ОХУ: ЖДҮ болон үйлчилгээний салбарт ажилладаг 25 сая иргэн санхүүгийн хүндрэлд оржээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

ОХУ-ын Хорио цээрийн алба бага насны хүүхдүүд “Covid-19”-өөр хөнгөн хэлбэрээр өвдөж, хурдан эдгэж байгаа ч насанд хүрэгчдээс илүү удаан хугацаанд халдварын эх үүсвэрийг тээн, бусдад халдааж байгааг онцолсон байна. Халдварын эхний шатанд улирлын томуутай төстэй хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг тул иргэд үүнийг үл тоон өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байгаа аж.

Тус улсын уушгины өвчлөлийн ерөнхий эмч А.Чучалин, шинэ төрлийн коронавирусний мөчлөг нь 3.5-4 сарын хугацаатай, вирус ОХУ-д 2 дугаар сараас тархаж эхэлсэн тул өвчлөл 6 дугаар сараас буурна гэсэн бол “Сбербанк”-ны дүн шинжилгээний мэргэжилтнүүд, өвчний оргил үе ОХУ-д 5 дугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд үргэлжилж, үүнээс хойш буурна гэсэн тооцоог математик загварчлалаар гаргажээ.

Москва хотын захиргаа амьсгалын замын халдварт өвчин туссан болон өвчтөнтэй хамт амьдарч буй иргэдийг тусгаарлаж, байршил тогтоогчийн тусламжтайгаар хянаж, иргэд хоорондын зайг 1.5 метр хэмээн тогтоож, олон нийтийн газар төдийгүй нийтийн тээвэрт уг зайг зөрчвөл 5,000 рублийн торгууль ногдуулж байна. Хязгаарлах дэглэм тогтоосон нь тус хотын гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг 9.5 хувиар буурахад хүргэв.

Өвчний дэгдэлтээс сэргийлэхээр тогтоосон “өөрийгөө хязгаарлах” дэглэмийн улмаас ЖДҮ болон үйлчилгээний салбарт ажилладаг 25 сая иргэн санхүүгийн хүндрэлд орсон бөгөөд дэглэмийг сунгавал нөхцөл байдал улам хүндрэхээр байна. ОХУ-ын эдийн засаг энэ жил эерэг тохиолдолд 3.8 хувь, сөрөг хувилбараар 10.2 хувь агших тооцоо байгаа бөгөөд энэ нь 2.5-8 сая иргэн ажлын байраа алдах эрсдэл дагуулж байна.

Эх сурвалж: ТЕГ