Шинэ Каледон: Австрали, Шинэ Зеланд улс иргэд жуулчдаа татахаар онгоцоо илгээжээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын харьяан дахь Номхон далайн арлын улс Шинэ Каледонд сүүлийн сүүлийн хэд хоног үймээн самуун дэгдээд байна. Хэд хэдэн хүний амь эрсдэж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн ноцтой байдал үүссэн арлын энэ улсаас өчигдөр Австрали, Шинэ Зеланд улсууд иргэд болон жуулчдаа татан авахаар нисэх онгоцууд илгээсэн байна. Мөн Францын Ерөнхийлөгч биечлэн айлчлахаар болсон мэдээлэл ирж байна.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, сүүлийн олон хоног үргэлжилж байгаа хүч хэрэглэсэн үймээн самууны улмаас тус улсын нисэх буудлуудаас арилжааны бүх нислэг хаагдсан, 3200 шахам хүн гацсан байдалд байгаа бол, хэдэн зуун жуулчид хаашаа ч үгүй болсон мэдээтэй байгаа юм байна. Австралийн албаныхны мэдээгээр, Шинэ Каледонд 300 шахам австраличууд гацжээ. Улмаар австралийн гадаад хэргийн сайд Пэнни Вонг Францын эрх баригчидтай зөвшилцсөний үндсэн дээр 2 нислэг үйлдэхээр болсон байна. Францын парламент энэ арлын улсын Үндсэн хуулинд нутгийн уугуул иргэдийн дургүйцлийг төрүүлсэн өөрчлөлт оруулж баталсан нь энэ бослого үймээн дэгдэх нөхцөл болсон байна. Энэ өөрчлөлтөөр, Францаас голдуу олон тооны цагаачдыг тус арал руу шилжүүлж байрлуулах боломжтой болох учиртай байна. Мөн энэ арал улсад 10-с дээш ажил амьдарсан францын иргэдийг эндэхийн сонгуульд санал өгөх эрхтэй болгохоор тусгажээ. Үндсэн хуулийн ийм өөрчлөлт нутгийн уугуул канак иргэдийн саналыг хүчгүйдүүлнэ гэж Шинэ Каледонийг тусгаар тогтнуулах эрмэлзэлтэй хүчнүүд болгоомжилж байна.

Эндээс үүсэлтэй хүчирхийлэл үймээний уршгаар 6 хүн амь үрэгдэж, мөн дэлгүүр худалдаа үйлчилгээний байгууллагуудыг тонон дээрэмдэж, галдан шатаасан олон тооны хэрэг гарсан бол, замууд дээр хаалт хашилт байрлуулснаас болж хүнс, эм тариа зэрэг наад захын хэрэгцээт зүйлс худалдаж авах боломж хязгаарлагджээ.

Францын эрх баригчид төрийн байгууллагуудын хамгаалалтад цэргийнхнийг дайчлахаа мэдэгдсэн. Хэдийн 1000 гаруй цагдаа жандарм очсон ажиллаж байгаа юм байна. 1853 оноос Францын харьяанд орсон Номхон далайн энэ бүлэг арал Парисын хувьд газар зүй болон цэргийн стратегийн чухал байршил болохоос гадна цахилгаан машины гол эд анги зай хураагуурын үндсэн түүхий эд никелийн дэлхийд томоохон үйлдвэрлэгчид тооцогддог.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.