Б.Халиун: Хүүхэд хурдан морь унахдаа заавал хамгаалалтын хувцас өмсч, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй

Н.Алтанцэцэг / Нүүр

Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Удахгүй Улсын баяр наадам болох гэж байна. Хурдан унаач хүүхдийн бүртгэлийг хэрхэн хийж байгаа вэ? Бүртгэлд нь ямар шаардлага тавигдаж байна вэ?

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар баяр наадмыг зохион байгуулах түр журмыг баримтлан ажиллана. 2018 оноос уралдаанч хүүхдийг хурууны хээгээр нь бүртгэж эхэлсэн. Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн санд 2019 онд давхардсан тоогоор 14.485 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. Уралдааны асуудлаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал, хичээл хоцрогдол, хүүхдийн эрхийн зөрчил гарахгүй байх зэрэг асуудлуудаар жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд ,залуучуудын хөгжлийн газрын хэлтсүүд хяналт тавин бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг энэ жил 6 сарын 29-нөөс 7 сарын 9-нийг хүртэл 21 аймаг, болон нийслэлд хийнэ. Уралдаанч хүүхдийн бүртгэл нь хүүхдийн эрхийг зөрчүүлэхгүй байх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд бусад эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой тул уралдаанч хүүхдүүдэд заавал стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж уралдаанд оролцуулах чиглэлийг 9 дүүрэг, 21 аймагт өгсөн.

БҮРТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

-Унаач хүүхэд бүртгүүлэхдээ заавал асран хамгаалагчидтайгаа хамт ирэх үү?

-Уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал эцэг эхтэй нь хамт дагуулж ирнэ. Ингэснээр тухайн хүүхэд хурууны хээгээ уншуулж өөрийгөө баталгаажуулснаар нэгдсэн мэдээллийн санд бүртгэл нь орох юм. Мөн уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамруулсан гэрээг авчирна. Бүх унаач хүүхдүүд амны хаалтаа зүүнэ. Мөн хүүхэд хурдан морь унахдаа заавал хамгаалалтын хувцас өмсч, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй. Зөвхөн уралдаанч хүүхэд гэлтгүй хөдөлмөр эрхэлдэг, асрамжид байдаг, хараа хяналтгүй зэрэг төрийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай хүүхэд бүрийг ийнхүү цахим бүртгэлд хамруулж байгаа. Уяачид бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь 2019 оны тоон үзүүлэлтээс харагдаж байгаа.Түүнчлэн морин спорт уяачдын холбооноос бүх сумдад уяачдаа нэгдсэн программд бүртгэсэн бөгөөд энэ нь уяачдыг хариуцлагажуулж, хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах ажил гэж үзэж байна. Цахим бүртгэлийг 21 аймаг болон нийслэлд нэгэн зэрэг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хурдан морь уралдаанч хүүхэд заавал даатгагдсан байх ёстой.

УРАЛДААНЧ ХҮҮХЭД БҮТЭН ЖИЛ ДААТГАЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

-Унаач хүүхдийн даатгалын асуудлыг яаж хийж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр тухайн уралдаанч хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах боломжтой болж байгаа. Тухайн даатгал нь дан ганц уралдааны явцад бус бүтэн жил үйлчилнэ.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгах бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг байх юм. Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас унаач хүүхдүүд стандартын дагуу хувцасласан эсэхэд хяналт тавина.

Даатгалын хувьд санхүүгийн зохицуулах хорооноос 11 даатгалын компани бүртгэлтэй байгаагаас одоогоор дөрвөн даатгалын компанитай хамтарч ажиллаж байна. Бүх даатгуулагч компдани хамтарч ажиллах нь нээлттэй. Даатгалын нөхөн олговрын хэмжээг ихэсгэснээр өнгөрсөн 2019 онд 121 хүүхэд 186.6 сая төгрөгийн гэнэтийн ослын даатгалын нөхөн олговор авсан байна.

-Хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд уяач нарт хуулийн харицлага хүлээлгэдэг үү?

-Зөвшөөрөгдсөн уралдаан зохион байгуулж байгаа тохиолдолд хурдан мориноос унаж бэртсэн гэмтлээс шалтгаална. Мөн хүүхдийн амь нас хохирсон эсвэл хүүхэд эрүүл мэндээрээ ноцтой хохирсон тохиолдолд уяачид ногдуулах хариуцлага Эрүүгийн хуулиар зохицуулагддаг. Өнгөрсөн 2018, 2019 онуудад Эрүүгийн хуулиар зохицуулагдах асуудал гараагүй.

Харин Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон тохиолдлууд байгаа. Тухайлбал, 2018 онд есөн уяачид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. Мөн 2019 онд хурдан морины уралдааны үед хүүхдийг бүрэн хувцас хэрэгсэлгүй гаргасан. Зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулсан 11 тохиолдолд хариуцлага тооцсон байгаа. 2020 он гарснаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ хориглосон тогтоолыг зөрчиж, жижиг үсэргээ, сунгаа зохион байгуулсан 17 уяачдад хариуцлага тооцсон. Энэ жилийн хувьд түр журмыг хэрэгжүүлж ажиллана. Мөн хүүхдийн хувцас хэрэгсэл бүрэн бүтэн байдал хангасан байх ёстой.


Сэтгэгдэл

Иргэн [202.21.104.234] 2020-06-30 07:31:13

Морины эзэд өөрсдийнхөө үр хүүхдийг суулгаад уралдуулж байдаг хууль баталмаар байна. Ядуу иргэдийн хүүхдүүдийг хэдхэн төгрөгөөр хуурч морио унуулахаа болиочээ. УИХ-н шинэ гишүүд энэ баяр наадмын хуулиа өөрчилмөөр байна. Хар шар феодалууд цэнгэж байгаа мэт санагдаад хурдан морины уралдааныг нь үздэггүй юм. Сэтгэл шимширмээр, яаж хүний бяцхан үрсийг хайрлахгүй байнааааааа

Зочин [43.242.243.175] 2020-06-30 05:01:12

Ингэж эргуутэж байхаар зугээр л морь уралдуулахаа больчиход л болно ш дээ, хуухэд, мал тамлаж байх ямар хэрэгтэй байдаг юм бол, гаж донтой гаруудын л хийдэл юм даа

Зочин [98.253.30.34] 2020-06-30 01:31:31

Zugeer nasnii hyzgaar togtoochmoor iym 12 oos deesh nasnii huuhed ch gedeg iymuuu. Jijighen bietei humuus baidagshdee odoo manai Zi , Jenko, Huzuu geed l ted bol 12-13 tai bol bvr jijighen 8 tai huuhed shig l bsn blgui dee.

Зочин [124.158.74.120] 2020-06-30 01:08:48

маск бол болохгүй хүүхдүүд бахардана шүүдээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.