Т.Гончигсум: Багшийг багш болгох ажлыг хийхгүй байгаа болохоор хүүхдүүд тоо, монгол хэлээ эзэмшиж чадахгүй байна

Aдмин / Боловсрол

Монгол хэл, уран зохиолын багш, дэд профессор, Т.Гончигсумтай ярилцлаа


-Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх “PISA” олон улсын үнэлгээгээр Монгол Улс чамлалттай байгаа мэдээлэл саяхан олон нийтэд түглээ. Гурван хүүхэд тутмын хоёр нь монгол хэлээр бичдэг ч түүнийхээ агуулгыг ойлгодоггүй, хоёр хүүхэд тутмын нэг нь математикийн бодлогоо бодож чаддаггүй гэж дүгнэжээ. Энэ бол ө нөөдрийн манай боловсролын чанар гэсэн үг. Яагаад бид ийм байдалд хүрчихэв. Ахмад багшийн хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шинэ цагийн боловсрол үүсч хөгжөөд 100 орчим жилийг туулж байна. 1990 он хүртэл социалист орнуудын сурган хүмүүжүүлэх ухаанаар гол баримжаа болгон хөгжиж байсан. 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжиж дэлхий нийтийн жишгээр сургалт явуулах болсон. Үнэндээ 1980-аад он бол Монголын боловсролын салбарын алтан үе гэж би хардаг. Ингэж хэлэхээр ч нөхцөл байдал өнөөдөр үүсчихлээ. Сургуулийн бүтцийн хувьд манайд алдаа гарсан. 11, 12 жил болгосон. Кембриджийн боловсрол л гэнэ.

Явж, явж эцсийн бүлэгтээ багш нарыг самарсан. Дээд боловсролын хувьд шинэчлэгдлээ гэдэг. Тогтолцоо нь хуучнаараа. Кредит цаг, багш нараа сонгодог зэрэг дэвшилттэй тал бий л дээ. Гол нь аргын шинэчлэл байхгүй. Хичээл зааж байгаа дээд боловсрол ч бай, сургуулийн өмнөх боловсрол ч бай хичээлийг заана гэдэг шал өөр зүйл байдаг юм шүү дээ. Ямар ч заах аргагүй багш нар хуучин аргаар заагаад байгаа юм. Эцсийн бүлэгтээ арга барилаа мэдэхгүй л хад мөргөдөг. Залуу багш нарыг дадлагажуулах, арга зүйг нь сайжруулах талаар олигтой зүйл хийхгүй, зөнгөөр нь явуулж байна. Өөрөөр хэлбэл, багшийг багш болгох ажил хийхгүй байна.

1980-аад оны боловсрол үүнийг л хийж байсан шүү дээ. Хичээлийн эрхлэгч буюу менежер бол өнөөдөр диспетчерийн үүргийг гүйцэтгэж байна. Уг нь тэр хүн дөнгөж төгсөөд ирсэн хүүхдийг нохой шиг дагаж байгаад бүх хичээл дээр нь сууж зааж зөвлөдөг, сургадаг юм. Ерөөсөө багш таван жилийн дотор л багш болохгүй бол хэзээ ч болдоггүй, оромддог. Өнөөдөр тэр тоо бодож чадахгүй, монгол хэлээ ойлгохгүй, хими, физикийн томьёогоо ухаж мэдэхгүй, синус гэж давтаад байхаас биш синус гэдэг юуг юунд харьцуулсан харьцаа болохыг хэлж өгдөггүй. Ийм зүйлээс л эхэлж байгаа юм. Залуу багш нарыг дадлагажуулах, арга зүйг нь сайжруулах талаар огт ажиллахгүй байна даа.

-Тэгэхээр өнөөдрийн энэ үр дүн багшийг багш болгох тогтолцоо муу байгаа гэсэн үг үү. Хүүхдэд асуудал байх уу?

