ОХУ дэлхийн 13 оронд агаарын хилээ сэргээх санал гаргав

Н.Баярмаа / Гадаад мэдээ

ОХУ-ын эрүүл мэндийн яамнаас Монгол, Европын холбоо, Хятад зэрэг дэлхийн 13 орон руу олон улсын нислэгээ сэргээх санал гаргасныг “RBC news” сайтад мэдээлжээ.

Коронавирусийн цар тахлаас болж ОХУ нь өнгөрсөн гуравдугаар сарын дундаас эхлэн олон улсын бүх нислэг, галт тэрэгний үйлчилгээг зогсоосон юм. Харин халдварыг дотооддоо алдаагүй Монгол Улс болон тархалтыг зогсоож чадсан Хятад, Европын холбооны есөн улс, Шри-Ланк, Вьетнам улсууд руу олон улсын нислэгээ сэргээхэд боломжтой гэж Роспотребнадзор байгууллагаас санал болгосон байна.

Одоогоор зарим орон руу олон улсын нислэгээ сэргээх нь санал төдий байгаа бөгөөд Оросын Засгийн газраас хэлэлцэж байж шийдэх аж. Саналыг Роспотребнадзор байгууллагаас Оросын Гадаад хэргийн яам, Тээврийн яам, агаарын тээврийн удирдах газар руу илгээжээ. Өмнө нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Роспотребнадзор байгууллага, Гадаад хэргийн яам, Аялал жуулчлалын агентлаг, Аэрофлот агаарын тээврийн компанийн төлөөлөгчид уулзаж олон улсын нислэгээ сэргээх тодорхой хугацааг хэлэлцсэн аж.

Одоогоор ОХУ нь олон улсын хилээ хэзээ нээхийг мэдээлээгүй байна. Гэхдээ ОХУ-ын агаарын тээврийн удирдах газраас мэдээлэхдээ олон улсын нислэгийг хориглсон шийдвэрээ наймдугаар сарын 1 хүртэл сунгасан байв. Харин Оросын аялал жуулчлалын агентлагийн дарга Маяа Ломидцын мэдээлснээр олон улсын нислэгийг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр нээх магадлалтай гэнэ.