байгаа.

ЭХНИЙ ГУРВАН САРЫН БАЙДЛААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 69 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ГЭМТСЭН

- Хөл хориотой байгаа үед хүүхэд зам тээврийн осолд орох тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ?

-Хөл хорио тогтоож Ерөнхий боловсролын сургуулиуд амарсантай холбоотойгоор бага насны хүүхэд зам тээврийн осол хэрэгт холбогдож байгаа тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 69 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52 хувиар буурсан байна.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил хэр гарч байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан тохиолдол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодож осол хийж байгаа тохиолдол гарсаар л байна. Өнгөрсөн амралтын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгдсэн байна.

Энэ оны эхний гурван сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5539 зөрчил улсын хэмжээнд бүртгэгдсэн. Үүнээс 1045 нь баривчилгаанд явсан байгаа. Ерөнхийдөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол өмнө оны мөн үетэй харьцуулахад 23.9 хувиар буурсан байгаа. Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.105] 2020-04-07 10:04:18

тээвэр хариуцсан дарга нараа хятад мотоциклийг оруулахаа болиочээ малчин залуус үхээд дуусах нь


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.