Нэг цагт 300-500 кг хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүх аймагт нэвтрүүлж эхэллээ

Д.Тулга / Нүүр

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах, аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулах тухай тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад гардуулан өглөө. Энэхүү пресслэгч машинийг хүлээлгэн өгч, шаардлагатай сургалтуудыг явуулснаар хуванцар хог хаягдлыг төвлөрүүлэн тээвэрлэхэд томоохон ахиц гарахыг албаны хүмүүс онцолсон юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “ Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хоггүй цэвэрхэн Монгол гэдэг уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд жилд нийт 3.3 сая тонн хог хаягддаг бөгөөд үүний 1,4 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гардаг байна. Нийт хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог эзэлдэг. Хэдийгээр хуванцар болон лааз, хөнгөн цагаанууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэй байдаг. Тийм учраас пресслэгч машин нэн шаардлагатай байсан. Өнөөдрийг хүртэл энэ машин байгаагүйгээс хуванцар, лааз, хөнгөн цагаан, цаасны хог хаягдлыг томоохон шуудай, саванд хийгээд олон удаагийн тээвэрлэлтийг хийж төдий хэмжээгээр зардал их хэмжээгээр гарч байсан. Тэгвэл өнөөдөр гардуулж байгаа энэхүү машины тусламжтайгаар энэ асуудал шийдэгдэх юм. Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан хогны менежментийг сайжруулах эхний алхам хийгдлээ гэж ойлгож болно.”

Хуванцар хог хаягдал нь байгальд 200-400 жилийн хугацаанд задарч, хэрвээ шатаах тохиолдолд агаарт маш олон төрлийн аюултай бодис ялгаруулж байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд хог хаягдлын зохистой менежментийг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэвтрүүлж шинэ түвшинд гаргах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа юм. Хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаас, цаасан бүтээгдэхүүнүүдий хаягдалууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэйгээс Улаанбаатар хотруу олон удаа тээвэрлэх шаардлага үүсдэг байна. Хуванцар хог хаягдлын пресслэгч машиныг ашиглаж эхэлснээр аймаг, орон нутгууд хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг ихээр хэмнэх боломжтой болж байгааг хэлсэн юм.

Дундговь аймгийн БОАЖГ-ын дарга Н.Гантулга: “Манай аймгийн хувьд хог хаягдлыг дахин ялгахдаа хоёрдогч түүхий эдийг худалдаж авдаг иргэд Улаанбаатар хотруу тээвэрлэхэд их хүндрэлтэй байдаг. Учир нь овор хэмжээ ихтэй, байгаль орчныг ихээхэн бохирдуулах, олон удаагийн тээвэрлэлт хийх гэх мэт асуудлууд их байсан. Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэхүү пресслэгч машиныг аймгуудад гардуулан өгч байгаа нь нүдээ олсон шийдвэр гэж харж байна. Өмнө нь олон удаагийн тээвэрлэлт хийгддэг хуванцар хог хаядлыг нэг удаагийн тээвэрлэлтээр шийдэж чадах болсондоо баяртай байна.”

Уг хуванцар хог хаягдлыг нягтруулан шахах төхөөрөмжийг өнгөрсөн жил Хэнтий, Төв, Орхон, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад хүлээлгэн өгсөн юм. Харин өнөөдөр үлдсэн 16 аймаг болон гадаад дотоодын жуулчид ихээр аялдаг улсын тусгай хамгаалалттай 6 газар нутгуудад гардууллаа. Пресслэгч машин тус бүрийг 1 тонн прессийн төмөр утас дагалдах бөгөөд энэ нь нэг жилийн хэрэгцээг бүрэн хангах юм.

Булган аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантөмөр: “Булган аймгийн хувьд гарч байгаа нийт хог хаягдлын дийлэнх хувийг хуванцар сав, шил хоёр эзэлдэг. Зөвхөн энэ хоёрыг шийдэхэд л хогны асуудал ихээхэн хувиар буурна гэж бид харж байна. Өнөөдөр Булган аймаг хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг пресслэдэг машиныг хүлээн авлаа. Баяртай байна.”

Байгаль орчинд ээлтэй, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг, өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор бүтээгдсэн уг төхөөрөмж нь хуванцар болон хөнгөн цагаан лааз, бүх төрлийн цаас пресслэх олон төрлийн ажиллагаатай юм. Мөн дунджаар цагт 300-500 кг хог хаягдлыг пресслэх хүчин чадалтай бөгөөд төхөөрөмжийг хаана ч байрлуулах боломжтой.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:47:21

uvOz5n http://pills2sale.com/ levitra nizagara

111 [124.158.120.10] 2020-09-15 01:41:18

Одоо энэ хаягдалаа урагшаа гаргах биш монголдоо бүтээгдэхүүн болгох үйлдвэртэй болох...

Зочин [64.53.213.82] 2020-09-14 13:31:16

sain baina good job

Мко [172.58.229.160] 2020-09-14 12:59:51

Сайн байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.