Японд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч онцгой байдал дахин тогтоохгүй

Aдмин / Гадаад мэдээ

Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа хэдий ч Японы Засгийн газар онцгой байдлын дэглэм эсвэл бусад хязгаарлалтыг дахин тогтоох төлөвлөгөөгүй байна гэж тус улсын Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Яшутоши Нишимура Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Токио хотоос бусад мужуудад вирус тархахаас бид болгоомжилж байна. Бид нийслэлийн бүсийн нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг нарийвчлан шинжилж байна. Эрүүл мэндийн тогтолцоонд ачаалал нэмэгдсэн тохиолдолд нөөц бидэнд байгаа учраас онцгой байдлын дэглэм дахин тогтоох шаардлагагүй” гэж тэрбээр хэлээд эрх баригчид мөн одоогоор бизнесийн үйл ажиллагааг хязгаарлах бодолгүй байгаа бөгөөд муж хооронд зорчихгүй байхыг иргэдээсээ шаардахгүй гэдгийг нэмж дурдсан байна.

Дөрөвдүгээр сарын 8-нд Токио болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог Канагава, Сайтама, Чиба мужуудад, Японы гол арал болох Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Осака, Хёго мужуудад, Кюшю арлын Фукуока мужид онцгой байдал зарласан билээ. Дөрөвдүгээр сарын 16-нд Японы эрх баригчид онц байдлыг орон даяар өргөжүүлсэн бөгөөд дараа нь тавдугаар сарын 31 хүртэл сунгасан. Гэсэн хэдий ч энэ хугацааг хүлээхгүйгээр тавдугаар сарын 14-ний өдөр Японы Засгийн газар 47 мужийн 39-т нь онцгой байдлын дэглэмийг цуцалсан юм. Үүнээс долоо хоногийн дараа мөн Киото, Осака, Хёго мужуудад тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг цуцлах шийдвэр гаргажээ. Тавдугаар сарын 25-наас эхлэн үлдсэн мужууд болох Токио, Канагава, Сайтама, Чиба, Хоккайдод онцгой байдлыг цуцалсан билээ.

Японы эрх баригчид онцгой байдлын дэглэмийг цуцалсны дараа хязгаарлалтыг аажмаар цуцалж, худалдааны төвүүдийг нээсний зэрэгцээ ресторан, шөнийн цэнгээний газруудын ажиллах хугацааг уртасгажээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд Токиод халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн бөгөөд ихэнх нь зоогийн газар, зугаа цэнгэлийн газруудаар орой үдэш үйлчлүүлсэн хүмүүстэй холбоотой байна. Бямба гарагт өдөрт халдвар авсан хүний ​​тоо тавдугаар сарын эхэн үеэс хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд халдвар авсан хүний тоо “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг оруулаад 19 мянга давж, 980 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: Монцамэ