Д.Сарангэрэл: Вирусын эсрэг үйлчилгээтэй эмийн нөөц, нэг удаагийн тариур, ариутгалын бодисоо нэн даруй нөөцлөх хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд 11.00 цагт эхэлсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийсэн. Тэрээр өдөрт 150-200 эмч тусгаарлагдан, өвчтөнүүдтэйгээ хамт ажиллаж байна. Гадаад улсад манай 32 иргэн халдвар авснаас 13 нь эдгэрсэн. Шведэд бие нь муу байсан манай нэг иргэний биеийн байдал наашилж байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.

Хүн амын дунд халдвар тархаахгүйн тулд тусгай эмнэлэг ажиллуулах нь илүү үр дүнтэй байгааг бусад улсад харууллаа. Түлэнхийн эмнэлгийн барилгын явц 80 хувьтай байна. Хоёр компани барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ч ажил зогссон. Тэд гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Энэ эмнэлэгт суурилуулах багаж хэрэгсэл бэлэн болсон.

Одоогоор манай улсад зургаан эмнэлэгт “ковид-19”-ийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Хэрэв халдвар хүн амын дунд тархвал ЭМЭМҮТ, Ховд аймаг гэх мэт өөр томоохон эмнэлгүүдэд нэмэлтээр шинжилгээ хийх боломжтой.

Эрүүл мэндийн ажилтнуудаа шинэ орон сууцанд оруулах чин хүсэл бидэнд байна. Халдварын тархалт, өвчлөлд тулгуурлан эм, хэрэгслийн нөөцөө нэмэх шаардлагатай. ДЭМБ-аас бидэнд нийт хүн амын 1 хувьд халдвар тархах эрсдэлтэйг анхааруулсан. ДЭМБ-ын хурал саяхан хоёр өдрийн турш үргэлжиллээ.

Нийт 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт манай салбарт хэрэгтэй боллоо. Вирусын эсрэг үйлчилгээтэй эмийн нөөц, нэг удаагийн тариур, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоо нэн даруй нөөцлөх хэрэгтэй.

Дэлхий цаашид хуучин шигээ болохгүй. Бүх улс орон бүх эрсдэлийг хянаж чаддаг гэж боддог байв. Гэтэл гар барих төдийд халдвар авах эрсдэл дунд бид амьдарч байна. Хүн амгалан тайван орших амаргүй байна. Вирус чимээгүй тархсаар байна. Олон улсын түвшинд хамтын ажиллагаа хэрэгтэй. Эрүүл мэнд бол тансаглал биш, хэрэгцээ юм. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлага үүслээ. Эрүүл дэлхийн төлөө хамтран зүтгэхийг би та бүхнийг уриалж байна “ гэлээ.