Маргааш Энэтхэгийн Дели хот руу тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын онцгой комисс маргааш буюу тавдугаар сарын 18-нд Энэтхэгийн Дели хот руу тусгай үүргийн онгоц нислэг үйлдэж, Монгол Улсын иргэдээ авчрах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Дели хотод 190 гаруй монгол иргэн тусгай үүргийн онгоцоор нутагтаа ирэх хүсэлт гаргасан. Энэтхэг улсад коронавирусний халдвар зарим газарт өндөр байгаа бол харьцангуй цөөн тохиолдол илэрсэн хотууд ч бий. Тус улсад коронавирусээр амиа алдагсдын тоо 3000 дөхөж байна. Коронавирустэй холбоотойгоор хөл хорио тогтоох шийдвэрийг анх гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 3-н хүртэл мөрдөхөөр гаргасан. Улмаас 3-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл сунгасан юм. Энэ удаад хөл хориог хэсэгчлэн цуцлахдаа дотоодын агаарын тээврийн үйлчилгээг сэргээнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ламхай нарын тухайд Дели хотоос 2000 гаруй км-ийн зайд орших хийдэд суудаг аж. Цар тахлын үед ийм хол зайг туулан, өвчний тархалт ихтэй бүс нутгаар дамжин өнгөрүүлэх нь эрсдэлтэй учраас энэ бүх хүчин зүйлийг харгалзан хамгийн ойр байрлах аль хот руу нислэг үйлдэх боломжтойг судалж байна гэдгийг мэдэгдсэн” юм.