Д.Нямхүү: Өнөөдөр дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд коронвирусний халдвараар 5668000 мянган хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт өвчлөл 14000-аар буурсан таатай мэдээтэй байна. Ялангуяа Эрхүү хотод сүүлийн гурван өдөр дараалан өвчлөл эрчимтэй нэмэгдлээ. Тиймээс Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин олон нийтийн газар болон хил орчмын бүсээр явахгүй байхыг зөвлөж байна.

119 дугаар 336 иргэнээс дуудлага ирж, зөвлөгөө авлаа. Шуурхай аппликейшнээр дамжуулан гадаад орнуудаас 31 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан байна" гэв.

ТАВДУГААР САРЫН 25-НД ГУРВАН ЛАБОРАТОРИД НИЙТ 193 ХҮНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД БҮГДЭД НЬ КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү: Тавдугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирээд ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд давтан шинжилгээ хийсэн. Энэ сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэд 12 хоноод байгаа бөгөөд энэ хугацаанд 2-3 удаа давтан шинжилгээ хийж хянасан. Дорноговь аймгаас илрүүлсэн 17 тээврийн жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 10 хүнээс шинжилгээ авахад мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 19 жолоочоос, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхонд тусгаарлагдсан 103 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Москвагаас ирсэн эдгээр оюутнууд 42-43 хоног эмчилгээ хийлгэж, эдгэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 141 байгаа бол эдгэрсэн нь 37 болж байна. Эмчлэгдэж байгаа 104 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн байгаа.