Э.Амарбаясгалан эмчийн зөвлөгөө: Тулай өвчний талаар

Aдмин / Эрүүл мэнд

Монгол улсын хүн амын дундах 40-өөс дээш насны эрэгтэй хүмүүст элбэг тохиолдох болсон бодисын солилцооны багц хямралын алдагдлаас болж үүсдэг үе мөчний өвчин болох тулай буюу подагра/Gout/ өвчний талаар мэдээлэл бэлтгэлээ.

Тулай буюу Подагра/Gout/ нь удамшлын суурин дээр бодисын солилцооны багц хямралаас болж уургийн солилцоо алдагдаж цусан дахь пурины солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох шээсний хүчил/uric acid/ ихсэж үе болон үений ойролцоох эдэд уратын давс хуримлагдан үрэвсэл үүсдэг үений өвчин юм. Ихэвчлэн 40-өөс дээш насны эрэгтэйчүүдэд тохиолдох ба ховор тохиолдолд 60-аас дээс насны эмэгтэйчүүд тулай өвчинөөр өвчилдөг байна. Судалгаанаас үзвэл хүн амын дунд тулай өвчиний үрэвсэл 1000 эрэгтэйчүүдэд 50 тохиолдол, 1000 эмэгтэйчүүдэд 10 тохиолдол бүртгэгдсэн ба жилдээ 1000 эрэгтэйчүүдэд 3 шинэ тохиолдол байхад эмэгтэйчүүдэд 0-1 шинэ тохиолдол гардаг байна.

Анхдагч тулайд нөлөөлөх халгайт хүчин зүйлс:

image

  1. Хүйс: Эр>Эм 7:1
  2. Нас: >40
  3. Таргалалт
  4. Удамшил
  5. Архины хэрэглээ
  6. Бөөрний эмгэгшил, дутагдал
  7. Артерын даралт ихсэлт

Уратын давсны талст нь маш хурц ирмэгтэй бөгөөд зөөлөн эд болон үений уутыг гэмтээж үрэвсүүлдэг ба маш хурц өвдөлт өгдөг өвчин юм.Энгийнээр тайлбарлавал мянган ширхэг зүүгээр нэг дор хатгасантай ижил өвдөлдийг мэдрэх болно.

Нийт тохиолдлын 80%-д нь хөлийн эрхий хурууны нэгдүгээр үенд үрэвслийн процесс явагддаг. Учир нь цусны урсгал удааширч, зогсонгишилт үүсэхэд буюу шөнө унтаж байх үед талст үүсэж эхэлдэг бөгөөд хамгийн цусан хангамж багатай хөлийн эрхий хурууны 1-р үед илэрдэг ба архагшиж эмчлүүлэхгүй цаг хугацаа алдсаны улмаас шагай, өвдөг, тохой, бугуй, мөрний үе болон үений ойролцоох эдэд үрэвсэл явагдаж эхэлнэ.

image

Тулай өвчин нь удамшлын суурин дээр явагдах боловч тухайн хүний амьдралын хэв маягаас 100% шалтгаалдаг байна. Бид бүхний өвөг дээдэс асар өндөр хоол зүйн мэдлэгтэй байсан ба жилийн 4н улиралд өөрийн бие махбодид тохируулан маш тохиромжтой хооллодог байсан юм. 21-р зуун гарч бүх юм даяарчлагдан хөгжин дэвшиж байгаа боловч энэ үнэт өв уламжлал бага багаар алдагдаж өнөөгийн хүн ардын хоолны хэв маяг маш буруу зүйлрүү шуурах болсон тул Монгол улсын иргэдийн дийлэнх нь мах болон архины өндөр хэрэглээтэй байгаа бөгөөд биеийн жингийн илүүдэлээр Ази тивд тэргүүлэх болсон нь энэ өвчин үүсэх эрсдлийг бий болгож байна.

image

Энэ өвчнийг эмчлэхэд хувь хүн талаас дэглэм их шаардагдах ба малын дотор гэдэс, өөх тос ихтэй хоол хүнс болон түргэн хоол, архи болон хийжүүлсэн ундаа мөн далайн гаралтай хоол хүнснээс татгалзах шаардлага гарах бөгөөд дасгал хөдөлгөөн хийж биеийн жинг хэвийн түвшинд барих шаардлагатай. Энэ өвчний үед шээсний хүчлийн ялгаралт болон гаралтыг сайжруулах эм болон шээсний хүчлийн үүсэлтийг багасгах эмэн эмчилгээг ашиглах ба манай эмнэлэгт тус өвчний үед маш сайн үр дүнтэй хануурын аргыг ашиглаж байгаа бөгөөд дадлага туршлагатай уламжлалтаын эмчтэй хамтран ажиллаж байна. Мөн эмэн эмчилгээг зарим хүмүүс хамгийн уртдаа 1 сар уугаад орхих тохиолдол маш их бөгөөд эдгэхгүй байна өвдөөд байна гэж дахин хандах тохиолдол бий. Хамгийн гол нь эмэн эмчилгээг маш удаан хугацаанд хийх ба 1-2 жилийн хугацаанд эм тогтмол уух ёстой.

Ингэснээр цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх ба мэдрэлийн хугацааг холдуулах болон төгс намжмал үерүү шилжүүлнэ.

Эх орны эрхэмлэн хайрлаж нандигнах зүйл бол ард түмэн иргэд үйлчлүүлэгч та бүхэн бөгөөд иргэд та бүхний эрхэмлэн нандигнан хайрлах зүйл бол эрүүл мэнд гэдгийг маш сайн ойлгоосой гэж нийт эмч болон эмнэлгийн ажилтнуудынхаа өмнөөс хүсэж байна.

Та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.