Б.Янжмаа: Хүүхдэд хөвөн даавуун материалтай, амьсгалж болохуйц амны хаалт хэрэглээрэй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Дэлхийн хэмжээнд “Сovid 19” халдвараар АНУ, ОХУ, Бразил улс тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д даваа гаригт 26 мянга гаруй шинэ тохиолдол, 696 мянга гаруй нас баралт нэмж бүртгэгдлээ. ОХУ-д даваа гарагт 9000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 414 мянга 800 гаруй болсон. ОХУ-д авип авир /avip avir /эмийг халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд нэвтрүүлж эхэлнэ гэдгээ мэдээлсэн.

Коронавирусын эмчилгээний талаарх судалгаа шинжилгээг дэлхий дахин олон орны эрдэмтэд судалж байгаа. Тэр дундаа эмнэлзүй, вакцин, эм, урьдчилан сэргийлэх чиглэлийн зүйлийг түлхүү судалж байгаа бөгөөд дэлхийд 22 мянга гаруй судалгаа гарсан байна. Эдгээр судалгаа шинжилгээнээс ямар нь үр дүнтэй байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дэлхийн улс орнуудад коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлийн судалгаа нэлээд хийгдэж байгаа. Тэр дундаа хүний зан үйлтэй холбоотой судалгаа хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн үед вирусийн талаар нэлээд их судалгааны үр дүнгүүд гарч байгаа. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүд болох чихрийн шижин, хэт таргалалт, зүрх судасны өвчтэй хүмүүс коронавирусын халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл нэлээд өндөр байгаа гэдгийг дэлхийн олон орны судлаачдын дүгнэлт харуулж байгаа. Тухайлбал, Францын судалгааны дүнд таргалалттай хүмүүс хүндэрч эрчимт эмчилгээнд орж байна. АНУ-ын эрдэмтнүүдийн хийсэн судалгаанаас харахад хүндэрч нас барсан хүмүүсийн ихэнх нь чихрийн шижин болон хэт таргалалттай хүмүүс байна гэсэн судалгаа гарсан. Иймээс хүмүүс амьдралын хэв маягаа өөрчилж дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд хэлж байна. Мөн тамхи татдаг хүмүүс хүндрэх эрсдэлийг өндөрсгөж байна гэдгийг АНУ-ын судлаачид хэлж байгаа.

БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс тамхи татдаг хүмүүсийг тамхинаас гарах хэрэгтэй гэдгийг онцолж байгаа. Тамхи татдаг хүн халдвар авах юм бол хүндрэх эрсдэл маш өндөр.

БОХИР ЗҮЙЛД ХҮРСЭН БОЛ ЗААВАЛ ГАРАА УГААХ, ХҮН ХООРОНДЫН ЗАЙГ БАРЬСНААР ХАЛДВАРЫН ГИНЖИЙГ ТАСАЛНА

-Цэвэр цэмцгэр орчинд вирусийн тархалт бага, харин бохир орчинд халдвар ихэснэ гэж байгаа. Үүнтэй холбоотой судалгаанууд байгаа юу?

-Коронавирусын халдвар дамжиж байгаа зам нь шүлснээс гадна ахуйн замаар дийлэнхдээ дамжиж байгаа юм. Тиймээс бохир зүйлд хүрсэн бол заавал гараа угаах, хүн хоорондын зайг барьж халдварын гинжийг таслах юм. Амны хаалтыг тогтмол зүүх, ингэснээр өөрийгөө төдийгүй өөртэйгөө харьцаж байгаа хүнийг хамгаална. Агааргүй орчноос аль болох зайлсхийх ёстой бөгөөд энэ нь хялбар бөгөөд үр дүнтэй нийгмийн эрүүл мэндийн арга гэдгийг улс бүр хүлээн зөвшөөрсөн. Иймээс гараа тогтмол савандаж угаахаас гадна олон хүнтэй газраар явахгүйгээр зай барих нь хамгийн чухал. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс харьцаж байгаа үедээ тогтмол амны хаалт зүүх хэрэгтэй. Амны хаалтыг тогтмол зүүснээр өөрийгөө болон өөртэйгээ харьцаж байгаа хүнийг халдвараас сэргийлж байгаа юм. Үүнийг дэлхийн бүх улс орон мөрдөж байна.

-Хүүхдийн амны хаалтын талаар судлаачид нэлээд ярьж байгаа. Энэ талаар ямар судалгаанууд хийгдэж байна вэ?

-Хүүхдийн амны хаалт дэгдэлтийн эхэн үед яригдахгүй байсан. Харин сүүлийн үед яригдаж байгаа. Тухайлбал, Японд хоёр болон түүнээс доош насны хүүхдүүдэд амны хаалт зүүхийг зөвлөж байна. Мөн бусад улсад 12 нас хүртэлх хүүхдүүдэд ч хэрэглэж болохгүй хэмээн яригдаж байна. Энэ нь амны хаалтдаа гол нь биш харин хүүхдийн амьсгалын замын тогтолцоонд сөрөг нөлөөтэй хэмээн үзсэн учраас ийнхүү шийдвэрлэжээ. Хүүхдэд хөвөн даавуун материалтай, амьсгалж болохуйц амны хаалт хэрэглээрэй. Харин резинэн амны хаалтыг бүү зүүлгээрэй гэж эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна.