Б.Бат-Эрдэнэ: Шинжилгээ өгсөн хариу аваагүй байгаа учраас хэлж чадахгүй

Б.Лхамаа / Нүүр

Монгол Улсын Энхийг сахиулагчид “COVID19” халдвар авч хүнд нөхцөл байдалд байна гэх мэдээллийн мөрөөр...

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай улсын 10 дугаар баг буюу энхийг сахиулагчид өнгөрөгч 2019 оны аравдугаар сард эх орноосоо морджээ. Тэгвэл тэдний энхийг сахиулах ажиллагаа дуусч энэ оны дөрөвдүгээр сард эх орондоо ирэх ёстой байсан гэнэ. Гэтэл өнөөдөр энхийг сахиулагчдын эх орондоо ирэх хугацаа гурван сараар хойшлогдоод байгаа аж. Ийнхүү хугацаа хойшлогдсон нь энхийг сахиулагчдаас коронавирусын халдвар илэрч эхэлсэн гэсэн мэдээлэл ар гэрийнхэнийг нь айдаст автуулаад байна. Афганистанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулах 10 дугаар баг бүрэлдэхүүнд 120 орчим зэвсэгт хүчний алба хаагчид байгаа юм байна. Одоогоор 7-8 энхийг сахиулагчид коронавирусын халдвар илэрсэн гэсэн мэдээлэл байгаа аж. Хамгийн ноцтой нь эдгээр алба хаагчдын мэдээллийн нууцыг чанд хадгалахыг үүрэгдэж, мэдээллийг гадагш задруулахгүй байлгахын тулд тэдний харилцаа, холбоо гэхчилэн бүхий л зүйлийг нь тасалдуулж ар гэрийнхэнтэйгээ хүртэл холбоо барихгүй удаж байгаа талаар энхийг сахиулагчдын ар гэрийнхэн хэлж телевизийн редакцид хандсаар байгаа гэв. Манай улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах үйл ажиллагаанд нэгдэж өнөөдрийг хүртэл 17 мянга гаруй цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

Энэ асуудал одоо хэрхэн өрнөж байгаа вэ. Үнэхээр манай улсын энхийг сахиулагчид коронавирусын халдвар авсан бол тэнд эмчилгээ үйлчилгээ нь хэрхэн хийгдэж байгаа бол. Хэзээ монгол улс энхийг сахиулагчидаа эх оронд нь авчирч эмчлэх вэ гэсэн асуултад Зэвсэгт хүчний Жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Б. Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч алба хаагчид энэ оны 4 сард эх орондоо ирэх ёстой байсан. Гэтэл 3 сар хойшиллоо яагаад хойшлох болсон юм бол?

Б.Бат-Эрдэнэ:-Энхийг сахиулагчид 4 сард ирэх ёстой байсан юм биш. Ташаа мэдээлэл байна. Нийтдээ Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ болон олон улсын ажиллагаанд 1300 орчим цэргийн алба хаагч дэлхийн 6 улсад үүрэг гүйцэтгэж байгаа. Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бүрэлдэхүүн үүргээ хүлээлгэж өгөөд эх орондоо буцаж ирэх нислэгээ хүлээж байгаа. Нислэгийн хуваарь одоохондоо тодроогүй байна.

-Дараагийн ээлжийн бие бүрэлдэхүүн оччихсон байгаа. Эдгээр алба хаагчид ирэх хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихсөн гэсэн зүйлийг ар гэрийнхэн нь ярьсан байгаа шүү дээ.

Б.Бат-Эрдэнэ:-Хуваарийн дагуу явж байгаа. Цэргийн багийн ээлж хүлээлцэх асуудлыг дэлгэрэнгүй өгөх боломжгүй.

-Хичээн алба хаагчид явсан бэ. Тэнд байгаа энхийг сахиулагч алба хаагчид хил хаалттай эх орондоо ирж чадахгүй байгаа, дээрээс нь халдварт цах тахлын улмаас дотроосоо өвчилсөн мэдээлэл байна.

Б.Бат-Эрдэнэ:- НҮБ болон дэлхийн 6 улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид бүгдээрээ Улсын Онцгой комисс, ЭМЯ, БХЯ, Жанжин штабаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна тухайн ажиллагааг удирдаж байгаа НҮБ болон бусад ажиллагааг удирдаж байгаа нэгдсэн штабуудаас гаргасан коронавирусын халдвараас сэргийлэх заавар зөвлөмжүүдийг дагаж хэрэгжүүлдэг. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн цаанаас тавьж байгаа шаардлагын дагуу эх орондоо 14 хоног тусгаарлагдаж байгаа. Мөн буцаж ирж байгаа бүрэлдэхүүн тусгаарлагдаж халдвараас сэргийлэх арга хэмжээ авсаны дараа тээвэрлэгдэж ирж байгаа. Хил хаалттай байна гэсэн шалтгаан байхгүй. Мэдээж тусгай үүргийн нислэгээр цэргийн багаа сольж байгаа учраас явах нь яваад ирэх нь ирж байгаа.

