Бяцхан зорчигчоо аюулгүй тээвэрлэе

Н.Баярмаа / Нүүр

Хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож явахдаа хүүхдүүдээ автомашиныхаа лүүкээр гаргасан жолоочид хариуцлага тооцжээ. Жолоочийн жолоо барих эрхийг зургаан сараар хасч, 50 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр зөрчил гаргасан жолооч М-ыг иргэдийн гомдлын мөрөөр шалгаж зөрчлийн тухай хуулийн 14.7.3-ын 32 дахь хэсэгт заасанчлан арга хэмжээг тооцсон байна. Цагдаагийн байгууллагаас жолооч М-ыг хүүхдээ буруу тээвэрлэсэн хэмээн үзэж дээрх арга хэмжээг авчээ.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэнд амь насанд хохирол учруулахад гаргадаг санамсар болгоомжгүй үйлдлүүдийн нэгэн жишээнд цагдаагийн байгууллага хариуцлага хүлээлгэсэн нь энэ юм. Сүүлийн үед хүүхдүүд эцэг эх асран хамгаалагчийнхаа хамт тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа осол гэмтэлд өртөх цаашлаад эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байгаа нь харамсалтай. Урин дулаан амралт зугаалгын цагт эцэг эхчүүд хүүхдээ автомашинд тээвэрлэхдээ машины цонхоор толгой, гар, цээжийг нь гаргуулах, машины жолооны хүрдний ард хүүхдээ давхар суулгаж тээвэрлэх болон өвөр дээрээ суулгах зэргээр тээвэрлэдэг зөрчлүүд Тээврийн цагдаагийн албанд олноор бүртгэгджээ.

Урд сандал дээр хүүхдээ тэвэрч яваа үед осол гарвал хамгийн түрүүн хүүхэд цонхоор шидэгддэг. Эсвэл тэвэрч яваа хүн 3 дахин жингээр дарж хавчиж гэмтээдэг. Өөрөөр хэлбэл та 50 кг жинтэй ч ослын үед хүүхдээ 300 кг жингээр дардаг гэсэн үг. Зарим эцэг эхчүүд ослын дэрэнд найдах нь бий. Гэвч энэ тийм ч итгэлтэй арга биш гэнэ. Учир нь хүчтэй даралттайгаар гарч ирэх ослын дэр хүүхдийн хүзүүнд хүнд гэмтэл учруулдаг байна. Хэн ч үр хүүхдээ гэмтээхийг хүсэхгүй. Эцэг эхчүүд жолоо барихдаа өөрсдийгөө ямар ч тохиолдолд хүүхдээ хамгаалж чадна, бага хурдтай явахад болно гэж эндүүрдэг. Гэтэл хэн нэгний хайхрамжгүй алдаанаас ямар ч эрсдэл хормын дотор үүсэх магадлалтайг мартаж болохгүйг Замын цагдаагийн газраас анхааруулсан юм.

Яг үүнтэй холбоотой сонирхолтой судалгааг Австрали улсад хийсэн байдаг. Тэд замын осол гэмтлээс иргэдээ сэргийлэхийн тулд хүн ямар биетэй байх ёстой вэ гэсэн загвар гаргажээ. Бараг л робот мэт энэ загвар хүний бие гэгч ямар хэврэг болохыг, хэн ч авто машины ослоос гэмтэж бэртэхгүй өнгөрч чадахгүй гэдгийг сануулсан хэрэг.Гадны орнуудын хувьд хүүхдээ машинд авч явахдаа хамгаалалтын суудал, өндөрлөгч хэрэглэх нь хуульчлагдсан байдаг ч манайд хэрэглэж хэвшүүлж дадаагүй байна. Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар хүн амын 10 гаруй хувь нь л зориулалтын суудал хэрэглэдэг гэж гарсан байна.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт зам тээврийн ослын улмаас 180 хүний амь нас хохирсноос хурд хэтрүүлэх буюу онхолдох хэлбэрээр 82 хүний амь нас хохирчээ. Иймд нийт иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг хэтрүүлэхгүй байх мөн бага насны хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Эрхэм жолооч эцэг эх та бяцхан зорчигчийнхоо эрүүл мэнд амь насыг хамгаалах хариуцлагаа өндөржүүлж автомашинаар хүүхэд тээвэрлэхдээ дараах санамжийг заавал мөрдөөрэй.

Хэрэв та хүүхэдтэйгээ автомашинаар зорчих гэж байгаа бол дараах санамжийг баримтлаарай.

  • Хичнээн ойр зайд явах байлаа ч хүүхдийг суудлын бүсийг нь хийлгүй бүү тээвэрлэ
  • Хүүхдийг гартаа тэвэрч, эсвэл өвөр дээрээ суулгаж тээвэрлэх нь тийм ч тохиромжтой арга биш. Энэ нь гаднаас нь харахад хамгийн аюулгүй арга мэт санагдавч автомашин огцом тоормослох үед байдал эсрэгээр эргэдэг
  • Хүүхдийн зориулалтын аюулгүйн суудал 0-3 нас, 4-12 насныханд зориулагдсан байдаг. Хэрэв 12-оос дээш настай бол суудлын даруулгаа хийх ёстой.
  • 0-3 насны хүүхдээ та зориулалтын суудалд суулгасан бол заавал хойд талын сандал дээр хойшоо харуулан суулгаарай. Учир нь хойшоо харуулж суулгасан үед хүүхэд гэмтэх бэртэх эрсдлээс бараг 100 хувь сэргийлж чаддаг байна
  • Хүүхдийг зориулалтын тусгай суудалд суулган, бүсээр нь даруулж тээвэрлэх нь аюулгүй юм шүү


Сэтгэгдэл

пааах [153.232.9.51] 2020-07-03 01:08:38

торгууль болон эрх хасалт ын хугацаа маш бага байна... японд бол 2 жилээр үг дуугүй хасуулдаг...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.