Дэлхий нийтэд Covid-19 халдварын тохиолдол 15 саяд хүрлээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Covid-19 вирусийн цар тахал дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 15.3 сая хүн халдвар авснаас 9.3 сая хүн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эдгэсэн бол 625 мянга 360 хүн хорвоог орхиод байна.

Цар тахал сүүлийн өдрүүдэд маш эрчимтэй дэгдэж байгаа бөгөөд математик тооцооллоор дэлхийн таван хүн тутмын нэг нь буюу 1.7 тэрбум хүн Covid-19-р өвчлөх магадлалтай гэсэн судалгаа гарсан. Тэр дундаа 65 –аас дээш насны хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байгаа юм. Харин Монгол Улсад 32 мянга гаруй хүн Covid-19-р өвчлөх магадлалтай гэсэн тооцоо гарчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн дахинд нийт 276 мянга 383 шинэ тохиолдол, 6843 нас баралт нэмж бүртгэгджээ.

Халдварын тохиолдлоор сүүлийн саруудад АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк, ОХУ зэрэг тэргүүлж байгаа. Тодруулбал, АНУ-д хоногт 69 мянга 909 шинэ тохиолдол, 1154 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улс нь 50 сая гаруй иргэнээ коронавирусийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 4 саяд хүрснээс 146 мянга гаруй хүн нас барж, 1.9 сая хүн эдгэжээ. АНУ-д 2 сая гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас 16 мянган хүний биеийн байдал хүнд байна.

Бразил улсад хоногт 65 мянга 339 шинэ тохиолдол, 1293 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улс нь 4.9 сая хүнээ коронавирусийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 2.2 саяд хүрчээ. Үүнээс 82 мянга 890 хүн нас барсан бол 1.5 сая хүн эдгэжээ. Бразил өнөөдрийн байдлаар 616 мянган хүн эмчлүүлж байгаагаас 8318 хүний биеийн байдал хүнд байна.

Энэтхэг улсад халдварын тохиолдол буурахгүй байна. Тус улсад нийт 1.2 сая хүн коронавирусийн халдвар авч, 29 мянга 890 хүн амиа алдаж, 784 мянга 266 хүн эдгэрсэн үзүүлэлтээр дэлхийд гуравт бичигдэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 45 мянга 599 шинэ тохиолдол 1120 нас баралт бүртгэгдэв.

ОХУ-д 5862 шинэ тохиолдол 165 нас баралт бүртгэгдлээ. Тус улс 25 сая хүндээ коронавирусийн шинжилгээ хийсэн бөгөөд нийт тохиолдол 789 мянга 190-д хүрснээс 12 мянга 745 хүн амиа алдаж, 572 мянга 53 хүн эдгэсэн. Өнөөдрийн байдлаар ОХУ-д 425 мянга 528 хүн эмчлүүлж байгаагаас 8944 хүний биеийн байдал хүнд байна.