ТАНИЛЦ: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ

Ц.Анударь / Улстөр

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг, чиглэлийг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Ерөнхий сайдын зүгээс дараах үүрэг, чиглэлийг өгч байна.

  1. “Коронавирусын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг нь сайтар зохион байгуулах ажлыг УОК-оос хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
  2. КОВИД-19 вирусын халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахыг дахин сануулж байна. Монгол Улсын Засгийн газраас нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг тодорхой хэмжээнд бүрдүүлж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Бид хэдий чинээ бэлтгэлтэй байна, төдий чинээ аюулыг холдуулна гэдгийг хүн бүр дотроо бодож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах зайлшгүй шаардлагатай. Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөөц, боломжоо зөв тооцоолох, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд эм бэлдмэл, тоног төхөөрөмж, оношлуур, хамгааллын хувцас хэрэгслийн хангамжийг бүрэн хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг сайшааж байна. Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хуваарилалтыг оновчтой байлгахад ихээхэн анхаарах шаардлагатай. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, сувилагч нараас бүрдсэн томилгоот баг ажиллуулах бэлэн байдлыг хангасан байх ёстой. Монгол Улсад хийж байгаа эмчилгээний арга барилыг сайжруулахад ашиглах эмч, сувилагч нарыг олон улсын онлайн сургалтанд хамруулах ажлуудыг ЭМЯ, сайд нар зохион байгуулж, эмч, эмнэлгийн ажилчдыг бэлтгэх хэрэгтэй. Эмнэлгийн ажилчдын дархлааг дэмжих арга хэмжээг авах нь чухал юм. Өвчтөнтэйгөө 14 хоног хамт тусгаарлагдана. Дээрээс нь 14 хоног ХӨСҮТ-д ажиглалтын байранд эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байгаа. Үндсэндээ нэг сар хорио цээрийн дэглэмд байгаа хүмүүс. Иймд эдгээр хүмүүсээ сайтар харж хандах ёстой. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс болон тэдний ар гэрт тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгох чиглэлээр судалж, Засгийн газарт танилцуулахыг УОК-ын даргад үүрэг болгож байна.
  3. Улс, нийслэл аймгийн түвшинд КОВИД-19 халдвар тархах эрсдлийн үнэлгээг тогтмол, үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг тухай бүрт тодотгож, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжилтийг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатай. Зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлуудыг тархаахгүй байх ажлыг ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд сайтар зохион байгуулж байна. Гэвч нөхцөл байдал хүндэрч, халдвар тархсан тохиолдолд манай орон нутгийн мэргэжлийн байгууллагууд хэр бэлтгэлтэй байгааг бодитоор үнэлж, шаардлагатай арга хэмжээг авч, бэлэн байдлыг хангахад онцгой анхаарал хандуулан ажиллахыг аймаг, нийслэл, сумдын онцгой комиссын дарга нарт чиглэл болгож байна.
  4. Халдварын болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, ААН, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангасан байх ёстой. УОК-оос тавдугаар сарын эхэнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад КОВИД-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтыг зохион байгуулсан. Энэ маш сайшаалтай зүйл. Энэ сургалтыг бусад аймгуудад үе шаттай зохион байгуулах нь зүйтэй. Иргэдийнхээ сэтгэлзүйг бид бэлдэх ёстой. Энэ бол цар тахал. Үхэх сэхэхээ үзэж байгаа ийм цаг үед бид амьдарч байна.
  5. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийг СЕХ-нд өгч, УОК хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Зургаадугаар сарын 2-ноос эхлэн ээлжит сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа албан ёсоор хуулийн дагуу эхэлнэ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах зорилгоор иргэдтэй уулзалт сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулах ёстой. Энэ үеэр анхаарал сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг дахин анхааруулж байна.
  6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, эрүүл ахуйн ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Амны хаалтаа зүүцгээе” аяныг үргэлжлүүлэх,
  7. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх,
  8. Өндөр эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй нийт төрийн албан хаагчдад болон тэдний гэр бүлд дэмжлэг туслалцаа, шагнал, урамшуулал олгоход онцгой анхаарч ажиллах,

Иргэд олон нийтэд:

1. Бид сахилга, дэг журамтай байж, энэ аюулт халдвараас өөрсдийгөө хамгаална. Иймд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хатуу мөрдөх хэрэгтэй.
2. Төр засаг үүргээ гүйцэтгэж, гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар татан авч ирж байна. Цаашдаа ч манай Засгийн газар иргэдээ татан авчирна гэсэн байр суурьтай байгаа.

3. Оюутан, залуучууд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон энэ үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, сурах бичиг, цахим эх сурвалжийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх.

4. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байх.

Эрхэм УОК-ын гишүүд, иргэддээ хандаж нэг юмыг дахин сануулж хэлэе. Бид маргааш юу болохыг тааж мэдэхгүй ч бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллах нь бидний хамгийн чухал гэдгийг дор бүрнээ анхаарч ажиллах цаг болж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 6-7-р саруудад халдварын тархалтын дахин давалгаа гарах эрсдэл өндөр байгааг бидэнд байнга анхааруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ сулруулахгүй байхыг зөвлөж байгааг бид сайтар даган мөрдөх хэрэгтэй байна.
Манай Эрүүл мэндийн яам ч халдварын тархалтын эрсдэл маш өндөр байгааг судалгаагаар нотолж байна.
Иймд иргэн бүр, байгууллага бүрийн хариуцлагатай ажиллахыг уриалж байна" гэлээ.