Чингэлтэйн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжинэ

Н.Баярмаа / Нийгэм

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн Чингэлтэйн чиглэлийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал болон чанарыг сайжруулах зорилгоор 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-г төлөөлөн тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран нар гарын үсэг зурлаа.

“Энэхүү төсөл нь нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдал, чанар хүртээмжийг сайжруулж, авто замын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн уг төсөл нь Улаанбаатар хотын бусад байршилд хэрэгжүүлэх боломжтой жишиг төсөл болох онцлогтой” гэж ноён Павит Рамачандран хэлээд, “Төслийн үйл ажиллагаа нь бага орлоготой өрхүүд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад эмзэг бүлгийн иргэдэд үр өгөөжөө өгч, нийгмийн оролцоог нь хангана” хэмээн онцлон тэмдэглэв.

Төслийн хүрээнд Чингэлтэйн чиглэлийн нийтийн тээврийн байгууламж, үйлчилгээний хүртээмж, засвар үйлчилгээг сайжруулах, зам дагуух явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах байгууламжуудыг сайжруулах, олон нийтийн дадал, зан төлвийн өөрчлөлтийг бий болгох, оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тавьжээ.

Нийтийн тээврийн тус чиглэлийг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэн, Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Нийслэлийн засаг даргын тамгын газартай зөвшилцөн сонгосон. Учир нь тус байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр оршин суудаг, замын нугачаа их, хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал түгээмэл бөгөөд үүнд хүүхдүүд ихээр өртдөг төдийгүй нийтийн тээврийн ачаалал ч өндөр байдаг аж.

Энэхүү төслийг төлөвлөхөд хэрэглэгчийн идэвхтэй оролцоонд суурилсан хүн-төвтэй аргачлалыг ашигласан бөгөөд цаашид нарийвчилсан зураг төслийн боловсруулалт, хэрэгжилтийн шатанд ч хэрэглэгчдийн оролцоог үргэлжлүүлэн хангаж ажиллана гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.