Коронавирусын халдвараар нас баралт бүртгэгдсэн тохиолдолд хэрхэн ажиллах тухай эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүүгийн мэдээлэлд өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг, ЗӨСҮТ гэсэн дөрвөн лабораторид хийсэн нийт 381 хүний шинжилгээд коронасирус илрээгүй. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид 199 хүний шинжилгээн хийгдсэн. Үүн дотор Станбул –Улаанбаатар онгоцоор ирсэн 190, Өмнөговь Дорноговь аймгуудад тандалтын зорилгоор хийгдсэн хоёр, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан таван хүн байсан. Дархан уул аймгийн вирус судлалын лабораторид Алтанбулгаар орж ирсэн 40 ачаа тээврийн жолооч, тусгаарлагдан хянагдаж байсан 10 хүний шинжилгээнүүдийг хийхэд бүгд хасах буюу вирус илрээгүй гарчээ. ЗӨСҮТ-д тавдугаар сарын нэгэнд Улаанбаатар-Сөүл онгоцоор ирсэн 132 хүний давтан шинжилгээг хийсэн.Вирус илрээгүй байна.

Хурлын дараа ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Оросын цэргийн онгоцоор ирсэн оюутнуудын дотор халдвар авсан бага насны хүүхэд байсан гэсэн мэдээлэл байсан?

Д.Нямхүү:-Бага насны хүүхэд өвдөөгүй. Хүүхдүүд бүгд асран хамгаалагчтайгаа ирсэн байгаа.

-Эсрэг бие үүсэх явдал хэр байна вэ?

Д.Нарангэрэл: -Испанийн Мадридад хийсэн судалгаагаар 276 мянган хүнд хийгдсэн шинжилгээгээр ердөө 6 мянга гаруйд нь эсрэг биет үүссэн буюу маш бага тохиолдолд эсрэг бие үүсч буй судалгаа гарсан. Манай орны хувьд одоогоор хүн амын дунд вирус тархаагүй байгаа учраас энэ төрлийн судалгаа хийх шаардлагагүй. Зөвхөн томуугийнхаа харуулдан тандалтаар уушигны өвчтэй, эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүстээ шинжилгээ хийж байна.

-Монгол улсад коронавирусын халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдсэн үед авах арга хэмжээний талаар?

Н.Цогбадрах:-Энэ тухай Эрүүл мэндийн сайдын 153-р тушаал гарсан байгаа. Өөрөөр хэлбэл нас баралт гарсан үед цогцост хэрхэн халдваргүйтэл хийх, яаж тээвэрлэх, хэрхэн чандарлах чиглэлийн зөвлөмжүүд гарсан. Дэлхий нийтэд халдвараар нас барсан хүмүүсийг нэг дор чандарлаж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа шүү дээ.Нас баралт гарсан үед ар гэртэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед онц халдвартай өвчнөөр нас барсан болд шууд УОК-ийн шийдвэрээр ажлын хэсэг гараад эрүүл мэндийн байгууллага, буяны байгууллага, цагдаа тагнуулын байгууллага орсон комисс томилоод талийгаачийг чандарлах газар нь очоод лам нар нь хурал номоо хураад халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагын хяналтанд хийгээд чандарлах ажиллагаанд нь хяналт тавиад үүрэг гүйцэтгэдэг. Аль ч орны холбогдох байгуулллагууд энэ халдвараар нас барсан хүний цогцос, чандрыг дамжуулахгүй ар гэрт өгөхгүй гэсэн хатуу журмыг мөрдөж байгаа.Гадны оронд халдвараар нас барах юм бол чандрыг Монголд авчрахгүй гэсэн үг. Энэ журмыг баримталж ажиллана гэсэн чиглэлтэй ажиллаж байна.