Б.Батдулам: Энэ оны төгсөгчид төрийн удирдлага, бизнесийн удирдлага, компьютерын сүлжээ гэсэн мэргэжлүүдээс түлхүү сонгон элсэж байна

Н.Баярмаа / Боловсрол

Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг ЭЕШ-ыг орон даяар энэ сарын 2-5-нд зохион байгуулж дууслаа.Улсын хэмжээнд энэ онд 30 мянга гаруй хүүхэд шалгалтанд оролцов. Энэ удаагийн ЭЕШ “COVID-19” тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтын байруудыг нийслэлд 43, орон нутагт 42 нийт 85 шалгалтын байруудыг нэмэгдүүлэн зохион байгуулж халдварын эрсдэлээс хамгаалах олон арга хэмжээг авсан гээд олон онцлогтой байлаа. Ингээд бид монгол улсын хамгийн том аймаг болох Төв аймагт ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулсан талаар Улаанбаатарын их сургуулийн элсэлт хариуцсан багш Б.Батдуламтай ярилцлаа.

-Төв аймгийн түвшинд нийт хичнээн суралцагч ЭЕШ өгөв. Цаг үеийн нөхцөлтэй холбоотой онцлог арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгууллаа гэж та дүгнэв?

-Төв аймгийн хэмжээнд 775 гаруй төгсөж байгаа юм байна. Нийт 27 сумтай том аймаг. Эдгээр сумдынхаа нийт элсэгчдийг хоёр том дунд сургууль дээрээ хуваагаад Хүмүүн цогцолбор сургуулийн А,Б байр гэсэн хоёр газар шалгалтаа авлаа. Элсэгчдээ шалгалт авах байрандаа урьдчилан хувиарласны дагуу шалгуулагчид шалгалт өгөх тус тусын байран дээр шалгалтаа өгсөн. Тиймээс олон хүний бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл үүссэнгүй. Дүрэм журмын хүрээнд амжилттай болж өндөрлөж байна.

-Коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зэрэг олон “даалгавартай” ЭЕШ болж өнгөрлөө шүү дээ?

-Энэ жил Ковид-19 халдвартай холбоотойгоор Төв аймгийн хэмжээнд ЭЕШ зохион байгуулсан сургуулиуд хатуу дэг журамтай байсан. Шалгалтын байрууд руу зөвхөн элсэгчдийг тодорхой хяналт шалгалт хийж ариутгалын цэгээр дамжуулан дотогш нэвтрүүлж байлаа. Элсэлт зохион байгуулагч их дээд сургуулиуд ч үйл ажиллагаагаа олон нийтийг цуглуулсан хэлбэрээр зохион байгуулахгүй гэсэн дүрмийн хүрээнд зохион байгуулалт сайтай оролцсон. Их дээд сургуулиудын элсэлтийн комиссууд зар сурталчилгаагаа олныг цуглуулж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр тодорхой цэгт байрлуулах зэргээр дүрэм журмыг хүндэтгэж ажиллалаа.

-Энэ оны төгсөгчид танхимын хичээлээр шалгалтандаа бэлтгэх боломжгүй болсноос хичээлийн жилийн ихэнх хугацаандаа цахим хэлбэрээр бие даан суралцсан. Энэ байдал хүүхдүүдийн шалгалтын амжилтанд хэр нөлөөлөх шиг танд ажиглагдав?

-Элсэлт авч байгаа бидний хувьд хүүхдүүдийн авсан онооны мэдээлэлтэй нэлээд ойр байна л даа. Ковид-19 –өөс шалтгаалаад танхимын хичээл бага үзсэн нь шалгуулагчийн амжилтанд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хүүхдүүдийн онооны байдлаас харахад дундаж хангалтгүй байлаа гэсэн бага зэргийн асуудлууд ажиглагдаж байлаа. Энэ жилийн ЭЕШ-ын онооны хувьд аймаг аймгаараа харилцан адилгүй байх тохиолдол байна. Яагаад ийм байна вэ гэхээр тухайн аймгаас хамгийн өндөр оноо авсан сурагчийн оноо болон хамгийн бага оноо авсан хүүхдийн оноо аймгаараа бага гарах, дүгнэгдэх нөхцөл үүссэнээс тэр юм. Анхны оноо гэдэг нь шалгуулагч хүүхдийн гүйцэтгэлийн оноо гэсэн үг. Тухайн аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагчийн онооноос хамаараад хэмжээст оноо тооцогдоно. Тэгээд хамгийн өндөр буюу 800 оноо авсан сурагч байх юм бол хэмжээст онооны хувь нь бага тооцогдоно. Жишээлбэл, хамгийн дээд оноотой хүүхэд 700 гаран оноотой шалгагдсан тохиолдолд бага оноотой хүүхдүүдийн оноо харьцангуй өргөгдөж гарч байгаад хүүхдүүдийн зүгээс дургүйцэх, гомдлыг нь төрүүлэх зэргээр нөлөөлөв үү гэж ажиглалаа.

-Шалгуулагчдын зүгээс гаргасан санал гомдол байв уу?

-Төв аймгийн хэмжээнд ямар санал гомдол гарсныг шалгалтын комисст орж ажиллаагүй учраас тодорхой хэлэх боломжгүй байна. Энэ жилийн шалгуулагч хүүхдүүд гар утас болон дагалдах бичгийн хэрэгсэл зэргийг авч орох боломжгүй байсан. Үүнтэй холбоотойгоор танхим дотроос хариултын хуудас бөглөх харандааг нэгдсэн журмаар тараасан байсан. Гэтэл харандаа баллуур хүүхдүүдийн тоогоор хүрэлцээгүйгээс гадна шаардлага хангасангүй гэсэн гомдлыг хүүхдүүд нэлээдгүй хэлж гарч ирлээ. 10 хүүхдийн дунд 7 харандаа байсан гэх зэргээр ярих хүүхдүүд олон байлаа. Энэ нь эргээд тогтсон цагт багтаан сорил гүйцэтгэх ёстой хүүхдүүдэд харандааны араас хөөцөлдөх хэрэгтэй болсон гэх зэргээр дотоод зохион байгуулалтын бага зэрэг алдаанууд гарав уу гэсэн ойлголтыг төрүүлсэн.

-ЭЕШ бол мэргэжил сонголттой шууд хамааралтай шалгалт байдаг. Тэгэхээр хүүхдүүд ямар хичээлийг сонгож шалгалтанд оролцож байгаагаас их дээд сургуульд суралцах мэргэжлүүд тодорхойлогддог. Тухайлан танай сургуульд элсэгч хүүхдүүд ямар мэргэжлээр илүүтэй элсэж байна вэ?

-Улаанбаатарын их сургуулийн хувьд энэ жил нийт 42 мэргэжлээр оюутан элсүүлж байна. Энэ жил хүүхдүүд төрийн удирдлага, бизнесийн удирдлага, компьюторын сүлжээ гэсэн мэргэжлийг сонгон нэлээд түлхүү элсэж байна. Нийт хүүхдүүдийг ямар төрлийн шалгалтыг сонгон шалгуулж байна вэ гээд анзаарвал математик, нийгэм, англи хэл гэсэн хичээлүүдээр шалгалт өгч байгаа нь ажиглагдаж байлаа.

Хөдөлмөрийн зах зээлд илүүдсэн болон дутаж байгаа мэргэжил сонголтын асуудлууд яригдсаар байна. Улаанбаатарын их сургууль элсэгчдээ эрэлтэд нийцсэн мэргэжлээр суралцуулах талаар ямар бодлого барьж ажилладаг вэ?

-Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн зүгээс монгол улсад эрэлттэй топ 10 мэргэжлийн жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргаж ажилладаг юм. Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр бүх төрлийн инженерийн мэргэжлүүд хэрэгцээтэй байна. Жишээлбэл, геофизикийн инженер,үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер, сэргээгдэх эрчим хүч,компьюторын сүлжээ сүлжээний аюулгүй байдлын инженерүүд гэх зэрэг дэлхийд эрэлттэй мэргэжлүүд манай улсын хөдөлмөрийн зах зээлд ч мөн эрэлттгэй байдаг. Мэргэжил сонголтын тухайд суралцагч оюутны эрхийн асуудал учраас сургуулийн сургууль чиглүүлэх гэхээс илүү элсэгч хүүхдүүд өөрсдөө сонгочихсон байдаг л даа. Өмнөхтэй харьцуулахад мэргэжил сонголтыг гэр бүлийн хүрээнд элсэгч оюутан өөрөө нэлээд нухацтай шийддэг болсон болов уу гэж бодож байна.

-Энэ жилийн онцлогтой холбогдсон гарсан цахим сургалт, шалгалтыг багш хүний нүдээр юу гэж харав?

-Хорио цээрийн үед явагдсан цахим сургалтын хэлбэрийг монголын боловсролын системд гарч байгаа өөрчлөлтийн нэг гэж харж байна. Танхимын хичээл л сайн гэсэн ойлголтыг халж онлайнд суурилсан сургалтыг хүлээн зөвшөөрөх эхлэл тавигдлаа гэж олзуурхаж байгаа шүү. Би өөрөө компьюторын багш мэргэжилтэй хүн. Энэ үүднээсээ цахим сургалт онлайн хичээл дэлхий нийтэд ямар өндөр хөгжиж байгаа вэ гэдгийг өдөр тутам харж мэдэрч байдаг. Тэр түвшинд хөгжүүлж байгаа монгол сургуулиуд ч байна. Онлайн сургалтын хэлбэрийг хөгжүүлж хүлээн зөвшөөрснөөр бид цаг хугацаа орон зайд баригдахгүйгээр өргөн хүрээнд хөгжих боломж нээгдэж байгаа юм.


Сэтгэгдэл

Kimber [5.157.8.20] 2020-07-07 03:59:08

My family members all the time say that I am killing my time here at web, but I know I am getting familiarity daily by reading thes fastidious posts. https://historydb.date/

нар [202.179.15.3] 2020-07-06 10:37:10

яагаад бэлдэж байсан сэдвээс ирээгүй юм бэ огт бэлдэж байгаагүй сэдэв ирсэн гомдолтой байна шүү холбогдох байгууллага болон боловсролын яам үүн дээр анхаарах хэрэгтэй байлаа. Хичээл бараг ороогүй хавар хэд хоног л давтлага орсон олон эцэг эхчүүд гомдоллож байна шүү

Зочин [66.181.161.117] 2020-07-06 07:35:50

баахан төрд орж дарга болно гэсэн нөхдүүд ха ха


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.