Токиод нэг өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол эрчимжсээр байна

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Японд тогтоосон онцгой байдлын дэглэмийг тавдугаар сарын 25-нд цуцалснаас хойш нийслэлд өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо аажмаар нэмэгдсээр байна. Ялангуяа шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг газарт ажилладаг юм уу үйлчлүүлсэн хүмүүсээс халдвар илэрч буй юм.

Тэгвэл нийслэл Токио хотод нэг өдрийн дотор коронавирусний халдварын 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар тус хотын засаг захиргаа мэдээлэх төлөвтэй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ.

Токиод сүүлийн хоёр сарын хугацаанд ийм олон халдварын тохиолдол нэг өдөрт бүртгэгдээгүй юм. Дээрх мэдээлэл үнэн зөв болох нь батлагдвал өнгөрсөн тавдугаар сарын эхнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 100 давах юм. Япон даяар онцгой байдал тогтоогоод байсан тавдугаар сарын 2-нд халдварын 154 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 100 давсан гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор бизнес, нийгмийн үйл ажиллагааг эргэн хэвийн явуулж эхлээд буй нийслэл хотод халдварын хоёр дахь давлагаа дэгдсэн байж болзошгүйд олон нийтийн санаа зовниж эхэлжээ.

Токиод мягмар гарагт халдварын 67 тохиолдол бүртгэгдсэнээр сүүлийн долоо хоног дараалан өдөрт 50-аас олон шинэ тохиолдол илэрсэн байна. Тус хотод лхагва гаргийн байдлаар 6292 хүн халдвар авчээ.