Л.Мөнхтүшиг: Энэ сард зөвхөн агаараар 3000 иргэнээ татан авна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг: Нислэгүүдийг тоог нэмсэн. Цаашдаа ч нэмнэ. Энэ сард хийх нислэгийн хуваарь гарсан. Эхний нислэийг БНСУ руу маргааш үйлдэнэ. Маргааш тус улс руу хоёр онгоц ниснэ. Мөн энэ сарын 4-нд Токио, 7-нд дахин Сөүл, дараа нь БНТУ, Европ дахь Монголчуудаа татан авахаар 9-нд нислэг үйлдэнэ. Энэ онгоц 10-ны өглөө УБ-т газардана.

Энэ сарын 20-нд Сөүл рүү, 21-нд Токио руу,26-нд Франкфурт хот руу транзит нислэг үйлдэнэ. Нислэгийн огноог тогтохдоо тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан үзсэн. Хэрэв байрны хүрэлцээ нэмэгдвэл дээр дурдсан нислэгийн тоо нэмэгдэнэ. Мөн бид хилийн боомтоор иргэдээ татан авч байна.

Энэ сарын 5-6ны өдөр Алтанбулаг боомтоор ОХУ дахь оюутнуудаа татаж авна. Мөн БНХАУ дахь иргэдийг 2-3-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор дамжуулан авчирна. Нийт 308 иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Тэдний дунд оюутнууд, албадан саатуулагдсан, эмнэлгийн тусламж аваад нутагтаа эргэж ирсэн гэх мэт иргэд багтлаа.

Иргэдийг татан авч буй байдал өмнөхөөс ихээхэн өссөн. Энэ сард зөвхөн агаараар 3000 иргэнээ татан авна. Гэвч иргэд зарим улс дахь Монголын ЭСЯ-ны байрны гадаа үймээн дэгдээж байна. Бид хүндэтгэн үзэх таван шалгуурын дагуу иргэдийг сонгон авч байна.

Нэг иргэн 20-30 удаа цахим шуудан явуулсан тохиолдлууд бий. Үүнээс бид тухайн хүн эх орондоо маш яаралтай ирэх хүсэлтэйг харж, ойлгож байна. Гадаад улсууд дахь манай ЭСЯ-ны ажилтны тоо цөөн гэдгийг ойлгоорой. Тэдгээр ажилчид маш олон иргэн рүү, хүн нэг бүр рүү утсаар ярьж холбогдох боломжгүй юм. Мөн иргэд өргөдөл гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдсэнгүй гэж их гомдол мэдүүлсэн. Бид онцгой цаг үед ажиллаж байгааг ойлгоорой.

Дараагийн нислэгүүдээр дээрх таван шалгуурт багтаагүй ч удаан хугацаанд хүлээсэн иргэдээ авахыг хичээж байна. Иймд гадаад дахь манай иргэд тухайн улсынхаа хуулийг хүндэтгэн үзэж, хууль дүрмийг нь битгий зөрчөөрэй гэж хүсэж байна.

Иргэд хилээ нээ гэж маш их хүсэж байна. Бид үүнийг ойлгож байна. Бусад улсууд богино хугацаанд зорчих, аялал жуулчлалаар зорчиж буй иргэдийг хил нэвтрүүлэхгүй байна. Мөн манай хоёр хөршид халдварын тохиолдол огт буураагүй. Япон, БНСУ-д дахин халдвар дэгдлээ” гэв