Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн хяналт руу шилжиж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавируст халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4,885,000 хүн өвчлөн 319,000 хүн нас барсан байна. 1.9 сая хүн эдгээр эмнэлгээс гарсан, 2.6 сая хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 44,000 хүнийх нь биеийн байдал маш хүнд байгаа юм. Сүүлийн 24 цагт 86,000 хүн шинээр халдвар авч, 3,300 хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчилсөн хүний тоо 5,000-аар их боловч, нас барсан хүний тоо 300-аар бага байна.

ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдсээр байгаагийн дотор манай улсын хил залгаа бүсүүдэд халдварын тохиолдол 30-75-аар нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчимтэй явагдаж байна. Өчигдөр ДЭМБ-ын 73 дугаар ассамблей цахимаар зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Өнөө өглөө 08:00 цагт ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл тус хуралд илгэлт тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

COVID-19 халдвар ихэнх хүүхдүүдэд хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ч цөөн тохиолдолд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрч, амь насанд эрсдэл учруулж байгаа юм.

24 цагийн хугацаанд 119 дугаарт 259 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан. Гадаадын дөрвөн улсаас тодруулбал, БНСУ, Ирланд, Швед, АНУ-аас дөрвөн дуудлага ирлээ. Манай иргэдийн хувьд худалдаа үйлчилгээний газруудад зай барихгүй байна гэх гомдлууд нэлээд ирсэн. ЭМЯ-наас 1,5-2 метрийн зай барих зөвлөмжийг гаргасан. Тиймээс худалдааны байгууллагууд дээрх зөвлөмжийг дагах хэрэгтэйг онцгойлон анхааруулж байна” гэв.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ХӨСҮТ-Д 182 ХҮН ЭМЧИЛГЭЭ БОЛОН ХЯНАЛТАД БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Тавдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ын вирус суддлалын лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Сайхан мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн хяналт руу шилжиж байна. Ингээд батлагдсан тохиолдол 140 байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ болон хяналтад байна" гэв.