-Хүүхдэд буруу байхгүй. Муу, сайн хүүхэд хамаагүй. Тэр цагаан цаасыг үзэсгэлэнтэй байгаль болгохыг багш л мэддэг. Бас дээр нь сайн багш, муу багш гэж байдаггүй. Сайн заах арга, муу заах арга гэж л бий.

Нөгөө талаар боловсролын гол судас бол сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн байсан юм. Үүнийг нэг хэсэг орхисон. Одоо дахин орон тоогоор ажиллаж эхэлж байна. Гэвч баахан ном үйлдвэрлэдэг л газраас цаашгүй. Багш нарыг багш болгох ажлын шаардлага хангаж ажиллаж чадахгүй байна. Яахав, нэг талаар багш нар идэвхгүй болж, нэр хүнд нь унасан зүйл бий л дээ. Сурагчдын идэвх зүтгэл буурсан, сурлагын чанар өгөөж муудсан. Зөв алдаагүй бичих явдал бараг үгүй болсон. Хэл соёл нь алдагдсан ч асуудал бий.

-Залуу үеийн хүүхдүүд өөр болсон. Аливаа хүлээж авах чадвар өөр өөр. Тиймээс томчууд, нийгэм тэдэнд зориулж арга барилаа шинэчилж байна шүү дээ. Тэгэхээр багш нарын заах арга барил ч өөрчлөгдөх үү?

-Ерөөсөө энэ бол эцсийн эцэст багшийн аргачлалаас шалтгаална. Нийгмийн орчин нөлөөлнө л дөө. Нэг ангид байгаа хүүхдийн тоо хэтэрсэн. Тэгэхээр ачааллаас болоод багш сурагч болж тоглолт хийж байгаа. Энэ бол багшийн буруу биш. Нийгмийн тогтолцооны буруу. Дээр нь эцэг эхчүүд хүүхдээ нийгэмшүүлж байгаа байдал муу. Сургуульд л даатгачихдаг. Цалин, ажил хоёрын хооронд явсаар хүүхдийг сургах хүмүүжүүлэх, хүн болгох ажлыг нийгмээрээ хийхгүй байна.

-Тэгвэл багш гэж ямар хүнийг хэлэх юм бэ, таныхаар?

-Багш гэдэг бол хамгийн гол нь тодорхой шинжлэх ухааны салбарт хамгийн сайн “мэргэжилтэн” байх ёстой. Хими, биологи, математик, техник, монгол хэл гэх мэт. Өөрөөр хэлбэл, энэ мэргэжлээр гаргууд хүн байх. Өнөөдөр манайд ийм хүн өдрийн од шиг байна. Дараа нь хүний оюун ухааныг судлагч байх ёстой. Ингэж Хүүхэд даалгавраа хийгээгүй хичээлдээ явахаар уйлдаг даа. Тэр чинь зөв. Сурах аргыг авчихсан хүүхэд тэгдэг. ажилладаг багш байхгүй. Өнөөдөр сурагч Цэцгээ ямар хүүхэд вэ, Дулмаа ямар хүүхэд вэ, сэтгэн бодох чадвар ямар вэ, бие бялдрын хөгжил, сэтгэл санаа нь юу билээ. Энэ мэтчилэн огт судалдаггүй. Багш бас сурагчдын авьяасыг нээн илрүүлэгч байх ёстой. Авьяас гэхээр дуу, хөгжим, зураг гэж ойлгохгүй. Авьяас гэдэг олон төрөл. Авьяастай байж л шинжлэх ухааныг судалдаг. Бүх шинжлэх ухааныг мэдэхийн тулд авьяасыг л хөгжүүлэх ёстой. Түүгээр зогсохгүй сургалтын үйл ажиллагаагаа чанартай, үр ашигтай, зохион байгуулагч байх ёстой. Мөн багш хүнээ хөгжүүлэх арга зүйг судалсан гарамгай технологич байх хэрэгтэй. Мөн хүүхдэд мэдлэг түгээх арга барилыг эзэмшүүлэгч. Заагч биш туслагч, зөвлөгч хамтран зүтгэгч, удирдан чиглүүлэгч л байх ёстой.

