Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана гэв

М.Амаржаргал / Нийгэм

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангагдсан байх үүднээс энэ тухай мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүргэж байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дэд дарга Б.Мягмардорж нар мэдээлэл өглөө. Гамшгаас хамгаалах сургуулилтыг газар хөдлөлтийн аюул занал, цагийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах талаар мэдлэг олгох юм. Мөн нүүлгэн шилжих дадлага, сургуулилт хийнэ. Аливаа гамшиг, газар хөдлөлтийн чичиргээ болсны дараа барилга байгууламж, орон сууцны барилгаас ард иргэдийг аюулгүй цэг талбайд шилжин байрлах тухай зөвлөмжийг хүргүүлж энэ хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа бүх иргэд нүүн шилжих дадлага сургуулилтад хамрагдах аж.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 1990 оноос хойш гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг Нийслэл хотод зохион байгуулж байгаагүй. Сүүлийн үед Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдэж байгаа. Нийслэл хотыг бүхэлд нь хамарсан томоохон сургалтыг хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Тухайлбал,

Нэгдүгээрт: Нүүн шилжих дадлага сургуулилт. Энэ нь газар хөдлөлтийн үед орон сууцанд амьдардаг ард иргэд, аж ахуй нэгжүүдийг аюулгүйн цэг талбай дээр очиж байрлуулах юм. Ингэхдээ Улаанбаатар хотын бүх барилга байгууламж, орон сууц, аж ахуйн нэгжид байгаа хүмүүсийг нүүн шилжүүлэх хөдөлгөөнд оролцуулна. Тухайлбал, тухайн иргэн орон сууцнаасаа гараад ямар маршрутаар хэрхэн явж, аюулгүйн цэг талбайд очих вэ гэдгийг нь зааж гаргасан зөвлөмж хүргүүлэх юм. Сургалтад оролцохгүй аж ахуй нэгж гэж байхгүй бөгөөд тус сургуулилалт нь хагас өдөр үргэлжилнэ. Энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг ч хүртэл түр хугацаагаар хаана.

Хоёрдугаарт: Нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулилалт. Улаанбаатар хотод буй зургаан дүүргээс ямар нэгэн байдлаар сонгочихсон байх орон сууцны ард иргэдийг аюулгүйгээр аюулгүйн цэг рүү нүүн шилжүүлнэ. Тухайлбал, амралтын газар, аялал жуулчлалын цэгүүдийг сонгосон.

Гуравдугаарт: Томоохон нэгдсэн эмнэлгүүд болон төрийн цэргийн байгууллагын эмнэлгүүдийн хээрийн эмнэлгийг нээж үзнэ. Ингэснээрээ шат шатанд газар хөдлөлт болон болзошгүй аюулын үед авах арга хэмжээг зохион байгуулдаг талаарх туршлагыг суулгах юм. Бусад орныхон иймэрхүү томоохон сургалтуудыг их зохион байгуулдаг.

Мөн гэр хорооллын айл өрхүүдийг хэрхэн зохион байгуулалтад оруулж аюулгүйн 111 бүсэд очих маршрутыг хүртэл бэлдэхээр ажиллаж байна. Энэ удаагийн сургалтыг ард иргэдийнхээ оролцоон дээр тулгуурлан зохион байгуулна” гэв


Сэтгэгдэл

Би [103.229.122.130] 2019-02-18 09:39:56

Ууганбаяраа бүү сүржигнэ амьдралд ойрхон бай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.