“Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулна

Б.Лхамаа / Хууль

Цагдаагийн ерөнхий газраас замын хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол аваартай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал болон урин цаг ирж байгаатай холбогдуулан “Нөлөөллийн урьдчилан сэргийлэх аян” арга хэмжээг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:-Цагдаагийн байгууллага 2017 оноос эхлээд зуны улиралд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам- хөдөлгөөний соёл” гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ирсэн.Энэ арга хэмжээг зохион байгуулсан хугацаанд орон нутгийн замд гарч байсан осол аваар 19, 24, 36 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан. 2020 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 10.000 орчим зам тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс 180 хүний амь нас зам тээврийн ослоос болж хохирсон байна. Эдгээр 180 хүний 130 тохиолдол нь хөдөө орон нутагт хөдөлгөөнд оролцож явах үедээ амь нас, эрүүл мэндээ алдсан байдаг. Энэ нь эхний зургаан сарын байдлаар нийт амь насаа алдсан хүмүүсийн 72 хувийг орон нутгийн замд зорчиж явсан иргэд эзэлж байна. Иргэдийн хөдөлгөөнд оролцох үедээ хамгийн их осол, аваар гаргадаг үндсэн шалтгаан нөхцөлийг авч үзэхэд 45 тохиолдол нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон, 36 тохиолдол нь мотоцикльтэй явж байгаад амь нас эрүүл мэндээрээ хохирсон, 76 тохиолдол нь онхолдох хэлбэрээр амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тоо баримтууд байна. Эдгээр тохиолдлуудыг бууруулахын тулд Замын цагдаагийн Ерөнхий газраас “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын дарга, дэд хурандаа Н.Мөнх-Итгэл:- Цагдаагийн байгууллага жил бүр ялангуяа аялал зугаалга ихэсдэг зуны улиралд орон нутагт гардаг осол аваараас урьдчилан сэргийлэх үүднээс нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд “Яараад яахав дээ” уриатай арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгууахаар боллоо. Тухайн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар, ОюуТолгой, Мобиком зэрэг газрууд санамж бичгийн хүрээнд зохион байгуулж байгаа бол Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албад, Авто тээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван-Богд, АПУ, Петровис зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд дэмжин оролцож байна. Энэ арга хэмжээний хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах мөн Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд дундаж хурд хэмжигчтэй иж бүрэн хяналтын камер байрлуулахаар ажиллаж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт зөв хандлагыг төлөвшүүлэх, хөдөлгөөнд дүрмээрээ оролцох, хурд хэтрүүлэхгүй байхад бодит үр дүн ахиц гарна гэж үзэж байгаа. Мөн энэ удаагийн арга хэмжээ жолоочоос гадна зорчигчийн хариуцлага, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Бид иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэж ажиллах юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.