-Арай өндөр шалгуур биш үү?

-Тийм байж чанартай иргэн бэлдэнэ. Багш гэдэг тийм өндөр шаардлагуудтай. Өнөөдөр энэ зүйл байхгүй. Тийм болоод л дэлхий дээр ийм чанар хүртээд зогсож байгаа юм шүү дээ.

-Та заах арга зүй гэж онцолж ярилаа. Энгийнээр яривал багш ямар арга барилаар заах ёстой хэрэг вэ?

-Багшийн заах арга гэдэг бол сургах уу, төлөвшүүлэх үү гэдгээс эхэлдэг. Багш хүн хүүхдийг төлөвшүүлэх нийгэмшүүлэх ажлаа нэгдүгээрт хийх хрэгтэй. Нэгдүгээр ангид нь зөвхөн тоо, үсэг заах биш ээ. Хамгийн эхлээд нэгдүгээр ангийн хүүхэд “Би үүнийг заавал сурах ёстой юм байна. Миний үүрэг энэ юм байна” гэдэг үүргийг ухамсарлах үзлийг төлөвшүүлэх ёстой. Тэгэхэд сурахад амар. Хүссэн хүсээгүй би үүнийг заавал хийх ёстой гэдэг ухамсрыг хэлээд байна.

Хичээл заана гэж ярьдаг. Ингэхээр зарим багш нар бага цагт их мэдээлэл өгөхийг хэлж байна гэж ойлгоод байдаг. Энэ бол тийм биш. Хүүхдэд юуг яаж мэдүүлэх вэ, өөрөө өөртөө нээлт яаж хийх вэ гэдгийг сургах тухай юм. Тодорхой хэлбэл, хичээл заадаггүй, сурах аргыг зааж эзэмшүүлдэг хүнийг л багш гэдэг юм. Тийм л болох ёстой.

-Үүнийг бий болгох үүрэгтэй газар нь салбарын яам уу?

-Боловсролын яам энэ гажуудлыг яаж засах вэ гэдэг дээр яаралтай ажиллах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр уучлаарай, яаманд боловсролын чиглэлийн биш цүнх баригчид олон байгаа.

Эцсийн бүлэгт үүнийг засах гол хүмүүс Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн байх ёстой. Тэр бол монгол хэл, математик, хими, биологи зэрэг хичээлийг яаж заах вэ, сурах бичиг ямар байх ёстой талаарх судалгааг нийтээр нь аваад тэндээс гол үр дүнгээ цацаж байх ёстой газар. Дараа нь багш бэлддэг сургуулиуд ажиллах ёстой. Тэд өөрчлөгдөх шаардлагатай. Багшийг сургаж байгаа багш нь болоогүй, боловсроогүй байхад гараас нь багш гарахгүй шүү дээ. Одоо бол тухайн шинжлэх ухааны тухай ерөнхий мэдлэг сайн олгодог хүнийг л багш гэж хэлээд байгаа. Энэ маш буруу. Багш бэлтгэж байгаа сургуулиуд оюутнуудаа яаж дадлагажуулдгаас л харагдана. Бүтэн дөрвөн жилийн турш 45 хоногийн дадлага хийлгээд л явуулчихдаг. Ингээд багш болох уу, болохгүй.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:43

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:43

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Багш нарын өөрсдийнх нь суурь хүмүүжил юү вэ? [66.181.184.209] 2024-04-04 20:04:13

Монголын багш нар ер нь ямар шашин шүтлэгтэй хүмүүс вэ? Ямар ёс зүйгээр хүмүүжсэн хүмүүс байдаг вэ? Ардын хувьсгалынхаар уу, Буддын шашныхаар уу, Христийн шашныхаар уж? Эсхүл огт чиглэл байдаггүй юм уу? Багш нар тэгээд хүүхдэд ЮҮ заадаг юм бэ?

Зочин [66.181.187.248] 2024-04-04 19:05:05

Сургалтын төвүүд пин гээд юмийг сургачихна гэдэг болж


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.