Л.Оюунжаргал: Аянга цахилгаантай аадар бороо орох төлөв бүрдсэн тул иргэдээ үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна

Н.Алтанцэцэг / Нүүр

2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Төв болон Говьсүмбэр аймгийн нутгаар түр зуурын усархаг аадар бороо орсон. Үүний улмаас дээрх хоёр аймгийн нутаг дэвсгэрт 6,067 мал хорогдож, 409 өрх, 53 хашаа, 10 орчим авто машин үерт өртсөн. Түүнчлэн Төв аймгийн Онцгой комисс хуралдаж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гурван ажлын хэсэг байгуулан, хор хохирлыг арилгахаар ажиллаж байна. Төв аймагт гурван дэд станц үерийн усанд өртсөний улмаас 400 өрх тог цахилгаангүй болсон. Өнөөдрийн байдлаар хоёр дэд станцыг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан. Нэг станцыг засварлаж байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд хоёр иргэн малдаа явж байхдаа үерийн усанд өртөн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Ойрын үед цаг агаар тогтворгүй байгаатай холбогдуулан ирэх долоо хоногийн цаг агаарын нөхцөл байдлын төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Амралтын өдрүүдэд зарим нутгаар усархаг бороо орж, үер буулаа. Ер нь ийм ширүүн бороо орох төлөвтэй байсан уу?

-Өнгөрсөн долоо хоногийн эхээр болон сүүлээр ихэнх нутгаар халсан. Ялангуяа зургаадугаар сарын 19,20-нд нутгийн зүүн хагаст нэлээд халсан бөгөөд их халдаг газруудаар +39 градус хүрсэн. Энэ их халалтын араас бороо орох нөхцөл бүрдэхээр усархаг, аянга цахилгаантай аадар бороо орох нөхцөл бий болдог тул бид иргэддээ анхааруулж байсан.

23-24-НД ШИЛЖИХ ШӨНӨ БУЮУ ӨНӨӨ ШӨНӨ УУЛАРХАГ НУТГААР СЭРҮҮХЭН ХОНОНО

-Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал ямар байх бол?

-Энэ долоо хоногт аянга цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи, мөндөр ажиглагдах нөхцөл бүрдсэн. Энэ нөхцөл байдал нь өнөө маргаашдаа үргэлжлэх тул иргэдээ үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, өнөөдөр төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоног харьцангуй бороотой долоо хоног болохоор ажиглагдаж байна. Ялангуяа нутгийн зүүн хагас болон өмнөд хэсгээр аадар бороо орох төлөвтэй байгаа.

  • 23-нд Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар
  • 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв зүүн говийн аймгуудын ихэнх нутгаар 25, 28-нд нутгийн зүүн хагаст
  • 26-нд нутгийн зарим газраар
  • 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Мөн 23-24-нд шилжих шөнө буюу өнөө шөнө уулархаг нутгаар сэрүүхэн хонох бөгөөд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгийн уулаар цас орох төлөвтэй байгаа.

-Нөөлөг салхи гэж ямар салхийг хэлдэг вэ?

-Нөөлөг салхи буюу Монголчуудын хэлдгээр борооны өмнө шороо гэдэг үзэгдэл хүчтэй аадар борооны өмнө ажиглагддаг. Сая бас ажиглагдаж, салхины хурд 26-28 м/сек хүрсэн. Газар хуурай байгаа учраас хүчтэй шороон хана босч, шороон шуурга нэлээд ажиглагдсан. Өнөөдрөөс эхлээд нөөлөг салхины үзэгдэл ажиглагдах бөгөөд температурын хувьд энэ долоо хоног өмнөх долоо хоногоос харьцангуй сэрүүсэхээр байгаа.

-Энэ долоон хоногт бороотой байгаа ихэнх нутгаар сэрүүсэх үү?

-Агаарын температурын хувьд зургаадугаар сарын 24-нд нутгийн зүүн хагаст, зургаадугаар сарын 25 –ны зүүн аймгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, хүрэн бэлчирийн эхээр шөнөдөө 0-5 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрлэж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 өдөртөө 17-22, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.190] 2020-06-23 06:29:24

Chtamtai uulzmaar ba bohiu

Зочин [202.9.46.170] 2020-06-23 00:14:23

Бороо хайрласан тэнгэртээ баярлалаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.