Д.Нямхүү: Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн нийт тохиолдлын 26 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн

Ц.Анударь / Эрүүл мэнд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

НИЙТ 109 ХҮНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны тавдугаар сарын 20-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээр хүмүүсийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн 57 тээврийн жолоочийн шинжилгээ, тандалтын зорилгоор нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс цуглуулсан 17 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулгийн боомтоор орж ирсэн 29 ачаа, тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад нийт 140 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Үүнээс 26 хүн эмчлэгдэж, дараа дараагийн шатны хяналт руу шилжсэн байгаа. ХӨСҮТ-д 114 хүн эмчилгээнд байна. Халдвар авсан 88 хүний биеийн байдал хөнгөн гэж үнэлэгдэж байна. Хүндэвтэр нь 26 гэж үнэлэгдсэн байна. Эмчилгээнээс гадна 67 хүн ХӨСҮТ-д ажиглалтанд байна" гэлээ.