Т.Төмөрбаатар: Импортын бараа, бүтээгдэхүүний баглаа боодолд гадаргуугийн халдваргүйжүүлэлт хийгдсэний дараа монгол улсын хилээр нэвтрүүлж байна

Н.Баярмаа / Эрүүл мэнд

БНХАУ-ын Бээжин хотын Шинфади хүнсний захаас зургаадугаар сарын 11-ний өдөр коронавирусын халдвар мах, хүнсний ногоо, жимснээс илэрсэн юм.Тиймээс Хятад улсаас импортоор авдаг хүнсний бараа бүтээгдэхүүнд ямар хяналт шалгалт хийж байгаа талаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодрууллаа.

-БНХАУ-аас оруулж ирдэг зарим төрлийн импортын хүнсэнд хязгаарлалт тогтоосон талаар мэдээлэл өгнө үү. Хятад улсад жимс жимсгэнэ, хүнсний ногооноос коронавирусын халдвар илэрсэн шүү дээ. Эдгээр бүтээгдэхүүний импортыг хязгаарласан уу?

- Улсын онцгой комиссын өнгөрсөн долоо хоногийн хурлаас БНХАУ-аас импортоор оруулж ирдэг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг долдугаар сарын 7-ыг хүртэл 14 хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэсэн. Жимс жимсгэнэ, хүнсний ногоон дээр хязгаарлалт хийгдээгүй. Хилээр чөлөөтэй нэвтэрч байна.

-Далайн гаралтай бүтээгдэхүүнд онцгойлон хязгаарлалт тогтоож буйн учир юу вэ?

-Бээжин хотын захад гарсан сэжигтэй тохиолдолтой холбогдуулан зөвхөн БНХАУ –аас оруулах далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг түр хязгаарлаад байна. УОК-ийн зургаадугаар сарын 23-ны өдрийн 24-р тэмдэглэлийн 1.1 заасны дагуу зөвхөн БНХАУ-аас загас далайн гаралтай бүтээгдэхүүнийг түр хязгаарласан нь энэ юм.

-Хүнсний хэрэгцээний нэлээдгүй хувийг авдаг БНХАУ-д коронавирусын идэвхжил дахин сэргэсэн. Тиймээс иргэд тус улсаас нийлүүлдэг хүнсний эрүүл аюулгүйн байдалд нэлээд эмзэг хандах боллоо?

-Импортын бараа бүтээгдэхүүний хагас жилийн мэдээллээс авч үзэхэд хүнсний бүтээгдэхүүнийг манай улсын 8126 аж ахуйн нэгж 8187 нэр төрлийн 323 мянган тонн хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон. Хүнсний бүтээгдэхүүнийг задалж авч үзвэл жимс, жимсгэнэ 41 мянган тонн хүнсний ногоо 62 мянга тонн орж ирсэн. Үүнээс загас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн 350 тонн орж ирснийг БНСУ, Норвеги болон бусад улсаас импортолсон байна. Хагас жилийн байдлаар Хятад улсаас энэ төрлийн бүтээгдэхүүний импорт хийгдээгүй байна.

-Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих чанар стандартын баталгаажуулалтыг хэрхэн хийж байгаа вэ. Зөвхөн коронавирус гэлтгүй бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хүнсний аюулгүй байдал манай улсын тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа шүү дээ?

-Хүнсний бараа бүтээгдэхүүн экспортлогч орнуудаас манайд худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнд гарал үүслийн болоод чанарын бичиг шинжилгээний баталгаажуулах бүх төрлийн бичиг магадлагаатай бүтээгдэхүүнийг бид улсын хилээр нэвтрүүлдэг. Энд зөвхөн Хятад улс биш Европын холбооны улсуудаас болон ОХУ –аар дамжсан хүнсний бүтээгдэхүүн орж ирдэг.Үүнийг тооцоолбол өдөрт 200-300 тонн хүнсний бараа Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн терминал дээр бууж байна. Иймээс хүнсний бараа бүтээгдэхүүнийг шууд болон дамжуулан экспортлогч тухайн бүс нутагт хүний болон амьтны ямар нэгэн гоц халдварт өвчин бүртгэгдээгүй мужаас оруулж ирдэг. Түүнчлэн тухайн бүтээгдэхүүнд нян, хүнд металл, хор цацраг гэх мэтчилэн бүх төрлийн шинжилгээгээр батлагдсан вирусын шинжилгээний сертификаттайгаар оруулж ирж байна. Үүнээс гадна тээвэрлэлтийн болон хадгалалтын горим зөрчөөгүй зориулалтын тээврийн хэрэгслээр оруулж ирэхийг шаардаж хил дээр хяналт хийгдэж байна.

-Бараа бүтээгдэхүүнээс гадна сав, баглаа боодлоор коронавирус халдварлаж байна. Үүнтэй холбоотой ариутгал халдваргүйтлын ажлыг хэрхэн хийж байгаа вэ?

-Хоёрдугаар сарын 13-наас эхэлж Монгол улсын хилээр орж ирж байгаа бүх зүйлийг халдваргүйжүүлэх үүрэг даалгавар ирсэн. Энэ дагуу нийтдээ 292 мянган чингэлэг 3356 вагонд гадаргуугийн халдваргүйжүүлэлт хийж ажиллаа. Энэ дотроо чингэлэг дотор байгаа хүнсний болон хүнсний бус бараа бүтээгдэхүүнд халдваргүйжүүлэлт хийгдсэний дараа монгол улсын хилээр нэвтрүүлж байна.