БШУЯ сайд Л.Цэдэвсүрэн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаа

Д.Тулга / Орон нутаг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020-2021 оны хичээлийн жилийн явц, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хичээл, сургалтын үйл ажиллагаатай танилцах, засвар, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төв, зарим суманд ажиллав.

Сэлэнгэ аймгийн хувьд “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед аймгийн төвийн найман сургуулийн 5754 сурагчийг 351 дэд бүлэг болгон 3 өдөр танхим, 2 өдөр цахимаар хичээллэж байгаа аж. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1, 2, 4 дүгээр сургууль болон 4 дүгээр цэцэрлэгийн удирдах ажилтан, багш ажилчдын төлөөлөлтэй уулзаж, зарим ангийн хичээл, сургалт болон сурагчдын дотуур байр, гал тогоо, багш хөгжлийн төв, лаборатори, биеийн тамир, спортын заалны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцав.

Салбарын сайд үргэлжлүүлэн Дархан-Уул аймагт ажиллаж, Дархан сумын ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй”, “Од” сургууль, 7, 29 дүгээр цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, сайдын А/17 тоот тушаалаар батлагдсан түр журмын хэрэгжилт, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн зохион байгуулалтын боломж, бэрхшээл, сайжруулах арга замын талаар ярилцав. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 27 сургууль байгаагаас долоо нь 3 өдөр танхимд, 2 өдөр цахим хувилбараар хичээл, сургалтаа явуулж байна. Эдгээр сургуульд 464 бүлгийн 16560 суралцагч суралцаж байсныг 920 дэд бүлэг үүсгэн зохион байгуулжээ.

Орон нутгийн хувьд замын түгжрэлгүй, анги дүүргэлт, ээлжийн коэфицент бага байдаг учраас хүндрэл бэрхшээлгүй байна, цаашид хэвийн горимд шилжүүлэхэд ариутгал, халдваргүйтгэлээ сайтар хийж, хэвшүүлсэн дэг журмаа сахиулаад явах бүрэн боломжтой талаар ярьж байна. Дэд бүлгийг 20-25 сурагчаар зохион байгуулсан нь хүүхэд нэг бүртэй тулж ажиллах хугацааг нэмэгдүүлж, бататгах хичээлийг үр дүнтэй болгож байгааг багш нар хэлж байв.

Орон нутагт ажиллах үеэрээ Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нартай уулзалт зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 19 зорилт, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, тэдний сонирхсон асуултад хариулав. Захирал, эрхлэгч нараас боловсролын бодлого, үйл ажиллагаа тогтвортой байх, сургуулийн өмнөх, бага дунд боловсролд инновац нэвтрүүлэх, багш бэлтгэж буй их, дээд сургуулиудын чанарт анхаарах, ашгийн бус хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийг дэмжих, насан туршийн боловсролын эрх зүйн орчныг шинэчлэх талаар санал хэллээ.

Уулзалтад БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцож, салбарын удирдах ажилтнуудын асуултад хариулж, нэмэлт мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл

зочин [103.212.119.114] 2020-09-15 03:20:44

Сайдад амжилт хүсье. Хурдан шуурхай шударга ил тод дайчин ажиллаарай. Боловсролын салбарыг улс төрөөс холдуулж шинэчлэл өөрчлөлтийн төлөө өөрийнхөөрөө улс төрийн шахалт дарамтгүйгээр ажиллаарай

Зочин [202.126.89.213] 2020-09-14 04:59:06

Tsedevee Saïd bolj bgaa yumaa ter Haltar gej amisgaa butehgui ee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.