-Тусгаарлагдах үйл явц иргэдэд сонин биш байна. Яагаад гэвэл энхийг сахиулагчдаас коронавирусын халдвар тээгч 7-8 алба хаагч 2-3 хоногийн өмнө илэрсэн гээд байна.Энэ хугацаанд хэдэн алба хаагчид нэмж халдвар илрэв. Яагаад энэ алба хаагчдыг мэдээллийн нууцлалыг чандлан хадгал гэсэн үүрэг даалгавар өгсөн юм бол?

Б.Бат-Эрдэнэ:-Тэр мэдээллийг авсан хүнээсээ тодруулсан нь дээр байх. Ер нь шинжилгээ өгсөн, тусгаарлалтанд байгаа. Эх орондоо ирэх нислэгээ хүлээж байна. Одоогоор шинжилгээний хариунд тэгсэн ингэсэн гэсэн асуудал байхгүй байна.

- Халдвар аваагүй гэж та бардам хэлж чадах уу?

Б.Бат-Эрдэнэ:-Шинжилгээ өгсөн хариу аваагүй байгаа учраас хэлж чадахгүй.

-Шинжилгээний хариу монгол руу ирээгүй гэж ойлгох уу?

Б.Бат-Эрдэнэ:-Гараагүй байгаа

- Энэ мэдээллийг хэд хэдэн хүн ар гэрийнхэндээ өгч байгаад холбоо сураг нь тасарсан гэсэн мэдээлэл байна. Ар гэрийнхэн нь бас манай редакцид хандаж байна. Яагаад мэдээллийн нууцыг хадгал гэдэг үүрэг өгөөд холбоо харилцааг нь тасалсан юм бэ?

Б.Бат-Эрдэнэ:-Холбоо харилцаа таслаад боль гэсэн чиглэл өгсөн зүйл байхгүй. Ажиллагаа явагдаж байгаа газар орон нь ямар газар билээ. Улаанбаатарт байгаа шиг байнгын интернэттэй, байнгын утсан холбоотой байна гэж байхгүй. Тийм учраас ар гэртэйгээ холбогдохгүй байж магадгүй. Зэвсэгт хүчний жанжин штаб өөрийнхөө шугамаар бүх бие бүрэлдэхүүнтэйгээ холбоотой өдөр тутам мэдээ мэдээллээ аваад удирдамж чиглэлээ өгөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Хэзээ энхийг сахиулагчид эх орондоо ирэх вэ?

Б.Бат-Эрдэнэ:-Тусгаарлалтын хугацаа дуусаад нислэгийн тов тодорсны дараа эх орондоо ирнэ.

-Нислэгийн тов тодорхойгүй байгаа гэж ойлгож болох уу?

Б.Бат-Эрдэнэ:-Одоогоор нислэгийн тов гараагүй байна. Дамжин нисэх олон улсуудын зөвшөөрөл гэж байгаа. Яг төдийд ирнэ гэсэн дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Хэрвээ шаардлагатай гэвэл ар гэрийнхэн нь Зэвсэгт хүчний Жанжин штабт ирж мэдээллээ тодруулах боломжтой.

-Хэрвээ халдвар авсан алба хаагчийн ар гэрийнхэн ирээд тодруулга авбал тухайн алба хаагчид хариуцлага тооцох уу?

Б.Бат-Эрдэнэ:-Тийм юм байхгүй. Тийм дүрэм журам байхггүй.

-Ямар ч байсан коронагийн халдвар авсан гэсэн нь нотлогдсон шинжилгээний хариу манай улсад ирээгүй гэж ойлгож болох уу?

Б.Бат-Эрдэнэ:-Шинжилгээний хариу нь гараагүй байгаа.

-Гарсан гэдгий нь мэдсэн мэдээлсэн тохиолдол байвал яах вэ.Танай байгууллага мэдээллийг нуун дарагдуулсан байж болох уу?

Б.Бат-Эрдэнэ:-Тийм зүйл байхгүй.

-Ар гэрийнхний зүгээс халдвар авсан алба хаагчид огт эмчилгээ хийгдэхгүй байна. Эх орон нь хүлээж авахгүй байгаа учраас тэнд өвчин тусч байна гэж байгаа л даа.

Б.Бат-Эрдэнэ:-Ар гэрийнхэн нь манайхаас ирж мэдээллээ тодруулах боломжтой.Ар гэрийнхэнтэй нь уулзаж мэдээлэл өгч болно.

-Тэнд эмчилгээ явагдаж байгаа юу?

Б.Бат-Эрдэнэ:- Өвчин гарсныг хэн баталж байгаа юм бэ?

-Баттай эх сурвалж хэлээд эмчлэгдэхгүй байгаад байвал яах вэ. Магадгүй энхийг сахиулагчид маань харь оронд эрсдэхэд хүрвэл хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ?

Б.Бат-Эрдэнэ:-Энэ мэдээллийг авсан хүмүүс нь, ар гэрийнхэн нь асуудалтай байгаа бол Жанжин штабаас ирж тодруулж болно.

-Зөвхөн ар гэрийнхэнд нь мэдэлээл өгөх юмуу. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөхгүй юу?

Б.Бат-Эрдэнэ:-Ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал өгч болно. Хэвлэл мэдээлэлд өгч болох мэдээллээ танд өгч байна.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гээд байна л даа

Б.Бат-Эрдэнэ:-Тийм дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Эх сурвалж:ТВ4