ДЭМБ: Эмнэлзүйн судалгаа хийгдтэл Хлорохиныг коронавирусын эмчилгээнд ашиглахгүй

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Бразилын Эрүүл мэндийн яам коронавирусний эмчилгээнд зориулж хлорохин болон гидроксихлорохины хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тухай “Globo” сонин өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн билээ. Гэвч хлорохин эм нь коронавирусний эмчилгээнд үр дүнтэй эсэх нь батлагдаагүй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхааруулжээ.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майкл Райан лхагва гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр “Одоогоор коронавирусний эмчилгээнд энэ эмийн хэрэглээ үр дүнтэй эсэх нь батлагдаагүй. Эмнэлзүйн судалгаа хийгдэхээс нааш энэ эмийг коронавирусний эмчилгээнд ашиглахгүй гэдгээ олон газар мэдэгдсэн. Энэ нь эмийн хэд хэдэн гаж нөлөөтэй холбоотой юм” хэмээн мэдэгджээ.

Бразил улс өмнө нь халдвар авсан өвчтөний бие хүндэрсэн тохиолдолд л эдгээр эмийг хэрэглэхийг зөвшөөрч байсан бол одоо өвчний аль ч үед хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. Ингэхдээ өвчтөний талаарх эмчийн тэмдэглэл, нэмэлт шинжилгээний дүн, өвчтөний зөвшөөрөл дээр үндэслэн эмийг олгох аж.