П.Болормаа: Хүүхдээ хайрлан халамжилж, зөвлөгч, туслагч, хамгаалагч нь байх хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Нүүр

Монгол Улс ерөнхий боловсролын 800 орчим сургууль, 1.2 сая хүүхэдтэй. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийн байцаагчид 12-15 сургууль, 20-25 мянган хүүхэд ногддог юм байна. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь дан ганц цагдаагийн байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар хязгаарлагдахгүй. Холбогдох хууль, тогтоомжид зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нар эрсдэлт нөхцөл байдлаас хүүхдээ хамгаалах үүрэгтэй.

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Болормаатай ярилцлаа.

-Он гарснаас хойш гэмт хэргийн улмаас хичнээн хүүхэд хохирсон байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэмт хэргийн улмаас 398 хүүхэд хохирсон . Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт хохирсон хүүхдийн 58 хувь нь эмэгтэй, 42 хувь нь эрэгтэй хүүхэд байгаа. Хохирсон гэмт хэргийн 23,8 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 30 хувийг хулгай, дээрэм, залилан, хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг гэмт хэргүүд эзэлж байна. Мөн 212 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон. Энэ тоон үзүүлэлт өмнөх оноос 24,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жил тодорхой төрлийн гэмт хэргээс болон хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээд зохион байгуулсан. Тухайлбал, “Нэг хором”, ” Дураараа биш дүрмээрээ”, “Яараад яахав дээ”, “Зөв тусгал”, “Ойлгое хүндэлье” гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас хүүхэд бүрийг гудамж талбай, олон нийтийн газар эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлээс хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгаалагч төсөл”-ийг санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын /2019 оны А/116 дугаар тушаалаар туршилтаар, 2020 оны А/55 дугаар/ тушаалаар ахмад настны тухай хуульд заасан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан ХНХЯ, ГБХЗХГ-тай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ажилд дэмжлэг болж байна.

-Өнгөрсөн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн нөлөөллийн ажлыг ЦБ-аас нэлээн дорвитой, манлайлалтай зохион байгуулсан байна. Энэ жил нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юу?

-Энэ жилийн хувьд дэлхий нийтээр тархаад байгаа ковид-19 өвчлөлийн улмаас олон нийтийг хамарсан арга хэмцээ, сургалт зэрэг үйл ажиллагаанд хөл хорио тогтоосон хэдий ч тодорхой төрлийн гэмт хэрэг, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллага, интернэт цахимаар иргэдэд тогтмол хүргэж байна. Тухайлбал. Хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд эрхэм хэрэглэгч-2020”, гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хайр өвтгөдөггүй”, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал”, хүрээлэн байгаа орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ногоон дуу хоолой” гэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүйгээр телевиз, радио, цахимаар мэдээ, мэдээлэл, зорилтот нэвтрүүлэг бэлтгэж хүргэнэ. Тухайлбал: “Амрыг эрье” нэвтрүүлэгийг хүүхдүүдэд зориулан тусгай дугаар болгон хүүхдийн эрх, хамгаалал, хөгжилд зориулан бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөллийг урьж оролцуулан, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны зарим хэсгийг өртөөчилсөн байдлаар үзүүлж, тэдний хүсэл мөрөөдлийн тодорхой хэсгийг ч гэсэн биелүүлэхийг хичээсэн. Мөн ЦЕГ-ын Сүлд чуулгаас 05.29-ний өдөр лайв концерт, 06.01-ний өдөр хүүхдийн баяраар авъяаслаг хүүхдүүдийн төлөөлөлийг оролцуулан лайв тоглолт хийх, Fm радио, цахимаар мэндчилгээ хүргэх, зорилтот нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр төлөвлөн зохион байгуулан, олон нийтэд хүргэн ажиллаж байна.

-Хүүхэд хохирсон, үйлдсэн гэмт хэрэг нилээд бууралттай байна. Энэ мэдээж хөл хориотой холбоотой байх. Гэсэн ч хүүхэд осолдох, гэмтэж бэртэх гэх зэрэг тохиолдол гарч байна. Энэ нь ямар шалтгаантай байна вэ?

- Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа нь цагдаагийн байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ажлыг тогтмол гүйцэтгэж, иргэд ч ухамсар соёл төлөвшиж байгаатайгаас гадна, хөл хорионы дэглэм ч нөлөөлсөн. Гэвч хүүхэд гэмт хэрэгт хохирох, үйлдэх, гэмтэж бэртэх тохиолдол бүртгэгдсээр байна. Хүүхэд яагаад гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн хохирч болж байгаа олон шалтгаан байна. Тухайлбал: Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдал, хүүхдийн хүмүүжил төлөвшил, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалж байна. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас өндрөөс унах, халуун ус, тогоонд түлэгдэх, голын усанд осолдох, хурц иртэй, ирмэгтэй зүйлд гар хөлөө зүсэх, гэмтээх зэргээр хохирч байна. Харин өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж, хохирч байгаа нь ахуй амьдралын нөхцөл байдал, эдийн засаг, хүмүүжил төлөвшил, ухамсар, гэр бүлийн уур амьсгал, гэр бүл салалт, хүүхдийн сэтгэл зүй, гэр бүлийн харилцаа, эцэг эхийн хараа хяналт, хайр халамжаас маш их шалтгаалдаг. Иймээс эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр маш сайн анхаарч, гэр бүлийн орчинд нь аюулгүй байдлыг бүрдүүлж өгөх, тэдний эрхийг хангах, сэтгэл зүйн ямар нэг дарамт, хүчирхийлэл, ганцаардал байгаа эсхийг нь асууж, мэдрэх, ойлгох, чөлөөт цагаа хаана, хэнтэй хэрхэн өнгөрөөж байгааг нь сайн асууж, ярилцах, цаг гарган анхаарал тавьж, хайрлаж халамжилж, зөвлөгч, туслагч, хамгаалагч нь байх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүд цахим орчинд олон цагаар орж байна уу, цахимаас ямар мэдээлэл авч байна гэдэгт ч хяналт тавьж, хязгаарлалт хийх, аль болох чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд тусалж, дэмжих нь зүйтэй юм.

-Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд өртөж, хохирч байгаа нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас 383 гэмт хэрэг үйлдэгдсэнээс насанд хүрээгүй 42 хүүхэд хохирч, 21 хүүхэд гэмтсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь хэрүүл маргаан, эдийн засгийн байдал, таарамжгүй харьцаа, ухамсар төлөвшил, хардалт, ахуйн хүрээний архидалт зэрэг олон шалтгаантай үйлдэгдэж байна. Тухайлбал: Ахуйн хүрээнд архидан согтуурч гэр бүлийн гишүүд, хүүхэддээ агсам согтуу тавих, аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртүүлэх, цаашлаад зодож гэмтээх зэргээр хохироодог. Иймээс хүн бүр ухамсартай байж, гэр бүлийн гишүүдээ хайрлан хамгаалж, гэр бүлийн хүрээнд архидан согтуурахгүй байх нь чухал юм.

-Хараа хяналтгүй хүүхдүүдэд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хараа хяналтгүй хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллага, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн асрамж, халамжийн төвүүдтэй хамтарч улирал бүр нэгдсэн арга хэмжээ явуулдаг. Өдөр тутамд ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлж байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлж байгаа, хог түүдэг хүүхдүүдийн байж болох газарт хяналт шалгалт хийж, хариу үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн нэг, хоёрдугаар улиралд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ арга хэмжээнийхээ хүрээнд хараа хяналт сул, хараа хяналтгүй, хөдөлмөр эрхэлж байгаа, орон гэргүй тэнэмэл, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг 623 хүүхдийг олж тогтоон, бүртгэл судалгааг шинэчилсэн. Тухайлбал, хараа хяналтгүй хүүхэд 188, хараа хяналт сул 274, хөдөлмөр эрхэлж байгаа 106, гар дээрээс худалдаа наймаа хийж байгаа 16, гуйлга гуйдаг 20, орон гэргүй тэнэмэл 11 байна. Эдгээр хүүхдүүдийг ар гэрт нь, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, түр хамгаалах байр, хамтарсан багийн хяналтанд хүлээлгэн өгөх хариу үйлчилгээ үзүүлсэн.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.